Өвөр Монголын Урад дунд хошууны
Баянхангай сумын эрх баригчид
2015 оны 10 дугаар сарын 23-аас
хойш боомын халдвар гарах нь
гэсэн айдастайгаар дор хаяж
2,448 мал сүрэгт боомын вакцины
тунг хэтрүүлэн тарьсан хэрэг
гарлаа. Нутгийн монгол малчдын
яриагаар зуу илүү толгой хонь,
үхэр, адууг боомын вакцины тунг
хэтрүүлэн тарьсанаас болж өвчин
тусаад байгаа юм байна.
Энэ талаарх мэдээллийг Хятадын
эрх баригчид хав дараад байгаа
юм. Мал сүргийг нь хэргээр
хороож буйг нь эсэргүүцсэн нэг
малчинг хорьсон байна.
“Мал сүрэг
таана зэрэг зарим өвс ургамлыг
их хэмжээгээр идсэнээс болж
хордох нь элбэг байдаг. Харин
энэ нь боомтой ямар ч холбоо
байхгүй. Урад дунд хошууны мал
аж ахуйг хариуцсан дэд дарга нь
манай нутагт ирээд таананд бага
зэрэг хордсон хоёр адууг хараад
л боомын вакциныг их хэмжээгээр
тарихыг тушаагаад явсан” хэмээн
тус хошууны малчин эмэгтэй
Одгэрэл нь Өвөр Монголын хүний
эрхийн мэдээллийн өртөөнд утсаар
өгсөн ярилцлагадаа дурдаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 3-ны
өглөө Одгэрэлийг “цуу үг
тараасан болон боомоор
халдварласан малын цусыг авч
явсан” гэсэн үндэслэлээр орон
нутгийн Нийтийн аюулгүйн байдлын
товчооныхон баривчлан Урад дунд
хошууны саатуулах төвд аваачсан
байна.
“Тэд миний гар утсыг хураан авч,
энэ хэрэг явдлын талаар хичнээн
зураг, видео бичлэг болон бусад
мэдээллийг Интернэтээр тараасан
талаар байцаасан. Тэд мөн намайг
халдвартай малын цусыг авч
явсанаар аюулгүйн журмын хэд
хэдэн заалтыг зөрчсөн гэсэн
үндэслэлээр буруутгасан” хэмээн
Одгэрэл өгүүлсэн.
Боомын халдварт өвчин гарсан
хэмээн тунхаглаад байгаа орон
нутгийн эрх баригчдын буруу
болохыг батлахын тулд орон
нутгийн малчид Одгэрэлд вакцины
тунг хэтрүүлэн тарьсанаас болж
үхсэн адуу, хонины цусны
дээжсээс өгч, Хөххотод очин
шинжилгээнд өгөх зорилготой
байжээ.
“Хошууны засаг захиргаа энэ
хэрэг явдлын дараагаар ямар
нэгэн зөвтгөх алхам хийхээс
татгалзаад зогсохгүй, үхсэн
малын цусны дээжийг Өвөр
Монголын Хөдөө аж ахуйн их
сургуульд аваачиж, шинжилгээнд
өгөхийг саатуулсан. Засаг
захиргаа малчдад хэлэхдээ энэ
талаар асууж утасдсан
сэтгүүлчдийн утсыг нь авахгүй
байхыг сүрдүүлэн хэлсэн” хэмээн
тус хошууны өөр нэгэн малчин
эмэгтэй Сарангаваа тус өртөөнд
хэлж байна.
“Энэ нь нэгдүгээрт, тэд Монгол
малчдыг болон бидний амьдралын
хэв маягыг үзэн яддаг. Хоёрт,
тэд болж байгаа нөхцөл байдлыг
дэвэргэн ойлгуулж, дээд
байгууллагаасаа илүү мөнгө авах
нөхцөл боломж үүсгэж байгаа юм”
хэмээн өөр нэг нэрээ хэлэхийг
хүсээгүй эх сурвалж манай төвд
мэдээлсэн юм.
Хятад улс хөдөө орон нутгийн
газрыг эзэмших үйл явцаа
хурдасгаж, Өвөр Монголын малчдыг
нүүлгэн шилжүүлж байгаа өнөө үед
Урад дунд хошууны монгол малчид
хятадын эрх баригчдын газар
нутгыг нь булаан авч, тэдний
эрхийг ноцтойгоор зөрчиж
байгаагийн эсрэг цөхрөлтгүйгээр
тэмцсээр байна. Хоёр долоо
хоногийн өмнө бүс нутгийн Намын
нарийн бичгийн дарга Ван Жун тус
хошуунд айлчлах үеэр эсэргүүцлээ
илэрхийлсэн дор хаяж есөн
малчдыг баривчилж хориод байгаа
юм.