|
Өнөөдрийн
монгол |
2006.05.31 |
|
БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн Ази, Номхон
далайн хүрээлэн, Хятадын Ази, Номхон далайн институтээс эрхлэн
сар тутам Хятад хэлээр гаргадаг “Дандай Яа Тай” буюу “Өнөөгийн
Ази, Номхон далай” сэтгүүлийн 2006 оны №3-т ӨМӨЗО дахь Монгол
Улсыг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Түмэнцэцэгийн бичсэн өгүүллийг орчуулан нийтэлж байна. Манай
тухай ямар бодлого явагддаг нь уншигчдад сонин юм.
“ӨМ”-ын редакц
Товч агуулга:
Энэ өгүүлэлд Монгол Улс шилжилтийн үед орсноос
хойш тус улсын нийгэм, улс төрийн хүрээнд үндэсний үзэл хэрхэн
сэргэж байгааг задлан шинжлэв. Үндэсний үзэл Монголын нийгэмд /хятад
эхэд “дотоодын давхарга” гэж бичсэн/ нь гол төлөв үндэстэн,
шашны хийгээд үндэсний хэт даврах үзлээр илэрч байгаа бол төрийн
түвшинд улс орны холбогдол өгөх байдлаар илэрч байна.
Үүний зорилго нь:
Нэгдүгээрт, даяаршлын дайралтыг эсэргүүцэх,
хоёрдугаарт ард түмнийхээ тэмцэх зориг санаар бадрааж, гутранги
үзлийг багасгах, гуравдугаарт, соёлын хийгээд сэтгэл зүйн хувьд
хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох, дөрөвдүгээрт
дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж, олон улсын тавцанд нөлөө,
байр сууриа өргөтгөх замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал болж
байна.
Зангилаа Үг: Монгол улс /үндэсний үзэл/ Хятад,
Монголын харилцаа
Монгол Улс дахь Үндэстний хийгээд шашны асуудал
Нэг: Монгол улс дахь Үндэстний өнөөгийн гол
асуудал бол казахчуудийн хийгээд ястан хоорондын харилцааны
асуудал мөн
Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл 2004 оны байдлаар
Монгол Улсын хүн ам 2,504 сай байсан бөгөөд үндэстний бүтэц ч
харьцангуй цомхон буюу хүн амын дийлэнх /90 гаруй хувь/ нь
монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн
хэсэг нь бусад ястан юм. Халхчууд нь Монголын олон ястны дотроос
хамгийн олон хүнтэй нь бөгөөд нутгийн төв болон өмнөд хэсгийн 15
аймгийн оршин суугчдын дийлэнх нь юм. Монгол улсын нутаг
дэвсгэрт оршин суудаг дөрвөд, баяд, өөлд, урианхай, торгууд,
захчин, мянгад зэрэг ястан нь түүхэнд ойрад гэж тэмдэглэгдсээр
иржээ. Буриад, барга ястан Монгол улсын хойд болон зүүн хойд
хэсэгт оршин суудгаас буриудууд нь БНХАУ, ОХУ, Монгол улсад
тархан суурьшсан. Тэд орос хэл, оросын соёл, зан заншлын нөлөөнд
автсаны дээр ОХУ-д Буриадын Автономит БНУ байдгийг энд дурдах
хэрэгтэй. Монгол Улсын хүн амын таван хувь нь казахчууд, цаатан
түрэг угсааны зэрэг бусад яснты тоо маш бага буюу нийт хүн амын
нэг хувьд ч хүрэхгүй. Казах Үндэстэн Монгол улсын баруун
хязгаарын Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын ойролцоох
Багануурын нүүрсний уурхайн хотхонд төвлөрөн суудгаас гадна
нийслэлд бий. Тоо бүртгэлийн мэдээгээр, 1990 онд Монгол Улсын
казахчуудын тоо 133 мянга байсан нь нийт хүн амын 5,9 хувь гэсэн
үг юм. Казахчууд нь өөрийн хэл бичиг, ном хэвлэлтэй, исламын
шашин шүтдэг, Монгол улс дахь өөр үндэстний хамгийн том төлөөлөл
юм. Тэд гол төлөв мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд
нийслэл болон эдийн засаг, соёл хөгжсөн төвийн бүсээс алс хол
нутагладаг учраас нийгмийн амьдралаас олон талаар хоцорч ирсэн
нь Монгол улсын үндэстний бодлогын гажуудал юм.
1991 онд Бүгд найрамдах Казахстан Улсын уриалгыг
хүлээн авч Монголын казах иргэдийн зарим хэсэг нь Казахстан руу
шилжин суурьшсан байна. Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл 1992-1993
онд 50 мянга орчим хүн Казахстан руу нүүж очсоноос нэлээд нь
өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх болсноор шинэ ажил үйл, орчин
ахуйд идээшин дасч тэндээ суурьшсан, харин зарим нь ажил олохгүй,
шинэ нутагт идээшиж дасахгүй байсаар буцахад хүрсэн бөгөөд
Монгол Улс тэдний хувьд уян хатан хандаж хүээн авсан билээ.
Казах иргэд нүүсний дараа Монголд 80 мянга орчим казах үлдсэн
бол дээрх шалтгаанаар эргээд 100 мянгад хүрч нэмэгдсэн байна.
Казахстанд очиж суурьшсан зарим казах иргэн хоёрдмол иргэншилтэй
байх хүсэлт тавьсан ч монголын тал татгалзсан хариу өгсөн.
