|
Нүүрэндээ багтай хэсэг залуус
өнгөрсөн Бямба гаригт буюу Улс тунхагласны баярын өдөр бүлэглэн
гадны хөрөнгө оруулалттай зочид буудал, рестораны үйлчилгээний
газруудад хүч түрэмгийлэн орж эд зүйл эвдэж хэмхлэн танхайрлаа.
Тодруулбал, зуун айлд байрлах "Анд интернэшнл" компанийн байран
дахь БНХАУ-н хөрөнгө оруулалттай "Пуушин" зочид буудалд 01,00
цагийн орчимд нүүрэндээ баг зүүсэн 30-40 залуу хүч түрэмгийлэн
орсон байна. Дунд зэрэглэлийн 38 өрөө бүхий хоёр давхар уг
буудалд тэр үед нэг хамгаалагч, үүдний хүлээн авахын хоёр
эмэгтэй ажилчин, үйлчлэгч зэрэг цөөн хэдэн хүн байжээ. Дайрч
орсон залуус буудлын шилэн хаалгыг хагалж, үйлчлүүлэгч, зочид
байгааг ч эс хайрхан өрөөнүүдийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрчээ.
Тэнд байсан Хятадын зарим иргэнд гар хүрч хөөрхөн шоглоод амжсан
байна. Энэ явдлын талаар тодруулахаар халдлагад өртсөн "Пуушин"
буудлаар өчигдөр ороход ундуй сундуй болсон тавилга, эвдэрч
хэмхэрсэн модон хаалганууд энд юу болсныг гэрчлэх мэт өөдөөс
угтав. Хагарсан гаднах шилэн хаалгыг шиллэж амжжээ. Шөнө дөлөөр
өрж ирсэн залуусын ихэнх нь үсээ ургуулсан, түрийтэй гутал,
савхин хүрэм зэрэг тэдний нийтлэг өнгө төрх нь рокеруудын
хувцаслалттай ойролцоо байсан талаар буудлынхан ярилаа. Тэр үед
хамгаалагч нь орж ирсэн залуусаас "Та нар юун хүмүүс вэ" гээд
зохицуулахыг оролдоход "Хужаагийн хоол идээд чи цадаа юу, Чамд
наадах чинь хоол болохгүй хор болно" гэх зэргээр хэлж тал талаас
нь бүчин авсан гэнэ. Зочид буудлын ажилтнуудын яриагаар залуусын
түйвээсэн зүйлд 20 гаруй зурагт, хөлдөөгч, ширээ, сандал,
хаалганы шил зэрэг орж хохирлын нийт хэмжээ 20 гаруй сая төгрөгт
хүрээд байгаа аж. Юутай ч энэ явдлаас улбаалж зочид нь үргэн
дайжиж зарим нь үйлчилгээнийхээ хөлсийг ч төлөөгүй явсан гэх.
Улс тунхагласны баярын эл өдөр дээрх буудлаас гадна "Бээжин"
ресторан, БНСУ-н хөрөнгө оруулалттай хоёр, гурван үйлчилгээний
газруудыг багтай хэсэг залуус түйвээсэн гэх мэдээлэл байна.
Үүнийг сүүлийн үед хууль бус үйл ажиллагаа явуулж Монголын газар
нутагт эрх чөлөөгөө хэтрүүлэн эдлэх болсон харийнхны эсрэг хийж
буй "эх оронч" үзлийн илэрхийлэл гэж тайлбарлах нэгэн ч байв.
Үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах уриатай "Даяр Монгол"
хөдөлгөөнийхнийг эл хэрэгт оролцсон гэх яриа гадуур тархаад
байна. Үүнийг ч тус хөдөлгөөнийг Удирдах зөвлөлийн гишүүн
Ш.Пүрэвсүрэн үгүйсгээгүй юм. Одоогоор дээрх явдлыг өдүүлсэн
хүмүүсийг хэн гэдгийг нь тогтоогоогүй байгаа бөгөөд
цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд хэргийн араас мөрдсөөр байна.
Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад,
солонгосчуудын эсрэг тэмцэх иргэдийн ажиллагаа идэвхжиж эцэстээ
мөргөлдөөн болоход хүрээд буй бололтой.
|