Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

Share |

 

Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай

   
Б.Түмэн-Өлзий
2012-01-10
Нью Йорк

      Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  “Монголчуудаа монголдоо ирж амьдарцгаая” гэсэн уриалга монгол хүн болгоны чихийг халуу оргиуллаа.Монгол улсын төрийн тэргүүний амнаас энэ үг унахыг бид 20 жил хүсэн хүлээсэн юм.Түүхийн буурал аянд 20 жил урт биш.Гэвч түүхийн хүрд буцан эргэлддэггүй нэгэн хатуу хууль буй.Түүх гэж өртөөнөөс нь өнгөрүүлчхээд буцаад ирээ,сууя гэж болдоггүй вагон шүү дээ.

      Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгаас хэдэн жилийн өмнө Монгол улсын сэтгүүлч Ч.Мөнхбаяр нар монгол аймгуудаа монгол улсад суурьшуулах хуулийн төслийг их хуралд өргөн барьж байхыг би телевизээс хараад хийрхэл догдлолд автаж байсан минь өчигдөрхний хэрэг шиг.Төр засаг өврөө сөхөөгүй ч ард түмэн гараа сунгаж байгаад баярлаж байсан.

      Өвөр монголчууд монгол улсад нүүдэлчилбэл энэ хэсэг газрыг хятадад бэлэглэчих биш үү? Энд бүгдээр уусаж дуусахын оронд монголдоо нүүж ганц улсаа бататгах нь дээр юм биш үү?  ийм 2 зөрчилтэй сэдвийг өвөр монголын үндсэрхэг хүмүүс тоогүй маргалдаж  толгой тархиа шавхсаар ирсэн нь үнэн.

      Мөрөөдлийн хүчинд би монгол улсад очсон.Хувь заяаны эрхээр зургаан жил амьдарсан.Халхын хавтгайд хаврын хамхуул шиг тэнэн хэсүүчлэхдээ улс төр сонирхдог зохиолч хүний хувьд Өвөр монголынхоо гарах замыг хайсаар байлаа.Үүний нэгэн жишээ нь өчигдөр hard  дискээ тэглэхэд гарч ирсэн хэдэн жилийн өмнө Монгол улсын засгийн газар,төрийн тэргүүнд өргөн барьж байсан төсөл юм. Олон хоногийнх нь дараа засгийн газрын ажилтан:

    -Таны энэ төслийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь ээ! гэж хүйтнээр инээн хариулж байсан хариулт Шү Шү  Жаны зураг, ширмэн сумтай үхэр бууны хамт үндэсний түүхийн музейд үүрд хэвтэх болоосой гэж би хүсэж байна.

     Мэдээж хэрэг энэ төслийг би 12 онд Америкаас бичсэн бол арай өөрөөр зурваслах л даа.Тэгсэн ч яахав,ийм нэгэн юм  байж өнгөрсөн юм гэдэг утгаар л энд нийтэлж байгаа.Тухайн цагтаа чухамхүү аргаа барсан арга юм шүү дээ.

     Тархан бутарсан улс аймгаа хураан цуглуулж дархан төрөө бадрааж байсан суут хүмүүс манай түүхэнд цөөнгүй.Тийм хүмүүс хэрэгцээтэй үедээ мэндэлж байснаар монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн сонороос арчигдаагүй өнөөг хүрчээ. Тэр үед саран илд саадаг нумаар ярьдаг байсан бол өнөөдөр арай өөр,ширээний 2 талаас шилэн хундага мөргөлдүүлж байгаад ярьж бас болж байна.Магадгүй хожмын хүмүүс Цахиагийн Элбэгдоржийн хөшөөн дээр “Тархан бутарсан монголоо 21-р зуунд хураан цуглуулах гарааг эхлүүлсэн хүн”  гэж сийлнэ.Нэг монгол хүнд үүнээс агуу үнэлэлт гэж юу байх уу?

     Өвөрлөгч эгэл иргэн би Монгол улсын ерөнхийлөгчдөө хандаж хэлэх ганц зүйл бол: Уриалгаа бодит зүйл болгох хуулийн төслийг аль түргэн их хурлаар хэлэлцүүлж батлуулах талаар төрийн тэргүүн та алтан цагаа гарздуулан анхааралдаа байлгана уу?