Монголчууд нь казахчуудтай хамт тэдний адил
нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул тэд бие биенийхээ соёл
иргэншлийн талаар ижилхэн сайн мэддэг. Монголын Засгийн газар ч
буддын шашны байгууллагууд ч казахчууд болон тэдний шашин
шүтлэгийг хүндэтгэж үздэг. Монголын Шинжлэх ухааны академи 1990
онд Баян-Өлгий аймагт “Баян-Өлгийн нийгэм, эдийн засгийн
судалгааны төв” тусгайлан байгуулж, улсаас даалгаж өгсөн олон
сэдвээр Засгийн газрын шийдвэр хэрэгжиж буй эсэхийг судалж байна.
Монголд хаа сайгүй сүм хийд олноор сэргээн байгуулах үед ч
Монголын бурхан шашинтны төв казахчуудад хөрөнгө мөнгөөр тусалж
байсан. Ийм учраас монголчууд казахчуудын хооронд Үндэстний
болон шашны зөрчил бараг байхгүй. Харин ХХ зууны 90-ээд оноос
нармай түргийн соёлын нөлөөгөөр Монголын казахчуудын зарим хэсэг
Засгийн газраас явуулж буй үндэстний бодлого, цөөнх үндэстний
эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд сэтгэл дундуур байгаагаа
илэрхийлж, туурга тусгаар улс болгох, эсвэл Бүгд найрамдах
Казахстан Улсын бүрэлдэхүүнд оруулж өгөх шаардлага тавьж байсан.
Гэвч энэ шаардлагыг олонх казах иргэн дэмжээгүй,
казахчуудын дунд хэт үндсэрхэг үзэлтэн харьцангуй цөөн тул
Монгол Улсын дотоодод улс төрийн онцгой нөлөө үзүүлж чадаагүй.
Монголд үндэстний талаар тодорхой бодлого
байхгүй, үндэстний цөөнхий төлөөлөгчид улс төрд оролцох,
боловсрол эзэмших зэрэг харилцааг зохицуулсан хууль тогтоомж
байдаггүй. Ийм учраас казах зэрэг цөөнхүүд нь зарим талаар
сэтгэл дундуур байдаг. Монголын ястан хоорондын гол асуудал нь
хүн амын үнэмлэхүй олонхийг эзэлдэг халх болон бусад цөөнх ястны
хооронд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хийгээд түүхээс
үлдэж хоцорсон зөрчил байдаг. 1990 оноос хойш дотоодын зөрчлийг
арилгах зөв замд орж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг тууштай
хэрэгжүүлж эхэлсэн нь зохих ач тусаа өгсөн.
Хоёр. Монголын нийгэм улс төрийн амьдралыг “либеральчлах”,
“ардчиллах” үйл явцад шашны төвөгтэй асуудал гарч ирэв
Монголд олон шашин, шашны урсгал нэгэн бий болж,
зэрэгцэн орших болсон нь өнөөгийн Засгийн газрыг төдийгүй юм
эрэгцүүлэн боддог жирийн хүмүүсийг ч шашны ирээдүйн зохицлын
талаар санаа зовниход хүргэж байна. Уламжлалт буддын шашин,
исламын шашин сэргэснээс гадна католик, үнэн алдартны,
евангелийн, шинэ мөргөлийн, исус дахин мэндэлсний, гэгээн эхийн,
мормоны зэрэг загалмайтны шашны олон урсгал, түүнчлэн бахайн,
монихейн, Ананда Марга зэрэг олон шашин сүүлийн 10 гаруй жилийн
хугацаанд ар араасаа цувран орж ирсэн.
Тэдгээрийн зарим нь нэгэнт хууль тогтоомжинд
нийцсэн байр суурьтай болсон боловч харьцангуй олонхи нь хууль
бусаар үйл ажиллагаа явуулж байна. Монголын Холбогдох
байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар, тус улсын нутаг
дэвсгэр дээр 216 сүм хийд /хурлын газар/ үйл ажиллагаа явуулж
байгаагаас зөвхөн 70 нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай
хууль”-ийн заалтын дагуу албан ёсоор бүртгүүлсэн ажээ. Үлдсэн
146 нь бүртгүүлээгүй, өөрсдийн дур зоргоор ажиллаж буй хууль бус
сүм хийд юм. /Монголын “Өнөөдөр” сонины 1997 оны 8-р сарын 21-ны
дугаарт бий/ Ийм байдал өнөөгийн Монголын Засгийн газрыг
цочирдуулж байна. Тэрч байтугай “Исусийн сүм”, “Монголын
католик сүм” зэрэг шашны зарим байгууллага төрийн байгууллагын
байранд байрлаж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна. /мөн тэнд
бий/. Монгол улсын “Төр сүм хийдийн харилцааны тухай хууль”-д
төрийн байгууллагын байранд шашны үйл ажиллагаа явуулахыг
хориглосон заалт байдаг. Засгийн газрын зарим хариуцлагатай
албан тушаалтан, судлаачид шинэ тутам орж ирж буй шашны
урсгалууд ялангуяа, шинэ мөргөл, евангел, бахай зэрэг нь хүүхэд
залууст ихээр нөлөөлж хурдан тархаж байгаа бөгөөд 15-20 жилийн
дараа уламжлалт ба уламжлалт бус шашны хооронд дайсагналцсан
нөхцөл байдал үүсгэж болзошгүй, тэгвэл өнөөдөр зарим улсад гарч
байгаа шашин хоорондын мөргөлдөөний эмгэнэл Монголд давтагдахгүй
гэх баталгаа байхгүй хэмээн үздэг ажээ. Ийм учраас олон шашин
зэрэгцэн оршихыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал Монголын
Засгийн газрын санааг ихээхэн зовоож байна.
