Миний нэр, эцгийн минь нэр янз бүрийн
вэбсайтуудаар гарсаар. Худал хуурмаг, эрээ
цээргүй гүтгэлэг, хөөрхий хүний эрхийг
хамгаалагч миний нэр төрд халдах халдлагууд
үргэлжилсээр. Мунхаг харанхуй нэг нь уншаад
намайг "алахсан" гэж хүртэл бичсэн байх.
Хүчирхийлэлд турхирсан эдгээр үгс зөвхөн үг
байдаггүйг ЛГБТ олон нийт бид мэдэх.
Хужаагийн эрлийз хурлийзаар хүртэл дуудсан
байх. Удам судрыг минь Хэлмэгдэгсдийг
цагаатгах коммисст олон жил ажиллаж байгаа
Олхонууд овогт Төмөрийн Халтар хурандаагаас
асуугаарай, ургийн бичгийг минь үзээрэй.
30-аад онд ээжийн минь ч, аавын минь ч
талыхан хэлмэгдэж явсныг түүнээс асуугаарай.
5 сая юанаар элэг нэгтнээ хятадад барьж
өгсөн гэж бичсэн байх. Эхнэр бид хоёрын
банкны дансыг шалгаарай, олон жил байр энд
тэнд хөлслөн, ЛГБТ олон нийтийнхээ төлөө
хийдэг ажилдаа цалин мөнгөө зарцуулдаг бид
хоёр урьдчилгаа гучин хувиа ч олон жил
хөдөлмөрлөөд цуглуулж чадахгүй байгааг
хараарай. "Би" гэж Олхонууд овогт Нямдоржийн
Анараа. 1976 оны 12-р сард Улаанбаатар
хотноо Завханы Баянтэсээс гаралтай ээж
Хорчинжавын Цэндмаа гэж 1990-ээд онд
үндэсний үйлдвэрүүдээс ганц ноос ноолуурын
салбараа авч гарахыг хангасан дэндүү эх
оронч эх, Ховдын Дарвиас гаралтай шударга нь
дэндсэн сэтгүүлчдээ олон удаа хүнд хүртэл
зодуулж, ухаангүй мунхаг хүмүүст хараалгаж
байсан "дуугүй байж чаддаггүй" ааваас төрсөн
нэгэн. Аавын төрсөн дүү Төмөрийн Пүрэвдорж
гэж Монголын Нисэх хүчний анхны коммандлагч,
Монгол Улсад 80-аад онд байсан хоёрхон
дуунаас хурдан онгоцоор сургуулилт хийж
байгаад золгүй явдлаар онгоцтойгоо дэлбэрч
нас барсан ах минь бий. Эмээгийн ах
Монголоос Английн хатан хаанд анх удаа
1960-аад онд бараалхаж байсан Балжинням гэж
хүн бий. Хэчнээн орос сургуулиар хүмүүжиж,
эх орныхоо гадна нийт долоон жил амьдарсан ч
ийм хүмүүсийн дунд өсч хүмүүжсэн надад эх
оронч үзэл дэндүү их. Эх орныг минь өөртэй
минь адилхан хайрладаг гадаад эмэгтэйг
аминаасаа илүү хайрладаг нэгэн. Үндсэрхэг
үзэлтэй бус, эх оронч үзэлтэйдээ Монголоо
хөгжүүлье гэж Монголдоо эхнэртэйгээ эргэн
ирсэн нэгэн. Монголоос анх удаа эхнэртэйгээ
албан ёсоор Канадад гэрлэсэн лесбиян эмэгтэй
гэдгээр нь Монголын хүн амын ихэнх мэдэх.