                                                                                                     2012.01.06 Америкт  

 

 

Өвөр монголоос малчин оруулах учир шалтгаан,арга зам,үр дүн

Монгол улсын төрийн тэргүүн,Монгол улсын засгийн газарт өргөн барив.

       Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж,уул уурхай тэргүүтэй олон салбарт идэвхтэй ажиллаж байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүний 80% нь мал аж ахуйгаас ирж байгаа билээ.Газарзүйн онцгой нөхцөл байдлаас болоод хойшид ч нэлээд урт хугацаанд монгол улс нь бэлчээрийн мал аж ахуйгаар эдийн засгийн гол эрэлтээ болгох болно.Магадгүй мал аж ахуй нь монгол улсын үүрдийн чухал буюу гол эдийн засгийн эрэлтийн хувьд аж ахуйн гол хэлбэр болж мэдэх юм.Шинжлэх ухааны хөгжилт дутмагийн дээр байгаль нь догшин,хөрс хэврэг,2 их гүрний дунд хавчигдсан далайн гарцгүй гэх мэтийн үндсэн байдлыг  өөрчлөхөд бэрх.

       Монгол улсын хүн ам дэндүү цөөнөөс болж хөдөлмөр хүч дутагдаж,дотоодын зах зээл жижиг байгаа нь өнөөгийн томоохон хүчир асуудал бөгөөд эдийн засаг эрчимтэй хөгжих тутам энэхүү дутагдал нь улам ил болж, баян хүчирхэг улсыг бүтээн байгуулах үйлсийг шууд харшлах болно.Хүн ам хэт цөөн нь үндэсний аюулгүй байдалд ч сүрдүүлэл болох байна.Дэлхийд газрын эх баялгаар өмнө 10-т  ордог монгол улс нь амьдралын төвшнөөрөө дэлхийн 100-д ч орж чадахгүй байгаа бөгөөд ар өвөр монголын нутаг нийлбэл 5 Францын нутагтай тэнцэх атал францын хүн ам нь ар өвөр ионголын хүн амаас 10 дахин илүү.Дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орон наад зах нь 50 сая хүн амтай байдаг нь  тохиолдлын тоо биш.Хүн олон бол хүч их гэж   хятадын гитлер Мао хэлж байжээ.Өнөө эдийн засгийн хөгжилтийн хурдцаар дэлхийд шагшигдаж байгаа Хятад,Энэтхэг,Бразил,Вьетнам нь бүгд хүн ам олонтой улс байгаа нь бас л тохиолдлын биш ээ.

        Ийнхүү хүн амын олон цөөний үр дагаврыг ойлгосон Казакстан 1989 онд тусгаар тогтномогц “Даян дэлхийн хасагчууд хасаг эх орондоо ирэгтүн” гэсэн уриа гаргасан.Хятадын шинжаан уйгарт амьдарч байгаа 2 сая хасагчууд өдөр бүр 10 айл мал унаа эд хөрөнгөө зараад мөнгө болгон шууд Казакстан тийш нүүж байгааг би 2003 онд Шинжаанд очоод мэдэж билээ.Өнөө хасгийн эдийн засгийн хөгжилт сайн, цалин хөлс хятад улсаас өндөр байна.Израличууд,Палестин оронд улс байгуулахдаа “Хүн амаа заавал араб хүнээс давуулах” бодлогыг эхнээс баримтлан одоог хүрчээ.

       Өнөө хөгжил муутай агаад хөгжин   мандъя гэсэн улс орон болгон хөрөнгө оруулалт гэдгийг их ярьж байна.Монгол шиг хүн ам хэт цөөн   улс оронд бол хүнээс илүү хөрөнгө оруулалт үгүй билээ. Хүн хөрөнгө мөнгө авчрахаас гадна хөдөлмөр авчирна.Нэг сумаар 2 бүргэд намнах гэсэн үг.