Уламжлалт шашныг сэргээхийн зэрэгцээ шашны
үндсэрхэг үзлийн тэлэлтийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь Монголын
Засгийн газар, олон нийтийн сэтгэлийг чилээж буй удаах асуудал
болж байна. Монголын түүхэнд шашны байр суурь хэмжээлшгүй өндөр
байсныг бүгд санаж байгаа. Олон шашин бодитой оршин буй энэ цэг
үед уламжлалт шашныхаа байр суурийг хэрхэх вэ гэдэг нь Монгол
улсын засгийн газрийн өмнө тулгарч буй бас нэгэн асуудал юм.
“Төр сүм хийдийн харилцааны тухай хууль”-д заахдаа “…Ард түмний
эв эе болон соёлын уламжлалыг хамгаалах үүднээс Монголын төр
Монголд дэлгэрсэн шашнуудын дунд буддын шашин тэргүүлэх байр
суурьтай хэмээн хүндэтгэж үзнэ. Энэ нь иргэд бусад шашныг биширч
шүтэхэд огт харшлахгүй…” гэж заажээ.
Монголын Буддын шашны хүрээнийхэн Далай ламтай
онцгой харилцаатай, түүхэн дэх Жавзандамба богд заларч байсан
хйигээд түүний 13 дахь дүрийг тодруулах асуудал ч бас эмзэг
сэдэв юм. Далай лам 1990 оноос хойш Монголын шашны хүрээнийхний
урилгаар дөрвөн удаа энд айлчилсан. Энэтхэгт байдаг 9-р Богд
гэгч 1999 оны 7-р сард Монголд хууль бусаар айлчилсан. Энэ бүхэн
нь Монгол дахь шашны асуудал нэлээд төвөгтэй болохыг харуулж
байна. Шашны зарим зүтгэлтэн МАХН, төр засгийн шийдвэрээр ХХ
зууны 20, 30-аад оны үед Халхын нутагт хутагт, хувилгаан зэрэг
амьд богдуудыг тодруулахыг хориглосон явдлыг буруушааж, тэдгээр
шийдвэрийг цуцлах нь зөв хэмээн үздэг. Үүнд Монголын Засгийн
газар ямагт хянуур нухацтай хандаж ирсэн. Анхаарал татсан нэг
баримт бол 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын ардчилсан
намаас нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайхан Далай ламын хойд дүрийг
Монголоос тодруулахыг зөвшөөрнө гэж амалж дотоод гадаадынхгы
анхаарлыг өөртөө татаж байсан. Энэ нь бас л Монголын шашны
асуудлын нэгэн ээдрээтэй тал билээ.
Гурав: Хэт үндсэрхэг үзэл тастартгүй илэрсээр
байна
Хэдийгээр Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэггүй
ч гэлээ хэт үндсэрхэг үзэл Монгол Улсад илэрсэн хэвээр байна. “Ардчилал”,
“эрх чөлөө”-ний далбаан дор зарим хүн болон байгууллага
боломжийг ашиглан хэт үндсэрхэг үзлийг сурталчилсаар байна.
Тухайлбал, Монголд улс төрийн нам үүсч хөгжих явцад Монголын
Үндэсний ардчилсан социалист нам Монголын уламжлалын нэгдсэн нам,
Шашинтны ардчилсан нам зэрэг хэт ардчилсан намууд гарч ирсэн,
мөн олон улсын чанартай “Дэлхийн монголчуудын холбоо” зэрэг
төрийн бус байгууллага гарч ирсэн, Монгол Улсад хэт үндсэрхэг
үзэлтнүүдэд сурталчилгаа явуулах давцан болсон “Хөх толбо”, “Ил
товчоо” зэрэг сонин, сэтгүүл гарч ирсэн. Сүүлийн жилүүдэд
Монголын улс төрийн нам төрийн бус байгууллагын төлөвшилтийн
явцад улс төрийн зарим нам, байгууллага үгүй болж, зарим нь
бусад намтай нэгдэж, өмнө нь байсан хэт үндсэрхэг үзлийн санаа
алдагдаж байна. Зардал, мөнгөний гачаал зэргээс шалтгаалан зарим
сонин сэтгүүл гарахаа больсон хэдий ч зарим нь өнөө хүртэл
үргэлжлэн гарсаар, хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан материал
тогтмол нийтэлж, үндэстний талаархи манай бодлогыг дайрч
давшилсаар байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг өндөр
хурдтай хөгжиж, Монгол Улсад үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэхийн
хэрээр эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөн гарсаар байгаа
билээ. Үүний зэрэгцээ Хятадын ноёрхлын түүхийн “сүүдэр”
арилаагүй, АНУ, Япон зэрэг өрнөдийн улсуудын дэмжлэг болон
“Хятадын аюул заналын тухай онол” зэрэг шалтгаанаас үүдэн Монгол
Улсын хэт үндсэрхэг үзлийн үзүүр ихэвчлэн Хятад руу чиглэж байна.
2005 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс дахь Хятадын хөрөнгө
оруулалтай аж ахуйн нэгжүүд “Даяар Монгол хөдөлгөөн”-ий
дайралтанд өртөж, эд хөрөнгийн хохирол амссан. Үүнийг бид
анхаарахгүй байхын аргагүй.