Шударга шулуун, бодсон санаснаа хэнээс ч
айлгүй хэлчихдгийг намайг гайгүй сайн
таньдаг хүмүүс мэдэх. Арван хэдэн жил ЛГБТ
эрхээр Монголдоо, олон улсын хэмжээнд
ажилласаар ирснийг намайг гадарлах хүмүүс
мэдэх. Эхнэр, хамтран зүтгэгч Сүхээ,
баримтат киног маань хийсэн Амелиятай хамт
киногоо дуусгаж байхдаа Даяар Монголынхны
нүд, чихэнд өртөж, гэгээн цагаан өдрөөр 2010
оны 3-р сарын 6-нд их дэлгүүрийн хавьд
тэдэнд бараг л хулгайлагдах дөхсөнийг зарим
хүмүүс мэдэх. Энхриймаа, Хулан хоёрын амь
насыг тэдний гараас мулталж, Монголоос
дүрвүүлснийг ЛГБТ олон нийт мэдэх. Өөрөө
дүрвэгсэдтэй ажиллаж, тэдний төлөөх ажлаа
хэнд ч гологдохооргүй хийж ирснийг хүмүүс
мэдэх. Гэтэл миний аюулгүй байдал, эхнэрийн
минь аюулгүй байдал дэндүү их эрсдэлд ороод
амь нас хутганы ирэнд дэнжигнэж буйг хүмүүс
үл мэдэх. 2009 оны 10-р сарын гутамшигт
хэрэг ийн миний болон эхнэрийн амгалан
аюулгүй байдлаар амьдрах анхдагч эрхэд минь
халдах үүд хаалгыг нээсэн байх. Бүсийн
төлөөлөгчийн газар тэр үед ч, энэ удаад ч
мэдэгдэл хийхгүй байсаар интернэтээр
амьсгалагч Монголын ард түмний төөрөгдлийг
зөвшрүүлэхгүй байсаар энэ байдал улам
гаарсаар. Хэрэв надтай ямарваа зүйл
тохиолдлоо гэхэд, миний Австрали улсын иргэн
эхнэр хэн нэгний гарт хохирлоо гэхэд энэ
болгоныг би яг болсон байдлаар нь бичих
шаардлагатай гэж үзлээ.
2009 онд 5-р сарын 29-нд нэгэн Өвөр монгол
залуу манай НҮБ-ын Дүрвэгсдийн газарт эхнэр
хүүхдийнхээ хамт ирсэн юм. Тэрээр өөрөө Өвөр
монголын хүний эрхийн төлөө тэмцэгч ч биш,
ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч ч биш,
Хөх нуур мужид уламжлалт анагаах ухаанаар
сурсан энгийн л залуу. Тэрээр Монгол Түвдийн
уламжлалт анагаах ухааны анхны сургуулийг эх
нутагтаа байгуулж, олон зуун оюутныг
төгсгөсөн нэгэн. Гэвч түүний ажиллуулж
байсан сургуулийн нэрээс болоод түүнийг улс
төрийн үзэлтэй хэмээн тооцоод сургуулийг нь
хаах, бутаргах үйл ажиллагааг засаг
захиргааны байгууллагууд нь хийж, амь нас нь
хутганы ирэнд ирсэн гэж үзсэн тэрээр хил
даван Монголд орж ирсэн байсан юм. Эхнээс нь
дуустал энэ залуу, энэ залуугийн эхнэр,
хүүхдийг нь би өөрөө орогнол хүсэгчээр
бүртгэж авч, дүрвэгчийн статус тогтоох
ярилцлагуудыг нь өөрөө орчуулж өгч байсны
хувьд түүнийг дүрвэгчээр хүлээн зөвшөөрөгдөх
ёстой хүн гэдгийг нь мэдэж байлаа. Гэвч
түүний дүрвэгчийн статусыг тогтоох шийдвэр
бүсийн төвөөс гарахгүй удсаар. Өөртөө юу
болсныг олон улсын хэвлэл мэдээлэлд тэрээр
хэлэх гэж оролдож байсныг нь хүртэл бүсийн
төвийнхөн "амжилттай" хэд хэдэн удаа
болиулсан. Түүнийг харсаар сэтгэл эмтэрсээр.
