Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  ЯАГААД ДЭЛХИЙ ӨВӨР МОНГОЛЧУУДЫГ ҮЛ ОЙШООНО ВЭ?
   
Ч.Мөнхбаяр
2023.10.25
 

 

 

 

 

Нэгэнтээ нэгдмэл байсан миний монгол үндэстэн өнөөдөр хуваагдмал байдалтай оршиж байна. Монгол үндэстний олонхи болох өвөр (өмнөд) монголчууд Хятадын коммунист намын уусгах, устгах бодлогын золиос болж, зовж зүдэрч байна.

Өвөр монголчууд гэдэг нь өнөөгийн БНХАУ-ын, ар монголчууд гэдэг нь Монгол улсын хилийн дотор оршин сууж буй уугуул монголчууд юм. Сүүлийн үед өвөр монголчуудыг өмнөд монголчууд гэж нэрлэх нь ихэсч байна.

Монголчууд хэзээ ч Хятад улсын харьяанд юм уу, хятадуудын ноёрхлын дор байгаагүй байсаар, 1912 онд Хятад улс тусгаар тогтнолоо зарлах цаг үетэй золгосон. Үүний дараа л Хятад улс, 1911 онд тусгаар тогтнолоо зарласан монголчуудын зарим газар нутгийг түрэмгийлэн эзэлж байсан.

1912 оноос өмнө хятадууд Чин гүрний (Манж Чин) харьяанд байсан. Чин бол гадаадынхны эндүүрдэгчилэн, Хятад улс биш юм. Чин улсын үед хятадууд өөрийн төр улстай байгаагүй, харин харийн ноёрхлын дор байсан юм.

Тийм болохоор “Монголчууд Хятад улсын бүрэлдэхүүнд байх ёстой” гэж мэдэгдэх нь үндэслэлгүй. Чингэх нь Энэтхэг улс: “Британий эзэнт гүрний харьяан дор байсан ард түмнүүд, нутаг дэвсгэр бол Энэтхэгийн иргэд, нутаг дэвсгэр байх ёстой” гэж мэдэгдэхтэй агаар нэгэн. Олон үндэстний Чин гүрнийг манж үндэстэн эзлэн түрэмгийлэлтийн хүчээр байгуулсан. Манжууд хууран мэхлэх, хагалан бутаргах, булаан эзлэх зэрэг элдэв арга хэрэгслийг ашиглан монголчуудыг Чин гүрний харьяанд оруулсан юм. Тэдэнд эрхшээгдэхээсээ өмнө ар өвөр монголчуудын Монгол улсаас гадна, баруун монголчуудын Зүүнгар гэж хүчирхэг улс байсан бөгөөд, Чин гүрэн баруун монголчуудыг геноцид хийн устгасан.

Энэ гүрний удирдлагыг манжууд атгаж байсан. Чин гүрний харьяанд байсан ард түмнүүдийн, түүний дотор монголчуудын нөхцөл байдал хүнд хэцүү байсан.

Улмаар манжуудын дарлалаас сална гэсэн зорилго тавьсан хятадуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх үеэр 1911 онд ар өвөр монголчууд нийлж, Чин гүрнээс тусгаарлаж, Монголын хаант улсыг байгуулснаа зарласан. Тэгэхэд тэд бүх монгол угсаатныг нэгтгэсэн улсыг байгуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн, цэргийн ажиллагаа ч явуулсан. Хятад, Орос гүрнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, дээрхи зорилгодоо хүрч чадаагүй.

Түүнээс хойш өвөр монголчууд Монгол улсад нэгдэх хүслийг илэрхийлсээр, эрхэмлэсээр байсан. Бас хятадуудын түрэмгийлэл, дарлалыг зэвсэгт тэмцэл хүртэлхи бүхий аргаар эсэргүүцэн тэмцэж байлаа. Шинэ тулгар Хятад улс Өвөр Монголд хяналтаа тогтоож чадахгүй байв. Япон гүрэн Манж-Го улсыг байгуулахад өвөр монголчуудын зүүн хэсэг бүрэлдэхүүнд нь багтсан. Баруун хэсэгт Дэмчигдонров ван зэрэг үндэсний зүтгэлтнүүдээр удирдуулсан тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөж байв.

