sonin.mn |
2015 оны 8 сарын 6 |
Нью Иорк хотод төвтэй "Өмнөд монголын хүний эрхийн мэдээллийн төв"-ийн захирал Т.Энхбат (Enghebatu Togochog) "Төлөөлөлгүй үндэстэн, ард түмнүүдийн байгууллага"-д Өвөрмонголын талаарх дараах илтгэл тавьж, шаардлага хүргүүлжээ.
Тэрээр илтгэлдээ:
" Өвөрмонголын нэр "Өвөр" гэсэн үг Монгол хэлээр ердөө л "Өмнөд" гэсэн утгатай атал Хятад хэлний "Дотоод" гэсэн үгийг ашиглан Inner гэж англиар орчуулан "Хятадын доторх" гэсэн утга илэрхийлсэнийг болон 1949 он хүртэл буюу БНХАУ үүсгэн байгуулагдтал Өвөрмонгол Хятадын харьяалалд байгаагүйг дурдаад, тэр үеэс хойш БНХАУ Өвөрмонголчуудын эрхийг хэрхэн ноцтой зөрчсөөр ирсэн хэмээжээ.
Тухайлбал:
-1950 онд Хятадын коммунист дэглэм олон өвөрмонгол хүнийг "Үндэсний үзэлтэн" хэмээн хөнөөсөн;
-1966-1976 онд Өвөрмонголчуудыг аймаглан устгаж, "угсаатны цэвэрлэгээ" гэгчийг хийн, албан ёсоор мэдээлсэнээр бол 16,222 өвөрмонгол хүний амийг хөнөөсөн ч бодит тоо нь түүнээс хамаагүй их гэж үзэж буй;
-1980- 1990 онд Хятад иргэдийг Өвөрмонголын нутагт олноор суурьшуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, Хятадууд бөөн бөөнөөрөө Өвөрмонголд суурьшин газар тариалан эрхлэх болсон;
- 2001 онд Өвөрмонгол малчдын эцэг өвгөдийнх нь нутгаас Хятадууд ихээр суурьшсан хотын болон газар тариалангийн бүс рүү нүүлгэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн "Мал бэлчээрлүүлэхийг хориглох" бодлого хэрэгжүүлсэнээр уламжлат бэлчээртээ малаа бэлчээсэн малчдыг гэмт хэрэгтэнд тооцох болж баривчлах, саатуулах, мал сүргийг нь хураах ял шийтгэл ногдуулах болоод байгаа;
- 2009 онд Хятадын Засгийн газар Өвөрмонголыг Хятадын эрчим хүчний хамгийн том бааз суурь гэж зарласнаар Хятад даяарх уул уурхайн компаниуд Өвөрмонголын тал руу яаравчлан орж ирэн уурхай нээж, уурхайд зай тавьж өгөхийн тулд малчдыг газар нутгаас нь хөөн гаргасан. Эсэргүүцсэнийг нь баривчилж, саатуулж, хорьж байсан;
- Түүнчлэн Хадаа, Хуучинхүү гэх мэт Өвөрмонголын хэд хэдэн алдартай улс төрийн хоригдлууд байдаг талаар өгүүлжээ. Хадаа гуай 15 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлсэний дараа шүүхээр оногдуулаагүй нэмэлт 4 жилийн хорих ял эдлээд 2010 онд суллагдаж одоо гэрийн хорионд байгаа гэх мэт жишээ баримтуудыг дурдсан байна.
Ингээд тус байгууллагаас:
- Монголын уламжлалт соёл, МАА-г улсын ивээл дор устгахыг зогсоолгохоор Хятадын засгийн газарт шахалт үзүүлэхээр Европын холбоотой хамтран ажиллах
- Өвөрмонголын бүх улс төрийн хоригдлуудыг чөлөөлүүлэхээр Европын холбоо болон НҮБ-ын бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах
- Европын холбоотой хамтран Хятадуудын Өвөрмонголд үйлдсэн хүний эрхийн зөрчлийн баримтыг цуглуулах багийг Өвөрмонгол руу илгээн ажиллуулахыг тус тус шаарджээ.
- Түүнчлэн шилжүүлэн суурьшуулсан Өвөрмонгол малчдыг нутагт нь буцаалгаж уламжлалт амьдралын хэв маягаа хэвээр хадгалахад боломжийг олгуулахаар Хятадын эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлэхийг тус байгууллага, Европын холбоо болон НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудаас шаардсан байна.