Шийдвэр гарахгүй удсаар. Тэр хооронд эх
оронд нь цөөн тооны үндэстнийг хяхаж хавчих
нь төрийн бодлого гэдгийг мэдэх би түүнд
тохиолдсон зүйлийг НҮБ-ын Хүний эрхийн дээд
коммиссарын газрын Зүүн хойд Азийг хариуцсан
ажилтан Монголд ирсэн үеэр нь хэлж, 2009 оны
10-р сарын 1-нд түүнийг орогнол хүсэгчтэй
утсаар яриуллаа. Түүний дараа ганц хоёрхон
хоногийн дараа миний хувьд амьдралдаа уйлж
байгаагүйгээрээ уйлах, шударга бус зүйлд
дэндүү бухимдах, НҮБ гэж зүйлд итгэх итгэлээ
алдах зүйл 10-р сарын 3-нд болсон юм. 2009
оны 9-р сарын 20-доор намайг Эрүүгийн
цагдаагийн газар дуудлаа. Ямар учир
шалтгаантай болохыг мэдэх гээд очиход
орогнол хүсэгчийг бидэнд өг, эх орондоо эрэн
сурвалжлагдаж буй хүнийг танай байгууллага
олон улсын хамгаалалтдаа авах ёсгүй, Монгол
Улс гэмт хэрэгтнийг орогнуулах газар биш
хэмээн над луу дайрч давшиллаа. Урдаас нь би
"Эрэн сурвалжилж байгаа бол Интерполынхоо
хуудсыг үзүүл ээ" гэхэд олон зүйл урдаас
тоочив. "Гэрийн хаягийг нь л өгчих" гэж
намайг гуйж гуядав. "Бүсийн төлөөлөгчийн
газраас энэ асуудлыг тодруулна, харин тэр
хооронд та бүхэн албан ёсоор хүсэлт гарга"
гээд ажил дээрээ очоод болсон зүйлийг бүсийн
төв лүү утасдаж хэлэв. Урдаас "Угаасаа л
хаягийг нь өгөх ёстой учир өг" гэхийг нь би
үл тоон, шийдвэр гартал өөрөө чимээгүй
байхаар шийдээд сууж байтал над луу цагийн
өмнө дайрч давшилсан цагдаа албан тоот
бичсэн орж ирээд "Одоо хаягийг нь өг" хэмээн
ширээ нэг хоёр удаа шаагаад, гарах шинжгүй.
Над луу агсрах тоолонд нь "Миний шийдвэр зөв.
Намайг ингэж байгаа юм чинь орогнол
хүсэгчийг маань яаж ч магад" хэмээн би "Бүсийн
төвөөс хариу өгтөл бас хэд хононо, та ойлго"
гээд гаргав. Харин 10-р сарын 2-ны орой 18
цагийн үед миний хамт ажилладаг хүн лүү
холбогдох албан тушаалтан ярьж, орогнол
хүсэгчийг одоо л гаргаж өг хэмээн дайрсан
байхыг би дараа өглөө нь сонслоо. Ингэж
дайрсанд нь манай бүсийн төвийнхөн хүртэл "Үнэхээр
л ийм том албан тушаал хашдаг хүн ингэж
байхад" гээд тэр шөнөдөө буюу 10-р сарын
2-ны шөнө дүрвэгч биш гэсэн шийдвэрийг
гаргасныг маргааш өглөө нь би сонссон юм.
Холбогдох албан тушаалтан дуудсан гэхээр нь
тэр өглөөдөө 2009 оны 10-р сарын 3-ны 11
цагийн үед очиж уулзлаа. Гэтэл нөгөө л
ярьдаг зүйлээ ярина "Гэмт хэрэгтнийг
орогнуулдаг улс биш, ийм хүмүүсийг
орогнуулвал танай байгууллага Монголоос
гарах ёстой болно шүү" гэх. Гэм буруу нь
шүүхийн үйл явцаар тогтоогдоогүй нэгнийг
гэмт хэрэгтэн ч гэж хэлэх ёсгүйг Анараа хэд
хэдэн удаа хэлсэн ч тоох шинжгүй. "Ямартаа ч
анхан шатны шийдвэрийг өчигдөр шөнө бүсийн
төвд гаргасан байна, харин бидний зүгээс
хүсэх ганц зүйл бол орогнол хүсэгч энэ
шийдвэрийг давж заалдах үйл явцыг дуусгах
хугацаа олгохыг хүсч байна. Доод тал нь
бидэнд сар хэрэгтэй" гэж учирлалаа. Харин
урдаас "Зүгээр л наад хүнээ эх орноос нь
ирсэн цагдаа сэргийлэхтэй өнөөдөр уулзуулчих,
өөрсдөө ч байлцаж болно" гэлээ. Бүсийн төв
лүүгээ утасдаад ингэж байна гэлээ. Урдаас "Тэр
уулзалт дээр байлцаж болохгүй, харин давж
заалдах өргөдлийг нь бичүүлээд орогнол
хүсэгчийг тэдэнтэй уулзуул" гэлээ. Хэлсэн
ёсоор нь орогнол хүсэгчийг дуудан, сөрөг
шийдвэрийг нь амаар танилцуулан, бичгээр
өгдөг цаасаа өгөн өөрөө нэг хувь дээр нь
түүний гарын үсгийг авав. Харин холбогдох
албан газраас манай оффис луу байнга
яриастай, "Болж байна уу? Хурдан
уулзуулаадах, бид машинаа явуулсан, гадаа
чинь хүлээж байна" гэх. Орогнол хүсэгч давж
заалдах өргөдлөө уйгаржингаар бичсээр.