Монгол Улс дахь үндсэрхэг үзлийн үүсэл, хөгжил
Шилжилтийн үед төрийн давхаргад үндсэрхэг үзэл
үүсэн хөгжсөн нь дараахь хоёр гол шалтгаанаас болсон. Үүнд:
Нэгдүгээрт, хүйтэн дайн дууссан нь Зөвлөлтийн социалист
системийн гавд байсан Монгол Улсад олон улсын дүр төрхөө шинээр
тогтоох, түүхээ өөрөө дүгнэх боломж олгож, олон улсын шинэ
нөхцөлд байдалд үр ашигтай байр суурь эзлэх хүсэл эрмэлзэл
төрүүлсэн. Энэ үйл явц төрийн давхаргад буюу албан ёсны хүрээнд
“Үндсэрхэг үзэл” бий болоход түлхэц өгсөн. Хоёрдугаарт,
даяаршлын хүчтэй дайралтын нөхцөлд Хятад, Орос хоёр их гүрний
дунд хавчуулагдсан Монгол геополитик, эдийн засаг, соёлын хувьд
ашиггүй, тохиромжгүй байдалд орж, улс орны эрх ашиг /орших, эс
орших, цэцэглэн хөгжих эсвэл унаж доройтох/ дахь үзэл бодлын
тогтолцоо болон нийгмийн байдал нь үндсэрхэг үзлийг тус улсын
бүрэн эрх, тусгаар тогтнолын талаархи эмзэглэл улс орны аюулгүй
байдлын стратегийн талаарх чухалчлах үзлийн улам тод илэрхийлэл
болж байна. Эдгээр нь дараах байдлаас тодорхой харагдаж байна.
Үүнд:
Нэг: Үндэснийхээ соёлыг сэргээх, түүнийг
сурталчлахад анхаарч байна
1996 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын
соёлын бодлого”-доо “Монгол Улсын соёл бол тус улсын тусгаар
тогтнол, аюулгүй байдлын баталгаа, Монголын ард түмний үндэсний
бахархал, үндэсний эв нэгдлийн үндэс, хөгжлийг ахиулах тулгуур
цэг мөн” гэж заасан. Иймэрхүү үзэл санааны жолоодлогын дор
Монгол Улс үндэсний уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх
чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Хууль тогтоомжийг Чангатгаж, хуулийн дагуу
үндэсний соёлын аюулгүй байдлыг баталгаажуулсан. ХХ зууны 90-ээд
оны үеэс эхлэн улс орны дотоод, гадаад шинэ нөхцөл байдлаас
үүдэн Монгол Улс улс орныхоо аюулгүй бйадалд чухал ач холбогдол
бүхий гол хууль тогтоомжоо шинэчилсэн бөгөөд эдгээрээс олон
тооны хууль тогтоомж нь үндэсний соёлыг хамгаалахтай холбоотой
байв. 1992 онд шинэ Үндсэн хууль батлан гаргасны дараа Улсын Их
Хурлаас 1993 онд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, 1994
онд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,
“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Монгол Улсын
соёлын бодлого”, “Монгол улсын экологийн бодлого” зэрэг олон
баримт бичиг батлан гаргасан. Ийнхүү улс орны соёлын аюулгүй
байдал хуулийн хамгаалалттай болсон.
БНХАУ-ын
Нийгмийн ухааны академийн Ази, Номхон далайн хүрээлэн, Хятадын
Ази, Номхон далайн институтээс эрхлэн сар тутам Хятад хэлээр
гаргадаг “Дандай Яа Тай” буюу “Өнөөгийн Ази, Номхон далай”
сэтгүүлийн 2006 оны №3-т ӨМӨЗО дахь Монгол Улсыг судлах
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэгийн бичсэн
өгүүллийг орчуулан нийтэлж байна. Манай тухай ямар бодлого
явагддаг нь уншигчдад сонин юм.
2. Түүх,
соёлын өвийн талаархи судалгааг чухалчилж, улсын түүагээ
шинэчлэн засварлав. Монгол Улс байгуулагдсаныхаа дараахь анхны
жилүүдээс өөрийн орны түүх, археологийн судалгаанд ихээхэн
анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн
дэргэдэх Түүх, археологийн хүрээлэн нь анхны хүрээлэнгүүдийн нэг
юм. 1946-1954 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид хамтран “БНМАУ-ын
түүх” хэмээх анхны номыг бичиж гаргасан. 1965 онд Монголын
эрдэмтэд уг номд үндэслэн “БНМАУ-ын түүх” хэмээх гурван боть ном
гаргасан. Тухайн үеийн үзэл суртлын нөлөө болон хязгаарлагдмал
нөхцөл байдлын онцлогоос шалтгаалан дээрх хоёр удаагийн
“БНМАУ-ын түүх” нь тэр үеийн Зөвлөлтийн албан ёсны үзэл суртлын
номлолын дагуу бичигдсэн учир Монгол гүрэн болон Чингис хаан,
түүний эхлүүлсэн аян дайн зэрэгт бүгдэд нь сөрөг дүгнэлт
гаргасан.
Шилжилтийн
үед орсноор Монгол Улс өөрийн түүх болон түүхийг үзэх үзлээ
дэлхий дахинд улам тод танилцуулж, Монгол Улсын өнө эртний түүх,
гялалзсан соёлыг харуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч
“Монгол Улсын түүх”-ийг шинээр бичих зарлиг гаргасан. 2003 оны
арванхоёрдугаар сард таван боть бүхий “Монгол Улсын түүх”
хэвлэгдэн гарсан. Өмнө нь хэвлэгдэж байсан түүхийн номуудаас
ялгаатай нь энэ номыг Монгол Улсын эрдэмтэд бие даан дангаар
бичсэн юм. Энэ ном олон шинэ агуулгатай. Нэгдүгээрт, археологийн
судалгааны дүнг ашиглан монгол газар нутагт хүн амьдарч байсан
түүхийг 450 мянган жилээр урагшлуулж, 750 мянган жилийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн аж төрж байсан төдийгүй дэлхийд
мал аж ахуй анхлан үүсч хөгжсөн гурван газрын нэг гэж үзсэн.
