Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Төрийн цагдаад халдахдаа хүртэл оодорсон Хятад барилгачдыг албадан гаргая
   
Unuudur
2010-09-02

БНХАУ-ын 80 гаруй барилгачин манай улсын дөрвөн иргэнийг зодоод зогсохгүй төрийн цагдаад халдсан хэрэг энэ сарын 21-23- ны өдөр гарлаа. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

НАМАЙГ ХЭНД Ч, ЮУ Ч ЯРЬЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН

“БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар барьж буй Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилга” гэж хятад, монголоор бичсэн зургаан давхар барилгын үүдэнд биднийг очиход хоёр хамгаалагч зогсож байв. Тэдэнд хандаж барилгын ажил хариуцсан даргатай нь уулзах гэж яваагаа хэлэхэд, “Хашаа руу хэнийг ч оруулж болохгүй гэсэн” гэв. Энэ үед хаалганы завсраар хоёр хятад иргэн ээлжлэн харж байснаа хамгаалагч нарыг дуудан дотогш оруулчихав. Биднийг очих үед үүдэнд зогсож байсан хоёр хамгаалагчийн нэгийг “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өг” хэмээн нэг хүн хэлээд явсан юм. Хэргийн газарт байсан н.Батсайхан хэмээх хамгаалагчийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явах замд нь болсон хэрэг явдлын талаар асуулаа.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Юунаас болж хэрүүл маргаан үүссэн юм бэ?

-Мэдэхгүй. Зүгээр хятад ажилчид хоорондоо маргалдаж байсан чинь цагдаа нар ирсэн. Тэгээд л жаахан зөрчилдөөд байх шиг байсан.

-Гурван цагдаагаас гадна “Даяар Монгол” хөдөлгөөний хоёр залуу, “Скай маркет” сүлжээ дэлгүүрийн хоёр хамгаалагчийг хятад ажилчид нийлж зодсон байна шүү дээ. Та юу ч мэдээгүй хэрэг үү?

-Мэдэхгүй. Намайг хэнд ч, ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн.

-Хэн?

-Манай дарга. Ийн ярьж байх зуур түүний утас нь дуугарав. Тэрбээр сонсож байснаа утсаа тасалсан бөгөөд “Намайг та нартай явж байхыг манай дарга харсан гэж байна. Та нарт юу ч битгий ярь гэж сая намайг загна лаа. Одоо би юу ч ярихгүй” гэв.

-Та газар дээр нь байсан юм байж үнэнийг яагаад хэлэхгүй гээд байгаа юм бэ. Монгол иргэд эрүүл мэндээрээ хохирчихоод байна шүү дээ?

-Намайг хэнд ч, юу ч битгий ярь гэсэн.

-Хятад иргэд монголчууд руу хурцалж ирлэсэн төмөр болон мод, чулуу барин дайрсан тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Мод, төмөр барих нь барьсан байсан. Чулуугаар ч шидэж байсан. Одоо би ямар ч асуултад хариулт өгмөөргүй байна гээд цаашаа явсан юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан, хошууч Баатартай утсаар холбог дож, хятад барилгачдыг саатуулсан эсэх хийгээд ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад, -Бид хэргийг шалгаж байгаа, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

“МОНГОЛ БАРИЛГАЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДЛӨӨ” ГЭСЭН ДУУДЛАГААР “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН ОЧЖЭЭ

“Даяар Монгол” хөдөлгөөний захирал З.Эрдэнэбилэгээс хятад иргэдэд зодуулсан хөдөлгөөний залуусын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хохирогчдын биеийн байдал ямар байна вэ. Өчигдрийн байдлаар ухаангүй байна гэж сонссон?

-Өглөө ухаан орсон гэсэн. Гэхдээ юм ярьж чадахгүй байгаа гэж эмч нь ярилаа.
 

-Танай хөдөлгөөнийхөн тэнд ямар хэргээр очсон юм бэ. Хятад ажилчидтай сөргөлдөх болсон шалтгаан нь юу юм бол?

-Бидэнд иргэдээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын захиалгаар баригдаж байгаа барилгын хятад ажилчид монгол ажилчдыг зодож, дарамтлаад байна гэсэн дуудлага ирсэн. Тэр дагуу манай зургаан залуу байгаа байдлыг харахаар явсан юм. Дөрөв нь азаар зугтсан байна лээ. Харин эмнэлэгт байгаа хоёрын маань нуруу, нугас, хөл гар, тархи толгой гээд авах юм байхгүй болсон гэсэн. Одоохондоо биднийг уулзуулаагүй л байна.

