-Эрээн, Хөх хот, Бугатаас аялсан зугаатай
тэмдэглэл-
Хөх хотоос баруун зүгт би андуураагүй бол Далан
Харын уулсын хөндий уруудаж хот хоорондын буухиа автобус толь
мэт зурайх хурдны замыг эвхэж гарлаа. Хотоос гарсан гэхэд нэн
бэрх тосгон суурин бэсрэг хот замын хажуугаар тасралтгүй
жирэлзэнэ. Автобус нь зурагттай, цэвэр тохилог юм. Монголоор нэг
үг ч ганхийхгүй эргэн тойрон өвөөлжин толгойтой хятад хүмүүс.
Өвөрмонголчууд том хотууддаа монголоороо бараг
ярьдаггүй гэлцэнэ. Дээр үед манай дарга нарын орос сургууль
төгссөн хүүхдүүд монголоор ярихаасаа ичдэг байсан даг. Цагаар
баримжаалахгүй бол ямар нэг том суурин руу орж ирэхэд очих
газраа мэдэхгүй хүн хот гэж андуурч бууж мэдмээр юм. Иймээс яг
хоёр цаг гучин минут явна гэдгийгээ би “калькулятор”-тоо
суулгаад айдгүйгээ авдартаа хийчихсэн. Гэтэл манайхан шиг
“монголчилвол” яана аа гэх айдас гэнэт төрөв. Манайхан хоёр цаг
явах замыг гурван цаг ч явж мэднэ. Эсхүл ганц цагт ч шудрана.
Үгүй бол замд суувал яана. Тэгвэл миний тооцсон цаг будаа.
Хэрвээ тэгж зогсвол л зогссон цагаа “калькулятор”-тоо нэмээд
байх юм хуна. Энд харин манайхан шиг бүхнийг монголчилдоггүй цаг
бол цаг үйлчилгээ нь үйлчилгээ шиг ажээ.
Яг хоёр цаг гучин минутын дараа л вокзал дээр
хөгшнийхээ бөртийх бараа хүүгийнхээ царайг олж харлаа. Хоёр зуун
километр туулахдаа зогсох нь байтугай Бугатаас Эрээн хүртэл 700
км замыг найман цаг туулахад ганцхан удаа түлшээ цэнэглэнэ билээ.
Манай микрууд долоон буудал орох долоохон км-т түгээгүүр хайдаг.
“Монголчлох” сэтгэлгээ залхуугаас үүдэлтэй гэдэг. Маны энэ
гайхамшиг алсдаа гиннесийн номд ч орж мэдэх. Далаад онд манай
“Соёл-Эрдэнэ” хамтлаг Говь-Алтайн Бигэрт тоглоод цааш өөр сум
руу хөдөлжээ. Тэгтэл автобусны нь мотор халаад усгүй болчихож.
Өвөл шүү дээ. Яахаа мэдэхгүй баахан зогссоны дараа гар хөлөө
бээрч эхлэхэд бригад ахалж явсан эмэгтэй
-Хувинд бүгдээрээ шээ, гэж үүрэгджээ. Гадуур цас мөс хайж
явахдаа бүгд хөнгөрцгөөсөн учир дусал ч гарсангүй. Тоглолтынхонд
Бигэр сум өөрийн хийсэн ликёр дарс хүн бүрт бэлэглэсэн юм байж.
Усны оронд дарсаа хийе гэтэл моторын эд анги яах юм билээ гээд
жолооч нь хавьтуулсангүй. Тэгээд дараа нь яасан гээч. Бүгдээрээ
ликёроо уугаад хувиндаа шээгээд хөдөлцгөөсөн гэж байгаа. Энэ
жишээ гиннесийн номонд орж л таарна. Бугат гурван сая орчим
оршин суугчтай. Өвөр Монголын үйлдвэр соёлын том төв. Хуучин,
шинэ гэсэн хоёр хэсгээс хот бүрдэх бөгөөд хоорондоо хорь гаруй
км зайтай цэвэр цэмцгэр олон шулуун гудамжтай, хүмүүсийг тав
тухтай, амрах цэцэрлэгт хүрээлэн усан оргилуурт талбайгаар элбэг
юм. Бугат хятад даяар нэрд гарсан төмөрлөгийн болон цаас, сүүний
үйлдвэртэй аж. Гэхдээ тэр үйлдвэрүүд нь хаа байдаг юм бэ. Хот
дотроос нь л утаа, униар суунаглахыг олж үзсэнгүй. Дулааны
улиралд хотын цэцэрлэгүүд нь өвч ногоорч усан оргилууд нь тэнгэр
нумран цацарч гудамжны мод өдөр мэт гэрэл гэгээтэй. Тэнгэрт
сүүхийх байшингийн оройгоос неон гэрлүүд хотын дээгүүр хайчлан
тэмтэрч байх гэнэ.
Бугат хотын хүн амын амьжиргаа хүмүүсийн цэвэрч
боловсон байдал бусад хотоос дээгүүр юм байна. Автобус нь мөнгө
хураагч кондукторгүй. Зорчигчид урд хаалгаар орохдоо жолоочийн
хажуудах лацадсан мөнгөний хайрцаг руу нэг юань хийнэ.
Автобус авсаархан учраас өөртөө үйлчлэх
хэлбэрийг бүрдүүлэхэд нэн зохимжтой. Манайх шиг вагон шиг урт
цэнхэр юм Япон, Солонгост захиалчихаад зорчигчдыг гургалдай шиг
чихдэггүй аж. Ийм автобусыг кондукторгүй явуулна гэвэл санасны
гарз.
Харин сүүлийн үед үзэгдэх болсон эвэр шйг урдаа
хоёр гэрэлтэй бага оврын автобусанд туршиж болмоор санагдана.
Хөгшид оюутанд хөнгөлөлт алга. Бүх хүн автобусанд мөнгө төлнө.
Хааяа нэг зорчигч үнэмлэх харуулж буй нь төрийн тусгай албан
хаагч болов уу. Манайх тэтгэвэрийнхэн болон оюутныг унаанд
үнэгүй “дааж” байгаа нь намуудын байгуулсан засгийн газрын
зүгээс дараагийн сонгуульд “ар”-аа бодсон бялдуучлал юм. Иргэний
нийгэмд хамгийн хориотой зүйл хэл амаас болж алагчилж үзүүлдэг
янз бүрийн хөнгөлөлт.
Элдэв хөнгөлөлт урамшуулал нь намуудын нүүр
тахлах зэвсэг нь болсон төдийгүй нэг ёсондоо ардчилсан иргэний
нийгмийг “монголчилж” буйн хэлбэр юм. Манайхан “монголчилж”
ханахгүй ээ. Эдийн засгаа идэж “монголчилно”.
Эрүүлийг хамгаалахаа сөгдүүлж “монголчилно”.
Хамгийн сүүлийн жишээ хотын удирдлагууд хоёр мянган төгрөгийн
үнэтэй нөөцийн махыг дэлгүүрт гаргалаа. Манай арханд байдаг
“Миний дэлгүүр”-ийн хаалгаар суудлын тэрэгний тээшид долоон
ширхэг хонины гулууз хийж харагдав. Хүнсний захынхан эсхүл өөр
хүмүүс зах дээр өндөр үнээр дамлахаар уг арга хэмжээг
“монголчилж” байгаа нь тэр. Монгол монголоороо байх юмсан гэж
дээр дооргүй халаглана.
Үргэлжлэл бий.
И.Цэрэнжамц |