Хоёрдугаарт, “Чингис хааны Монголын хийгээд дэлхийн түүхэнд
гүйцэтгэсэн үүргийг бүхэлд нь шинэчилж, үндсээр нь өөрчлөн”,
урьдынхтай адилгүй байр сууриас дүгнэн, Чингисийг “даяаршлын
эхлэлийг тавигч, Монгол Улсыг эмхлэн байгуулагч, агуу их
удирдагч, Монгол үндэстний ялагдашгүй баатар, аугаа их хүн” гэх
зэрэг үзэл санааг гаргаж ирсэн. Шинэ түүх нь “монгол хүний өвөг
дээдэс эрт дээр үеэс өөрийн гэсэн газар нутагтай, хоёр мянган
жилийн өмнө өөрийн улсаа байгуулсан”, Монгол Улсыг Хүннү болон
Их Монгол гүрний залгамж, Чингис хааныг Монгол Улсыг үндэслэн
байгуулагч, 1911, 1921 оны хөдөлгөөнийг “үндэсний хувьсгал”,
“үндэсний ардчилсан хувьсгал” байсан, манж нар бол
түрэмгийлэгчид, Цин улсын хаан бол колоничлон ноёлогч гэсэн үзэл
санааг гаргаж тавьсан. Монгол Улс ийнхүү хүч, хөрөнгө үл хайрлан
түүхээ засварлаж, түүхийн бодит байдлаас хүчтэй нүүр буруулан,
Хятадтай хэлхээ холбоо бүхий түүхээ үгүйсгэж байна. Үүний
зорилго нь соёлын аюулгүй байдлаа чангатгаж, соёл, түүхийн
талаар хөрш орнуудаасаа ялгарах тод “зааг” тогтоох явдал юм.
3.
Уламжлалт бичиг үсгээ сэргээе. Монголчууд нь түүндээ янз бүрийн,
түүний дотор уйгур, уйгуржин монгол, дөрвөлжин, тод зэрэг бичиг
үсэг хэрэглэж иржээ. XX зууны 30-аад он хүртэл монгол үндэстнүүд
дагнан уйгуржин монгол бичиг, баруун монголчууд тод бичиг
хэрэглэж байсан. 20-30-аад оны үед хуучин ЗСБНХУ-ын Буриадын
Автономит Бүгд Найрамдах Улс болон Халимагийн Автономит Бүгд
найрамдах улс уламжлалт бичиг үсгээ сольж кирилл үсгэн дээр
тулгуурласан шинэ бичиг хэрэглэх болжээ. 40-өөд оны үед БНМАУ (өнөөгийн
Монгол Улс) мөн уламжлалт бичгээ сольж, 1946 оны нэгдүгээр сарын
1-ний өдрөөс эхлэн улс даяараа кирилл үсэг хэрэглэх болсон байна.
1990 онд Монгол Улсад өөрчлөлт гарсны дараа 1991 оны тавдугаар
сард Монгол Улсын Бага хурал (парламентын байнгын хороо)-ын 36
дугаар тогтоол гарч, 1994 оноос эхлэн улс даяар монгол бичгийг
сэргээн хэрэглэхээр болсон. Гэвч зардал хөрөнгө зэрэг
шалтгаанаас болж уг шийдвэр хэрэгжээгүй юм. 1995 онд Монгол
Улсын Их Хурал Засгийн Газраас өргөн барьсан “Монгол бичгийн
Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уламжлалт бичгээ сэргээж чадаагүй
шалтгааныг дүгнэн 10 жилийн хугацаатай монгол бичгийг сэргээн
хэрэглэх хөтөлбөрийг баталсан. 2005 онд энэ хөтөлбөрийн хугацаа
дууссан ч улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэх зорилт
хэрэгжээгүйгээр үл барам уламжлалт бичиг үсэг нь Монголын соёлын
бэлгэ тэмдэг төдий ач холбогдолтой зүйл болсон байна. Одоогоор
зөвхөн төр, засаг болон яам, албан байгууллагуудын тамга,
тэмдэгт уламжлалт монгол бичгийг хэрэглэж байна. Гадаадын төр,
засгийн тэргүүн нарыг хүлээн авдаг Монгол Улсын Төрийн ордны
хүндэтгэлийн танхимд мөн Чингис хааны сургаал үгийг монгол
бичгээр бичиж байрлуулсан байдаг.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны тавдугаар сарын 2-ны өдрийн
зарлигийн дагуу Монгол Улс анх удаа төрийн хэмжээнд монгол
бичгийг хэрэглэсний 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах
гэж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж буйн зорилго
нь Монгол Улсын соёлын түүхийг дэлхийд таниулах, ард иргэдийн
үндэсний ухамсар, бахархлыг сэргээх, уламжлалт монгол бичгийг
сэргээх үйл ажиллагаанд түлхэц өгөхөд оршиж байна. 2004 онд
Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойшхи Ерөнхийлөгчийн
зарлигийг уламжлалт монгол бичгээр нэг хувь хөтлөн үүрд хадгалж,
хойч үедээ соёлын өв болгон үлдээх шийдвэр гаргажээ.
4.
Уламжлалт зан заншлаа сэргээн, уламжлалт соёлын талаархи
судалгааг эрчимжуулж байна. Монгол ардын хувьсгал ялснаас хойш
1990 он хүртэлх 70 гаруй жилийн хугацаанд Монголын зарим
уламжлалт баяр ёслол болон зан үйл орхигдож, зарим нь бүр
мартагдаж үгүй болсон байна. 90-ээд оноос эхлэн Монгол Улс
уламжлалт соёл, зан заншлын судалгааг эрчимжүүлж соёл, зан
заншлаа сэргээх талаар багагүй ажил хийлээ. Үүнд, монгол
тооллоор шинэ жилийг тэмдэглэх, төр, засгийн удирдлагууд монгол
тооллын шинэ жил, ардын хувьсгалын ялалгын ой зэрэг томоохон
баяр ёслолоор үндэсний хувцсаа өмсөх, цагаан сараар золгож
мэндлэхдээ заншил ёсоор хөөргөөр тамхилах, төр, засгийн тэргүүн
нар тамгаа шилжүүлэхдээ хадган дээр тавьж өргөн, мөнгөн аягатай
сүү барих, Монгол Улсын Ерөнхийлөгч уулын тахилгын ёслолд
биечлэн оролцох, цэрэг армид хар сүлдийг тахих, төр, засаг
төрийн цагаан сүлдийг тахих зэрэг уламжлалт ёс заншлыг сэргээн,
цэргийн ангиудад ёс заншлын танхим байгуулж, ламаар ном
уншуулахыг зөвшөөрсөн. Ард түмний уламжлалт зан заншил аажмаар
сэргэн төрөөс үндэсний уламжлалт соёлын өвд ихээхэн анхаарч
морин хуур болон уртын дууг “хүн төрөлхтөний соёлын өв”-д
бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хөрөнгө мөнгө гарган
ахмад урчуудын урлал бүтээлийг уламжлуулан авч, соёлын өвийг
авран хамгаалж байна.