-Яг юу болсон талаар танд мэдээлсэн үү?

-Манай залуусыг очиход үгийн зөрүүгүй мод, чулуугаар зодож эхэлсэн гэсэн. Бид тухтай ярилцаж амжаагүй байна.

-Эмчилгээний зардлыг хаанаас гаргаж байгаа юм бол?

-Мэдэхгүй байна. Өнөөдөр л гэхэд нэгнийх нь эмчилгээний зардалд 100 гаруй мянган төгрөг орсон гэж байх шиг байсан. Бусдын эрх ашгийг хамгаалах гэж яваад насаараа тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болчих вий гэж айж байна.

МАНАЙД 16 МЯНГА ГАРУЙ ХЯТАД ИРГЭН БИЙ

Бид Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас даварсан хятад иргэдийг албан ёсны бичиг баримттай эсэх талаар лавлахад,

-Хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийг барихаар 80 гаруй хятад иргэн Төрийн цагдаад халдахдаа хүртэл оодорсон ирсэн. Ямар нэг зөрчил байхгүй гэв. Өнөөдрийн байдлаар манайд цагаачлах, ажиллах зорилгоор ирсэн 29 мянган гадаадын иргэн байгаагийн 16 мянга нь БНХАУын иргэд аж. Тэд уул уурхай, зам, барилгын салбарт ажилладаг.

ХЯТАД ХЭЛ МЭДДЭГГҮЙГЭЭС БҮХ ЮМ БОЛСОН ГЭВ

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийт, гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Пүрэвжаваас тодруулахад,

-Бидэнд ирсэн мэдээллээр өнгөрсөн бямба гаригийн орой усны шугам задарсны улмаас ажилчид шугамын крантыг хаахаар явж байгаад “Скай маркет” сүлжээ дэлгүүрийн хашаа даваад орчихсон гэсэн. Хамгаалалтын ажилтнууд буруугаар ойлгосны дээр хэл нэвтрэлцэхгүй байсны улмаас хоорондоо муудалцсан гэсэн. Тэгээд бага зэргийн асуудал үүссэн юм билээ. Түүний дараа цагдаагийн ажилтнууд ирсэн бөгөөд тэд ч бас учрыг нь сайн ойлголгүй ажилчидтай муудалцсан гэсэн.

-Тэнд байсан хятад иргэд үзүүртэй төмөр, мод, чулуугаар зэвсэг хийж байсан гэсэн. Энэ талаар танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Газар дээр нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ барилгын ажил хийж байгаа газарт хурц үзүүртэй төмөр, мод зөндөө л байна шүү дээ.

-Яг хэчнээн хятад ажилчин байгаа вэ?

-Гэрээ ёсоор 200 гаруй хятад ажилчин ирэх ёстой. Одоогийн байдлаар эхний 100 орчим ажилтан нь ирээд байгаа. Цутгалтын ажил дууссан болохоор зарим нь нутаг буцаж байгаа. Одоогийн байдлаар зургаан хятад ажилчинг шалгаж байгаа гэсэн.

-Тэднийг саатуулсан уу?

-Мэдэхгүй байна. Шалгаж байгаа. Удахгүй бид Сангийн сайд, ГХЯ, Цагдаагийн байгууллагатай хамтран нэгдсэн мэдээлэл хийнэ.

-Зодоон үүсгэсэн иргэдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Тэрийг цагдаагийн байгууллага шийднэ. Бид захиалагчийнхаа үүднээс л барилгын ажилд хяналт тавьж байгаа. Манай төв лабораторийн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой. Барилгыг захиалагч байгууллагынхан ийнхүү хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суух вий гэхээс эмээж байгаа бол тухайн үед газар дээр нь байсан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б “Хятадууд бүр даварч байна. Би дэлгүүрээс юм аваад гарч явтал өчнөөн олон хятад мод, төмөр барьчихсан хоёр хамгаалагчийг зодож байсан. Юунаас болсныг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид эх орондоо байгаа хүмүүс биз дээ. Харийн газар байгаа бол бас өөр хэрэг. Гэтэл эх нутагтаа харийнханд дарлуулна гэдэг юу л бол. Төр удирдаж байгаа хүмүүс нь энэ явдлыг яаж шийдэхийг харж л байя” гэв.