Түүнийг хараад эх оронд нь юу хүлээж байгааг
дэндүү сайн мэдэх миний гол урагдсаар. Бичиж
дууслаа. "Та уншаад өг, би бичиж авъя" гэлээ.
Түүний өргөдлийг кириллээр шивэхдээ ихэр
татаад уйллаа. Тэрээр гайхна. Утас
хангинаастай. "Таны давж заалдах өргөдлийг
хүлээн авлаа. Холбогдох газар таныг дуудсан
байгаа учир та очиж уулзах хэрэгтэй гэж
манай удирдлага хэлсэн. Таныг гадаа машин
хүлээж байгаа" гэж хэллээ. Цаг 17 цаг өнгөрч
байлаа. Гарсан хойно нь ихэр татан уйлсан
хэвээр. Тэгээд жаахан тайвшраад НҮБ-ын Хүний
эрхийн дээд коммиссарын газарт албан ёсоор
хувь хүнийхээ үүднээс юу болсныг мэдэгдлээ.
Хамт ажилладаг хүнээ явуулчаад би ажил
дээрээ суусан хэвээр. Цаг 18 цаг өнгөрлөө.
18 цаг 45 минутын үед орогнол хүсэгч маань
өөрөө над луу ярьлаа. "Намайг Монгол Улсад
хууль бусаар оршин суусан гэж торгоод Монгол
Улсаас гаргах шийдвэр гаргалаа. Би явах
боллоо" гэв. Бас л нус нулимсандаа
хутгалдсан би "Та давж заалдах үйл явцаа
дуустал энд байна гэж зүтгэ" гэлээ. "Нэгэнт
намайг хүссэн хүсээгүй авч явах гэж байна"
гэхэд нь элэг зүрх эмтэрч бархирмаар байсан
ч "Ойлголоо" гэв. Миний мэдэгдлийн дагуу
НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газар
эх орных нь Засгийн газарт хэд хэдэн удаа
2009 болон 2010 онд тухайн орогнол хүссэн
байсан хүний тухай мэдэгдэл явуулсан байсан
ч энэ болгон нэмэр болсонгүй. Тэрээр хоёр
долоо хоног илүүтэйн өмнө эх орондоо хэлс
хэргээр ял сонссоныг монгол ба гадаадын
вэбсайтууд шуугьж, ажил ба гар утас луу
элдэв хүмүүс ярьж эхэллээ. Удирдлагын дагуу
элдэв мэдэгдэл хийх ёсгүй гэснээр нь би
чимээгүй суусаар байсан юм. Гэхдээ одоо
чимээгүй байхгүй ээ. Өөрийнхөө хар амийг
хоохойлсондоо ч тэр биш, зүгээр л үнэнийг
хүмүүс мэдэх ёстой гэсэн үүднээс. Тухайн
үедээ мэдээгүй ч 2009 оны 10-р сарын 6-наас
7-н шилжих шөнө Энхриймаа, Хулан нарын
өртсөн халдлага магад энэ хэрэгтэй холбоотой
байж мэдэх гэсэн таамаглал миний толгойд
сүүлийн хэдэн хоног эргэлдлээ. Миний нэрийг
интернэтээр хайхад ЛГБТ асуудалтай л дандаа
холбоотой гарч ирдэг тул магад ЛГБТ олон
нийтийнх нь хэдийг Анараагийн оронд
цээрлүүлье ч гэж холбогдох хүмүүс санасан
байж мэдэх.