5. Бурханы
шашныг дэмжин, уг гиашнаар гол болгосон шашны бодлогыг
хэрэгжүүлж байна.
Монгол Улсад шилжилтийн үед уламжлалт шашин түргэн сэргэж
байгаагаас гадна бусад олон шашны шинэ урсгал ч нэвтрэн орж ирж
байна. XYI зуунаас эхлэн Түвдээс нэвтэрсэн бурханы шашин
Монголын түүхэнд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Олон
шашин зэрэг оршин тогтнох хандлагатай тулгаран Монгол Улс 1993
онд “Төр, шашны харилцааны тухай хууль” баталжээ. Энэ хуулийн 2
дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт: “Монгол Улсын
төр ард түмнийхээ амьдрал, соёлын уламжлалыг хамгаалах үүднээс
бурхны шашны Монгол Улс дахь зонхилох байр суурийг хүндэтгэнэ.
Энэ нь иргэдийг бусад шашин шүтэхэд саад болохгүй юм” гэж заажээ.
Бурханы шашны голлох байр суурийг хадгалахын тулд засгаас
хөрөнгө гарган Гандан хийдэд Жанрайсэг бурхныг бүтээн босгож төр,
засгийн тэргүүн нар монгол тооллын шинэ жил бүрээр Гандан хийдэд
ирж Жанрайсэг бурханд мөргөх болсон, 1990 оноос хойш дөрвөн удаа
XIY Далай ламыг Монгол Улсад айлчлахыг зөвшөөрөн, Монгол Улсыг
бурханы шашинт улс хэмээн онцлон сурталчилж, Далай ламын
цагаачилсан Энэтхэг болон бусад орноос лам хувраг урьж
ирүүлэхийг дэмжин, гадаад оронд бурхны шашны сүм хийд барьж,
Төвдийн бурханы шашны олон урсгал болон бусад улсын бурхны
шашинтнууд, олон улсын энх тайвны байгууллагуудтай нягт хамтран
ажиллаж байна. 2003 оны есдүгээр сард бурханы шашны телевизийн
суваг нээсэн.
6. Чингис
хааны судалгаа, сурталчилгааг эрчимжүүлж байна. Чингис хаан нь
нэрт түүхэн хүн бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мянганы
аугаа хүн юм. Тэрээр Монголын тал нутгийг нэгтгээд зогсохгүй
Монгол үндэстнийг бий болгон Евро-Азийн олон улс, үндэстэнд асар
их нөлөө үзүүлсэн хүн. Мөн Өрнө, дорнын соёлын солилцоо, төрийн
өөрчлөлт, дэлхийн түүхийн хөгжилд өмнө байгаагүй үүрэг
гүйцэтгэсэн. Монгол Улс мөн Чингис хааны энэхүү даян дэлхийд
танигдсан “алтан гэрэгэ”-ний үнэ цэнийг ойлгож, бүх талаар
ашиглан сурталчилж байна. Чингис хаан бол монгол үндэстний
баатар, Монгол Улс бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улсыг
залгамжлагч гэж нотлох санаатай археологийн судалгааны болон
сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна. Хятадын судлаачдын
“Чингис хаан бол хятад үндэстний өвөг дээдэс”, “Чингис хаан нь
монгол үндэстний төдийгүй бас хятад үндэстний баатар” гэсэн үзэл,
үнэлэлтийг монголчууд огт ойшоохгүй байна. Сүүлийн жилүүдэд
Монгол Улс археологийн судалгааны ажилд онцгой анхаарч байна.
1990 оноос эхлэн Япон, АНУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улстай
археологийн талаар хамтран ажиллаж, гол нь Чингисийн онгоныг
олох, ингэснээрээ Чингис нь Монголд төрсөн төдийгүй, Монголд
онгологдсон, Монголын хаан гэж нотлох зорилготой байна. 2004 онд
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтран Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг
зурсан. Энэхүү зарлигийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 800
жилийн ойн жил 2006 онд нэлээд олон арга хэмжээ зохиох юм.
үүнтэй
холбогдуулан 2004 онд Ерөнхий сайдаар ахлуулсан зохион байгуулах
хороо байгуулагдсан. 2005 оны арванхоёрдугаар сард мөн Ерөнхий
сайдын удирдлагаар гадаад, дотоодод салбартай, аж ахуйн нэгж,
хувь хүмүүсийн 2006 оны дурсгалын арга хэмжээнд аориулахаар
цуглуулсан хандивын хөрөнгөөр “Их Монгол Улс-800 сан” байгуулаад
байна. Үүний зорилго нь Хятад Улстай соёлын холбоотойгоо
үгүйсгэн таслахад л оршиж байгаа юм.
Хоёр.
