ӨМХЭМӨ |
2015 оны 10 дугаар сарын 22 |
Нью Йорк |
Хятадын Аюулаас хамгаалахын ажилтан Хадааг орцноос хянаж байгаа нь (ӨМХЭМӨ-ийн
фото)
|
|
Хадааг 24 цагийн турш хянах үүрэгтэй Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнуудын эвхдэг ор (ӨМХЭМӨ-ийн фото) |
Хятадын шоронд 19 жилийн турш хоригдож өнгөрсөн оны 12 дугаар сард суллагдсан, Өвөр Монголын улс төрийн хоригдол Хадаа нь өдийг хүртэл Хятадын эрх баригчдын чанга хараа хяналтан дор хоригдол мэт амьдарч байна хэмээн түүний эхнэр Шинээ тус Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөнд мэдээллээ.
ӨМХЭМӨ-д ирүүлсэн зурагнуудаас үзвэл Хятадын аюулаас хамгаалахын албаны хүмүүс Хадааг ойроос хянаж буй харж болно. Түүний амьдардаг байшингийн шат болон орцонд Аюулаас хамгаалахын ажилтнууд эвхдэг ор, сандал засч, Хадаагийн хөдлөх бүрийг 24 цагийн турш ээлжлэн хянаж байна.
“Энэ бол Хадааг орцонд суугаад байнга ажиглаж байдаг хоёр цагдаагийн ажилтны нэг нь. Намайг зураг авч байгааг мэдэнгүүт тэр дуртай дургүй хөдөлсөн” хэмээн Шинээ ӨМХЭМӨ-д илгээсэн зурагны нэгийг тайлбарлан өгүүлж байна.
“Аюулаас хамгаалахын ажилтнууд хааш хаашаа 9 метр квадрат хэмжээтэй жижигхэн зайд шахцалдан байрлаж, өдөр бүр Хадааг хянаж байгаа. Энэ нь Хадаад өгөгдсөн “эрх чөлөө” гээч нь юм. Эдгээр зурагнуудаас Хадаагийн шоронгийн амьдрал одоо ч үргэлжилж байгааг харж болно. Гагц байршил нь өөрчлөгдсөн” хэмээн Шинээ өгүүлж байна.
Аюулаас хамгаалах товчооны эзэмшилд байдаг орон сууцанд гэрийн хорионд байгаа байдлаа Хадаа өгүүлэхдээ шоронгийн ялтангаас өөрцгүй амьдарч байгаагаа ӨМХЭМӨ-д хэллээ.
“Миний эрүүл мэнд дордсоор байна. Би одоо дөнгөж 50 кг жинтэй болсон. Яргалалт, зүй бус харьцах үед миний жин бүр 40 кг хүртэл буусан үе бий” хэмээн Хадаа тус өртөөнд илгээсэн захидалдаа дурджээ.
Хадаа мөн аюулаас хамгаалахын ажилтнууд түүнийг зөвхөн ойроос ажиглаад зогсохгүй хаа явсан газар нь дагаж буйг өгүүллээ.
“Нэг удаа би Хөххотын галт тэрэгний буудал орж, хамаатнуудын маань илгээсэн цагаан идээг авах гэж очсон юм. Аюулаас хамгаалахын ажилтнууд намайг дагаж, хайрцагыг онгойлгохыг тушаасан. Би эрс эсэргүүцэж, Хятадын албан тушаалтнууд Монгол хүн надтай маш бүдүүлгээр, шударга бусаар харьцаж байгааг чангаар хашгиран хэлсэн. Яг юу хийж байгаагаа сайн мэдэж байсан хятад аюулаас хамгаалахын ажилтнууд олны дунд уусан алга болсон. Энэ үед олон монголчууд надад туслахаар бүчин ирсэн байлаа” хэмээн Хадаа ӨМХЭМӨ-д илгээсэн товч захиандаа дурджээ.
1995 онд Хадааг “улс орныг хагалан бутаргах, тагнах үйл ажиллагаа” явуулсан хэмээн баривчилж, дараа нь 15 жил шоронд хорих ял оноосон юм. 2010 оны 12 дугаар сарын 10-нд түүний ялын хугацаа дууссан. Хятадын албан тушаалтнууд түүнийг суллан явуулахаас татгалзан дахин дөрвөн жил Хөххотын ойролцоо “хар шоронд” хорьсон юм.
Хадааг 20 жилийн турш тарчилгаан зовоолт, хүнлэг бусаар харьцаж байсан ч ямар ч ял шийтгэл үүрэх гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ баталсаар байсан юм. Тэрбээр 15 жилийн турш хилс хэргээр шоронд хорьж, дахин 4 жил ямар ч шалтгаангүйгээр хорьсон болон хүмүүн бусаар харьцсан, өөрийг нь болон гэр бүлийн гишүүдийг нь байнга мөрдөн мөшгиж байсаны учир Хятадын Засгийн газар болон Аюулаас хамгаалахын албан тушаалтнуудыг шүүхэд өгөхөөр зэхэж буй юм.
Түүний эхнэр Шинээг 2010 оны 12 дугаар сарын 4-нд баривчилж, Монгол судлалын номын дэлгүүрийг эрхэлж байсны учир “хууль бус бизнест” оролцсон гэдэг нэрийдлээр ял тулгахыг оролдсон юм. 2012 оны 4 дүгээр сард түүнд гурван жил шоронд хорих ял оноосон боловч таван жилийн тэнсэнгээр сольсон байдаг.
2002 онд тэр үед 17 настай байсан, Хадаа Шинээ нарын хүү Үйлсийг “дээрмийн хэрэгт” оролцсон гэх ял тулган баривчилж, хоёр жил хорих ял оноосон.
2010 оны 12 дугаар сарын 5-нд Үйлсийг “хууль бус мансууруулах бодис” авч явсаны учир баривчилсан. Нэг жил шахам шоронд хорьсоны дараагаар сулласан боловч гэрийн хориотой төстэй “орон байрны хараа хяналтан” дор байлгах шийдвэр гаргасан.
Өнгөрсөн долоо хоногт Үйлсийг “үйл ажиллагаанд саад хийсэн” гэх нэрийдлээр баривчилж өнөөг хүртэл Бугат хотын Аюулаас хамгаалах товчооны түр саатуулах газарт хоригдсоор байгаа юм.
Хадааг 24 цагийн турш хянах үүрэгтэй Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнуудын сандал, цахилгаан халаагуур (ӨМХЭМӨ-ийн фото)
Хадаагийн гэрийн үүдэн дэх Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнуудын сандал болон эвхдэг ор (ӨМХЭМӨ-ийн фото)