        Монгол улсын байдлаас  үүсч хэлбэл,өөр мэргэжлийнх биш зөвхөн малчин оруулах нь зөв,ашигтай байна.Монголын малчид зах зээлд түүхий эдээ нийлүүлэх гэж хот суурин,зам бараадан сууснаас болж хязгаар нутаг хоосрон эзгүйдэж зарим суманд өлөн өвс, чоно 2-оос өөр юмгүй болсон.Эдгээр нутагт малчид суулгавал эдийн засагт ашигтайг бүү хэл,хилээ хамгаалуулж нутгаа бэхжүүлэхийг ч давхар гүйцэтгэж чадах билээ.

          Тэдний 1-р үе нь хэл аялгуутай ч 2-р үеэсээ эхлээд “төв халх” буюу монгол улсын иргэнтэй ялгаагүй болох болно.Адилхан эзэн Чингисээрээ бахархдаг ионголчууд маань хэл аялгаараа өөр өөр байдаг ч Хятад,Герман шиг харилцан үл ойлгох хэмжээний зөрөөтэй биш билээ.2 үе яваад л адилхан болно.

         Уг нь боловсролтой хүн оруулах нь бүр сайн, үр шимээ өгөх нь түргэн боловч нутгийн монголчууд (халх ,,ховдын хязгаарын уугуул иргэд) улс төрд эрх авах,ажлын байрыг булаах гэх мэтээр санаашран болоомжлох болохоор зориуд малчид оруулж хязгаар нутгаар суулгахыг санаачилж байгаа юм.

Японд 5000 өвөр монгол оюутан залуус сурч буй Тэдгээрийн 95% нь хожим нутаг буцах болно.Тэдгээр хүмүүс олон жил Японд сурч хөдөлмөрлөхөөр дамжаад ажилсаг,хариуцлагатай ,мэдлэг мэргэжилтэй болсон тул улс орныг бүтээн байгуулахад шилдэг хүчин болж болно.Монголын төр бодлого тогтоож тэдгээр залуусыг наашаа татвал мөн их ач холбогдолтой хэрэг билээ.

       Малчид хаанаас оруулах вэ?

       Эдугээ өвөр монголын шилийн гол Зуун-Уд( Улаанхад хот гэх болов) 2 аймгийн малчид бэлчээргүйгээс болж малаа бараад ,өөр төрлийн аж ахуй эрхэлж чадахгүй тул гараа нухлан гасалж будаа гуйхад хүрч байна. Нэлээд хүмүүс хот орж цагийн ажил хийсэн ч хэл мэдэхгүй ,ажил чадахгүй ,цалин доороос болж амьдралаа ч аргацааж чадахгүй, орчин тойрондоо дадахгүй, Улаанбаатарын гэр хорооллынхноос ч цааш амьдарч байна.Тэдэнд газар, байшин өмчлөх ямар ч боломж  үгүй юм.Тэд өвөг дээдсээсээ эрхэлсэн, өөрийн хамгийн гаршсан малжих аж ахуйдаа буцъя гэж  юутай хүсэх аж. Иймэрхүү байдлын доор монгол улсын засгийн газар халуун гараа сунгаж тэднийг наашаа татвал маш олон хүн дуртай ирэх болно.

         Оруулах арга зам гэвэл: Улс төрийн хэрэг явдал болголгүй бизнесийн замаар хийж болох юм. Хятадын засгийн газар   хасгуудын нүүдэллэхийг зөвшөөрч байгаа юм чинь өвөр монголчуудын явахыг ч хорихгүй байх.Хятадын бодлого ч өөрчлөгдөж байгаа тул угийнхаа шиг нэр нүүрээс  илүү бодитой ашгийг эрхэмлэх болсон нь харагдаж байна. Тэд бага үндэсний газар нутагт л шуналтайгаас хойш гол юмаа олоод авчихвал гол биш юм (хүн) нь хаашаа урсаад үхсэн ч тэдэнд хамаа алга бололтой.

       Эх оронч өвөрлөгч оролцсон тусгай баг байгуулж ажиллавал хятад хүн холилдон орж ирэхийг сэргийлж чадна.