“Олон тулгуурт” гадаад бодлогын стратеги боловсруулав
1990 оноос
өмнө Монгол Улс гадаад бодлогын хувьд ЗХУ, зүүн Европын
социалист лагерийн “нэг тал”-ыг барьсан гадаад бодлого
баримтлагчдын эгнээнд багтаж байв. Улс төрийн хувьд ЗХУ-ын эрх
ашгийг хамгаалж, эдийн засаг нь ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн
орнуудыг түшиж, соёлын хувьд Зүүн Европыг дагаж байсан. Хүйтэн
дайны үе төгссөнөөр Зүүн Европын байдал өөрчлөгдөн, ЗХУ задарч
Монгол Улсын гадаад харилцааны орчинд бодит өөрчлөлт гарсан.
Монгол Улсын улс төрд ардчиллын үйл явц өрнөж эхэлсэн бөгөөд зах
зээлийн эдийн засаг руу шилжих болсон. 1993 онд Монгол Улс шинэ
“Үндсэн хууль”-аа мөрдөж эхэлсзн бөгөөд түүний 10 дугаар бүлгийн
нэг дүгээр заалтад “Монгол Улс олон улсын хэм хэмжээнд нийцсэн
энх тайванч гадаад бодлого баримтална” гэж заасан. 1994 онд
Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын гадаад бодлогын үзэл
баримтлал”-ыг батлан гаргаж эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт
хэмээн гадаад бодлогоо тодорхойлж, гадаад харилцааныхаа үндсэн
чиглэлийг бий болгосон. Түүний дотор Орос, Хятад хоёр их
хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг гадаад
бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхойлсон. Мөн АНУ, Япон,
ХБНГУ, хөгжингүй бусад оронтой харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ
Ази, Номхон далайн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэж заасан.
Ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутагт тэргүүлэгч гадаад бодлого
явуулна гэсэн. НУБ болон түүний харьяа байгууллагууд, Дэлхийн
банк, ОУВС-тай харилцаа хөгжүүлэх нь дэс дараагаараа Монгол
Улсын гадаад бодлогын 2, 3, 4 дэх чиглэл болсон. Сүүлийн
жилүүдэд энэ үзэл баримтлалаа мөрдсөнөөр Монгол Улсын гадаад
харилцаа цоо шинэ дүр төрхтэй болсон.
Гурав. Эх
оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улс
нь залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байна.
2004 онд Монгол Улсын Их хурал “Улсын тэмдэглэлт өдрүүдийн тухай
хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын
1-ний өдрийг “Эх орончдын өдөр” (1921 оны гуравдугаар сарын
1-ний өдөр Монгол Ардын Хувьсгалт Нам анхдугаар их хурлаа хийж,
намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж, Төв хороогоо байгуулсан)
болгон тэмдэглэж байхаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч эх
оронч үзлийг төлөвшүүлэхийг удаа дараа онцлон тэмдэглэж, хүүхэд,
залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь улсын тусгаар
тогтнолын гол баталгаа болно гэж хэлсэн. Ерөнхийлөгч мөн улсын
анхдугаар Үндсэн хуулийг баталсан, Бүгд Найрамдах Улс
тунхагласны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг
гаргасан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын удирдлагаар Засгийн
газар нь алт, мөнгө, үнэт чулуугаар урласан дэлхийд хосгүй
“Монголын нууц товчоо” номыг бүтээж Төрийнхөө ордны хүндэтгэлийн
танхимд залжээ. Түүний зэрэгцээ айл өрх бүр “Монголын нууц
товчоо”-г гэрийнхээ хойморт залж, эрдэмтэн мэргэд бүгдээрээ
түүнийг гүнзгийрүүлэн судлах, оюутан, сурагчдад
төлөвлөгөөтэйгээр заан таниулахыг уриалсан. Монгол Улс эдийн
засгийн бэрхшээлтэй байгаа хэдий ч үндэсний баатрын тухай уран
сайхны болон баримтат кино бүтээж, ингэснээр эх оронч үзэл
санааг сурталчлан дэлгэрүүлж, эх оронч хүмүүжил олгох өв
материал бий болгох зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион
байгуулах болсон.
Дүгнэлт
Дээр
дурдсан байдлыг дүгнэн үзэхэд, Монгол Улсын дотоодын давхарга
буюу нийгмийн хүрээнд үндэстний асуудал төдий л түвэгтэй биш.
Энэ йь ердөө цөөн тооны казахчуудын зүгээс тавьж буй хэрээс
хэтэрсэн шаардлагаар илэрдэг. Иймд Монгол Улсын Засгийн газар
зөвхөн цөөнх үндэстнээ онцлон анхаарсан, зах хязгаар нутгийн
эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн, тохиромжтой
үндэсний бодлого баримталснаар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж
чадна. Харин үндэсний хэт даврах үзэл Монголд оршин тогтносоор
байгаа нь Монгол Улсын Хятад, Орос хоёр хөрштэйгээ хөгжүүлэх
харилцаанд тусах нөлөөллийг дэвэргэх магадлалтай. Тиймээс Монгол
Улсын Засгийн газар түүнийг дураар нь тавьж өчүүхэн зүйлийн
төлөө том алдаа гаргахгүй биз гэж итгэж байна. Монголын нийгэмд
үндэсний хэт даврах үзлийг хөхиүлэн дэмжих орон зай маш бага.
Гэвч Хятадын эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийн аливааүйл явуулга нь
Монгол, Хятадын харилцаа болон Хятадын дотоод дахь үндэстэн
хоорондын харилцаанд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой.
Монгол Улсын албан ёсны үндэсний үзлийн зорилго тодорхой. Энэ нь:
1.