ХЯТАДУУД ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАРТ ОРЖ ИРСЭН БАЙЖЭЭ

Харин “Скай маркет” сүлжээ дэлгүүрийн хамгаалалтын ажилтан Б-ээс зарим зүйлд хариулт авлаа.

-Зодоон гарсан өдөр та энд байсан уу. Яг юунаас болж маргаан гарсан юм бол?

-Би байгаагүй ээ. Харин хүмүүсийн ярьж байгаагаар хятад иргэд тусгай хамгаалалтын бүсэд шөнийн 02-03 цагийн үед орж ирсэн гэсэн. Гарахыг шаардахад нь цохиод авсан юм шиг байна лээ. Өөр зүйл мэдэхгүй байна. Хятадууд яах гэж манай тусгай хамгаалалтын бүсэд орж ирснийг мэдэхгүй байна. Энэ асуудлын улмаас БНХАУ-ын “Хунай” барилгын компанийн удирдлагууд Мон голд ирээд байгаа аж. Тэд хоёр улсын найрамдалт харилцаанд энэ хэрэг ямар нэг сэв суулгахгүй байх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудтай зөвлөлдөж байгаа юм.

ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВЫН ОРОНД...

Залхуу боловч ажилд махруу, хийсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг хэмээх магтаалын үгийг байнга сонсдог ч монгол залуусыг үнэн хэрэгтээ барилгын болон бусад салбарт ажилд авах нь өдрийн од шиг гэхэд болно. Монгол залуусын ажлын байрыг хятадууд эзэлж, бидний авдаг цалинг гурав, дөрөв дахин нугалж цалинждаг хятад иргэд “Бид танай барилгын салбар төдийгүй эдийн засгийг бүрэн атгаж байна” хэмээн хаа сайгүй онгирч явдгийг мэддэг ч манайхан уучилсаар ирсэн. Гэтэл иргэдээс нь эхлээд төрийн цагдааг нь хүртэл зодож, дээрэлхэж, даварсан хэрэг гарлаа.

Хэрэв БНХАУ-д хэдэн монгол залуу очоод иймэрхүү хэрэг өдөөсөн бол өнөөдөр тэдний амьд үлдэх эсэхийг хэлэлцэх байсан болов уу. Гэтэл манайхан хоёр улсын хоорондын харилцаа, бусдын зардлаар төв лабораторитой болох гэж байхад долоон хүн зодуулж, эрэмдэг зэрэмдэг болж, хохирох юу ч биш гэх шиг чимээгүй сууцгааж байна. Монголын төр тийм сул хэрэг үү, хууль хяналтын байгууллагынхан ийм дорой гэж үү.

Цагдаагийн байгууллагын эрх мэдэл бүхий хүнээс хэчнээн хятад иргэнийг саатуулаад байгаа, тэдэнд ямар арга хэмжээ авахыг тодруулахыг оролдсон боловч тодорхой тоо, авах арга хэмжээг хэлэх хүн гарсангүй. Энэ байдлаараа тэднийг албадан буцаах нэрээр зүгээр өнгөрөөж ч болзошгүй юм. Мөн манайхаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд энэ хэргийн талаар ямар нэг албан мэдэгдэл хүргэсэн эсэхийг ГХХ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Батбилэгээс лавлахад, “Одоогийн байдлаар ямар ч бичиг явуулсан, ирүүлсэн мэдээлэл надад алга байна” гэв.

Өмнө нь хятад ажилчид Монгол Улсын иргэдийг бүлэглэн зодох тохиолдол нэг биш удаа гарч байсан. Тэр ч бүү хэл хятад ажилчид монгол охидыг хүчиндсэн жигшүүрт хэрэг ч цөөнгүй гарч байсан. Тэр болгоныг нутаг руу нь албадан буцаах нэрээр зүгээр шахуу өнгөрөөж байсан билээ. Одоо арай дэндэж байна. Даварсаар даварсаар Дагвын оронд гэдэг шиг хятад иргэд оодорч байгааг нүдэн балай, чихэн дүлий хараад сууж байх уу. Бид энэ хэрэг явдлыг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б. Энхмарт

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us