Шударга ёс, хүний эрхийн хэм хэмжээг НҮБ
тогтоодог нь үнэн ч эцсийн шийдвэрийг
Засгийн газрууд л гаргана. Ялангуяа улсынхаа
нутаг дэвсгэр дээр байлгах эсэх тухайгаа тэд
л шийднэ. НҮБ өөрийн гэсэн газар нутагтай
улс биш тул. Тухайн улсын олон зуун иргэдийг
эх орных нь засгийн газар ойр орчим бүх
газраас татаж авдаг. Тэгэхдээ "террорист", "тэрс
үзэлтэн", "үндэсний эрх ашгийг зөрчсөн гэмт
хэрэгтнүүд" гэх том том үгээр далайлган,
эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд
тэднээс арай л буурай хөрш улсуудынхаа
засгийн газруудыг дарамталсаар иргэдээ
буцааж авдаг нь хэнд ч нууц биш болоод удаж
байна. Өмнөд хөршийн бодлогын дагуу бүс
нутагт байдаг өөр нэгэн томоохон дүрвэгсдийн
бүлгийг олон улсын хэмжээнд дүрвэгч ч хэмээн
тооцохгүй байхыг тэд баталгаажуулсан.
Шинжаан Уйгарт 2009 оны 7-р сард болсон
бослогын дараа хөрш зэргэлдээ орон луу
дүрвэсэн байсан уйгарчуудыг хүчээр
бөөгнуулэн 2009 оны 12-р сард эх орон луу нь
буцаасныг олон улс даяар шуугьсан ч энэ
хүний тухай шуугьсангүй. Багахан хэмжээнд
энд тэнд мэр сэр хүмүүс л ярина. Харин 2009
оны 10-р сарын сүүл, мөн одоо энэ талаар
олон худал гүтгэлэг, тухайн үедээ үнэн
зөвийг тайлбарлаагүйгээс миний амь нас,
эхнэрийн минь амь нас дээсний дөрөөнд
дүүжлэгдлээ.
Би үүнийг интернэтэд тавьснаар магад маш
удахгүй ажлаасаа халагдана. Гэхдээ л миний
ухамсар совесть цэвэр тул ажлаасаа
халагдсандаа ч яахав. Одоог хүртэл миний
гэрлэлтийн статусыг хүлээн зөвшөөрч хань
ижлийг минь миний эрүүл мэндийн даатгалд
оруулаагүй, "Монгол Улсын Засгийн газар
чиний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа
тул чи бичиг баримтаа ганц бие болгон зас"
гэж надад тулгасан НҮБ-д ажиллах шаардлага
бий юу. Мөн 2009 онжингоо намайг элдэв
янзаар ялгаварлан гадуурхсан даргад маань
арга хэмжээ аваагүй мөртлөө намайг ЛГБТ
асуудлаар ажиллахаа боль хэмээн тулган
шаардсан НҮБ-д ажиллах хэрэг надад бий юу.
Би өөрөөрөө байх, өөрөөрөө амьсгалах,
өөртэйгөө адил төрсөн хүмүүсийн төлөө нөгөө
л НҮБ-аас гаргадаг элдэв хэм хэжмээг нь
эрхэмлэн дээдэлснийхээ төлөө ийм байдалд орж
байгаа тул ингээд ажиллах хэрэг бий юу. 19
наснаасаа хойш ажиллахыг мөрөөдсөн НҮБ маань
ийм байдаг байж. Шударга ёс, эрх тэгш
байдлын хэм хэмжээг өөрсдөө тогтоодог олон
улсын засгийн газар хоорондын байгууллага
ингэж байхад би яах билээ. Би зүгээр л,
энгийн л, хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн.
Миний амьдрал яасан ч байсан дэмий
өнгөрөөгүй. Үйлийн үр минь гүйцэж, насны
минь тоо дууссан бол тэр л биз. Гэхдээ миний
хань ижил, миний олон нийтийг зүгээр
орхиорой.