Даяаршлын хцчтэй дайралтад хариу барих. Асар хурдтай хөгжиж буй
шинжлэх ухаан технологи болон мэдээллийн технологи нь даяаршлыг
аяндаа хурдасгаж байна. Энэ нь улс төр, эдийн засагт төдийгүй
нийгэм, соёлын бүх салбарт Монгол мэтийн буурай орныг нэрвэх
нөлөө ихтэй. Ийм нөхцөлд даяаршилд яаж хариу барих нь Монгол
Улсын Засгийн газрын хувьд хамгийн ихээр сэтгэл зовоосон
асуудлын нэг мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч нэгэнтээ “Монгол Улс:
Даяаршилд уусан орох уу, эсвэл дангаараа хоцрогдмол үлдэх үү”
гэсэн сэдвээр уншсан лекцдээ “Монгол Улс улс төр, эдийн засаг,
шинжлэх ухаан технологийн салбарт даяаршилд аяндаа татагдан орно.
Гэвч соёл, урлагийн талаар уламжлалт охь дээжээ хадгалан үлдэж,
дэлхийн соёлын олон төрөл зүйлд хувь нэмрээ оруулах ёстой” гэж
тэмдэглэсэн.
2.
Монголын ард түмний тэмцэх зориг санааг бадрааж, гутрангуй
үзлийг /итгэлээ алдах/ багасгах. Монгол үндэстэн Чингисийн үед
Евро-Азийг довтолсноор хүн төрөлхтний соёлын солилцоонд асар их
хувь нэмэр оруулсан. Харин XX зуунд дэлхийн хамгийн хоцрогдмол
хэсгийн нэг болж ухарсан. Монголд ардын хувьсгал ялсны дараа
Монгол Улс дэлхийн хоёр дахь социалист орон болж эдийн засаг,
нийгэм нь хурдтай хөгжиж, гялалзсан амжилт олж байсан. Дараа нь
Зүүн Европ болон ЗХУ-ын өөрчлөлтийг даган Монгол Улсын эдийн
засаг, нийгэм гүнзгий хямралд орсон боловч сүүлийн жилүүдэд
эдийн засагт нь нааштай зарим төлөв байдал ажиглагдаж байгаа.
Гэвч ажилгүйдэл буурахгүй, баян хоосны ялгаа нэмэгдсэнээр
иргэдийн дунд улсынхаа хөгжилд итгэл алдрах явдал байсаар байна.
Иймээс Монгол Улс томоохон түүхт өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээ
өрнүүлж байна. Үүний гол зорилго нь эх оронч үзлээр хүмүүсийн
ухамсрын хоосон орон зайг нөхөх, ард түмний үндэсний бахархлыг
сэргээх, нэгдэл нягтралаа нэмэгдүүлэх, нийгмийн шат давхарга
хоорондын хагарлыг багасгахад оршиж байна.
3. Соёл
болон сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар
тогтоох. Монгол Улсын газар зүйн байршил өөрийн онцлогтой, Орос,
Хятадын дунд байрладаг, тусгаар тогтнохоосоо өмнө Цин улсын
дарлалд байсан. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа “ах” ЗХУ-ын
нөлөөнд олон жил байсан. Тийм ч учраас Монгол нь Хятад болон
Орост эргэлзсэн хэвээр байна. Монгол Улс хоёр их гүрний дунд
хавчуулагдсаар харьцангуйгаар доройтож буурчээ. Урьд нь зөвхөн
хоёр их гүрний хооронд нүүдэллэж явсан Монгол одоо олон тулгуурт
гадаад бодлогоор улсынхаа аюулгүй байдлын стратегийн зорилтыг
хангахыг зорих болсон. Улсын аюулгүй байдлын стратегид нь гадаад
бодлого болон соёлын аюулгүй байдлын стратеги гол байрыг эзэлж
байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөрш” гэсэн онол
дэвшүүлэн гаргаснаар АНУ, Япон зэрэг өрнөдийн орнуудтай ойртон
нягтарч, чингэснээрээ Орос, Хятад хоёр хөршийнхээ оролцоог
хязгаарлах, улс төр, эдийн засгийн салбарт аль нэг хөршөө дагнан
түшихээс зайлсхийх замаар улсынхаа аюулгүй байдал, нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахыг хичээж байна.
Соёлын ялгаа, зааг бий болгож байгаа нь хоёр хөрштэйгээ хилийнх
шиг зааг тогтоох, Монгол Улс хэзээнээсээ биеэ даасан тусгаар улс,
өөрийн онцлогтой соёлын уламжлалтай, хэл бичиг, шашин, ёс
заншилтай гэж харуулах зорилготой.
4. Дэлхий
нийтийн анхаарлын төвд байж, олон улсын тавцанд нөлөө, байр
сууриа нэмэгдүүлэн, эдийн засгаа хөгжүүлэх. Монгол Улс дэлхийд
хэний ч нүдэнд үл өртөх өчүүхэн орон. Бас онцгой анхаарал татах
бүс нутаг ч биш. Олон улсын үйл хэрэгт оролцох нөлөө нь
хязгаарлагдмал. Иймээс Монгол Улс Чингис хаан болон бурханы
шашны нэр нөлөөг ашиглан өөрийгөө сурталчлах, өөрийн онцлогтой
үндэстний соёлын тусламжтайгаар аялал, жуулчлал хөгжүүлэх,
дэлхийн хүн зоны анхаарлын төвд орох, гадаадын хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх, чингэснээрээ өөрийн улсын нийгэм, эдийн
засгийн хөгжлийг хангахыг хүсч байна.
Монгол Улс
бол Хятадын умард гол хөрш орон. Монголын үндэсний үзэл санааны
урсгал, давалгааны онцлогийг хурц соргогоор танин мэдэх нь
бидний хувьд Монгол Улстай эрүүл саруул харилцаа хөгжүүлэхэд
чухал ач холбогдолтой юм. |