Ялтын нууц гэрээгээр монголчуудын нэгдэн нийлэх эрхэм эрмэлзлийг боогдуулж, зөвхөн Гадаад Монголын статус-квог хангана гэж шийдэв. Гадаад Монгол гэж де-факто тусгаар тогтнон оршиж байсан ар монголчуудын улс буюу БНМАУ (Бүгд найрамдах Монгол ард улс)-ыг хэлжээ, одоогийн Монгол улс. Өвөр монголчуудын нутаг орныг Өвөр Монгол гэх бөгөөд, Чин гүрний үеийн Дотоод Монгол гэх нэрээр гадаадынхан нэрлэдэг.

Дээрхи нууц шийдвэрийг үл мэдэх БНМАУ Өвөр Монголыг чөлөөлж нэгтгэх зорилгоор Японд дайн зарлан, дэлхийн II дайнд цэрэг зэвсгийн хүчээр оролцсон. Үүнийг өвөр монголчууд нэгдэн нийлэх гайхамшигт боломж гэж угтан авсан ч, тэдний хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх боломж БНМАУ-д олдсонгүй.

Өвөр монголчуудад өөрсдөө хувь заяагаа шийдэх эрх, тусгаар тогтнох эрхийг ч зөвшөөрнө гэж амлаж байсан Мао алж хядах, хууран мэхлэх, түрэмгийлэн эзлэх зэрэг гэмт арга хэрэгслийг ашиглан, тэднийг коммунист Хятадын харьяанд хүчээр, шударга бусаар оруулсан юм. Энэ үеэс хойш өвөр монголчуудын зовлон зүдгүүр тасраагүй. Маочууд олон төрлийн харгислалыг өвөр монголчуудын эсрэг үйлдсэн. Ялангуяа Өвөр Монголоос эхлүүлсэн Соёлын их хувьсгалын үед Хятад дахь хамгийн их хэлмэгдэж хохирсон үндэстэн

нь өвөр монголчууд болсон. Үгээр хэлэх байтугай, үзгээр бичихэд бэрхтэй зүсэн зүйлийн яргалал, тамлалыг өвөр монголчуудын хувьд үйлдсэн. Олон түмэн өвөр монгол хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон. “Өвөр ардын намын хэрэг” гэх хуурамч, зохиомол хэргийн дагуу ингэж хэлмэгдүүлсэн юм.

Соёлын хувьсгалын дараа Хятад зах зээлд шилжиж, өвөр монгол малчдад хувийн малтай байх, бэлчээр нутаг эзэмших эрх өглөө гэж зарлав. Үүний зэрэгцээ, Өвөр Монголд олон хятад суурьшигчийг нүүлгэн ирүүлэх шийдвэр гаргав. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн оюутны хөдөлгөөн 1981 онд Өвөр Монголд өрнөлөө. Үр дүнд нь шийдвэр цуцлагдав.

Хамгаас их харгислалд өртсөн, уламжлалт бие даан аж төрөх ухаанаасаа хөндийрсөн, төрөөс бүрэн хамааралтай болсон өвөр монголчуудын хувьд зах зээлд шилжих явц хүнд хэцүү явагдсан. Малыг малчинтай нь төмөр торонд хашсан бэрх сорилтыг нүүдэлчин өвөр монголчууд арайхийн даван туулж байтал “бэлчээр нутаг эзэмших хугацаа чинь дууссан; уул уурхай, аж үйлдвэр, аяла жуулчлал хөгжүүлнэ; мал хариулах нь байгаль орчинд хор хөнөөлтэй; сайн газрыг улсын хамгаалалтанд авна; муу газрыг сайжруулна” гэх зэрэг олон шалтаг зааж, бэлчээр нутгийг булааж, мал хариулахыг хорьж, төрөл бүрээр хавчиж хяхах болсон.