       Тэд нар эд хөрөнгөө зараад мөнгөө хармайлаад орж ирвэл монгол улсын  засгийн газрын талаас нутаг заагаад л өгдөг юм бол өөр эд бодисоор дэмжиж тэтгэхгүйд тэд шууд ажил  үйлсээ босгож чадна.Нутаг үгүйн зовлонг  үзсэн хүмүүс хувь дахин илүү чармайн хөдөлмөрлөж удалгүй баян малчид болох нь ойлгомжтой.

         Монгол улс 20 шахам жилийн турш талхныхаа төлөө зүтгэж ирсэн гэж хэлж болох юм.Гэтэл энэ байдал удалгүй өөрчлөгдөж  монгол улс ч хөгжлийн шинэ үед орно.Иймд алсыг харж бодлого тогтоох хэрэгтэй болж байгаа юм.10 жилийн дараа хөдөлмөр хүч, дотоодын зах зээл гэдэг юм тун их үгүйлэгдэх болно.Тэр үед бид Катар, Кувейт шиг зүйл бүрийн арьстан өнгөтэнг өөрийн ард түмнээс олон болгох гэж үү?

       Хахир хүйтэн монгол нутагт хүний өсөлт ерөөс удаан бөгөөд зах зээлийн эринд хүн болгон сайн сайхан амар сэлүү амьдрахыг хөөцөлдөх болсон болохоор хүн ам түргэн өсөхийг нь битгий хэл өсөх ч хэцүү болно.Нэг айлд 2-3 хүүхэдтэй байж хүн ам өснө гэдэг бол худал.Манай монгол эцэг эхчүүд израли хүмүүс  шиг “Эх орныхоо төлөө” 8-10 хүүхэд төрүүлэх ажлыг хэзээ ч хийхгүй дээ

        Монгол улсад малчин оруулсны ач тус 10-20 жилд гарах болно.

        Эцэст нь хэлэхэд, зарим охор бодолтой хүмүүс, монгол улс одоогийн хүн амаараа байвал сая баян амьдарна, хүн ам хэдий цөөн бол төдий сайн, хүн нэмэгдвэл хоолыг хуваах болно гэж байна.Энэ бол тэнэг үг юм.Бас зарим жалгын үзэлтэй нэгэн, хужаа болсон монголыг оруулж цус холихын оронд “Цэвэр цусны монголоороо байя” гэж хэлдэг.Энэ бол шинжлэх ухааны бус, түүх соёлоо таг мартсан хүмүүсийн гажуу номлол буюу?

       Дээрх саналыг хянан болгоому.

                                                                                                  Б.Түмэн-Өлзий

                                                                                                      2008.11.5

     Хожмын хүмүүс Ц.Элбэгдоржийн хөшөөн  дээр “Тархан бутарсан монгол угсаагаа 21-р зуунд хураан цуглуулах гарааг эхлүүлсэн хүн” гэж сийлэх болно.

     Одоогоос 4 жилийн өмнө Өвөр монголын зохиолч Б.Түмэн-Өлзий өвөр монголоос малчин оруулж манай чононоос өөр юмгүй болсон хязгаар нутагт суурьшуулах төслийг төр засгийн тэргүүнд өргөн барьж байжээ.Манайхан “боломжгүй” гэсэн хариулт өгчээ.Ерөнхийлөгч Элбэгдоржийн “Монголчууд аа, монголдоо ирж амьдраач “гэсэн уриа хилийн гаднах монголчууд, тэр дундаа хятадын колоничлолд байгаа өвөрлөгчдийн дунд хаврын салхи, зуны хур мэт амилалын хүч өглөө. Дэлхийн монголчуудын хүчийг нийлүүлбэл манай улс хөгжихгүй гэж зовохгүй гэж бодогдуулнам.Өвөрлөгч зохиолчийн бичсэн энэ төслийг бүрэн эхээр нь хэрэгжүүлэх боломж  магад үгүй боловч 4 жилийн өмнө бичсэн зүйлийг өнөөдөр эргэн уншихад бас л сонирхолтой зүйл харагдана.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us