Бэлчээр нутгаа хамгаалан тэмцсэн малчин Мэргэн 2011 онд туйлын зэрлэгээр алагдсаны дараа өвөр монгол түмэн түрхрэн босож, олон газар сүрт жагсаал цуглаан хийсэн нь 1981 оноос хойш үзэгдээгүй том эсэргүүцлийн хөдөлгөөн байлаа.

Түүнээс хойш өвөр монгол малчдын эсэргүүцлийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, бараг жил бүр тэмцлийн явцад амиа алдсан малчин баатар тодорч байв. 2017 онд Хятадын засаг өвөр монгол малчдад эрх ашгийнхаа төлөө тэмцэхийг хориглож, тэмцсэн малчдыг олноор яллаж, мөн Шинжааны монголчуудын хэл соёлыг ихээр хавчиж хяхсан.

2020 онд Хятадын коммунист нам Өвөр Монголд монгол бичиг соёлыг хавчиж хяхлаа. Дунд сургуульд зааж сургахыг нь ихэд багасгалаа. Өвөр монгол эцэг эхчүүд эрслэн бослоо. Тэд жагсаал цуглаан хийж, ажил хаяж, эсэргүүцлийн бичиг үйлдэн төр засагт илгээж, бүр амиа хорлож байв. Хонконгийн бослогыг дарж, коронавирусын халдвараар далимдуулсан нэн хатуу дэглэм тогтоогоод, дотоодод нь ахиж бослого гарахгүй мэт санаж байсан Хятадын засаг сандран тэвдэж, өвөр монголчуудын эсэргүүцлийг нухчин дарсан. Өвөр Монголд хэл соёлын эсрэг, монголчуудын эсрэг шинжаан маягийн хатуу дэглэм тогтоосон. Өвөр Монголыг Түвд, Шинжааны адил бас нэгэн хаалттай орон болгосон.

Дэлхий! Өвөр Монголын хана хэрэмний цаанаас зовлон шаналангийн дуун өдөр шөнөгүй цууриатаж байхад дэлхий дахин яагаад үл ойшооно вэ? Өвөр монголчууд ойшоогдох хэмжээний зовлон үзээгүй юм уу? Ахиад хэдий хэмжээний амь эрсдэж, цус урсаж, амьдрал сүйдэж, соёлыг устгаж, дарлал доромжлолыг үзвэл хангалттай гэж үзэх вэ? Үл ойшоогддог гэгддэг асан күрд, уйгур, рохинжа зэрэг ард түмнүүдийг ойшоодог болсон. Ганцхан өвөр монголчууд л анхаарлын гадна үлдээд байнам бус уу.

Яагаад дэлхий өвөр монголчуудыг үл ойшооно вэ? Хажууд нь байгаа Монгол улс, Монголын иргэд ч ойшоохгүй, бараг үзэн яддаг, өвөр монгол ахан дүүсээ өмөөрсөн Монголын иргэнийг Монголын шүүх “Хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж 10 жилээр яллаад шоронд хорьчихдог болохоор тэр үү? Өвөр монголчууд хангалттай ач холбогдолтой ард түмэн биш юм уу? Өвөр монголчууд энэ дэлхий дээр оршихгүй байж болох юм уу?

Хятадын эрх баригчдад ялгаварлан гадуурхагдсан өвөр монголчуудыг яагаад дэлхий дахин, ялангуяа хүний эрхийг эрхэмлэн дээдлэгч Өрнө дахин ялгаварлан гадуурхахаас ичихгүй байна вэ? “Яагаад?” гэсэн асуултын минь хариуг өгөөч!

Ч.Мөнхбаяр

 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us