|
Ул
Төрийн
Сонин |
2006.08.28 |
|
Дэлхийн салан тусгаарлагдсан улс түмнүүд эргэн
нэгдэж байна
Аливаа ард түмэн, төр улсын хоорондын харилцаа
нь тухайн ард түмнийг удирдан залгамжлагчдын оюун санаа, шашин
шүтлэг, үндэсний үзэл болон өөр бусад хүчин зүйл, үзэл
баримтлалд суурилсан амин хувийн сонирхлоос өгсүүлээд тухайн улс
орны бүс нутгийн эрх ашиг, өөр хоорондоо тогтоосон гэрээ хэлцэл,
холбоо хэлхээ зэрэг үй олон шалтгаанаас үүдэлтэй зогсоо чөлөөгүй
дайн дажин, зөрчил тэмцэл, өрсөлдөөн сөргөлдөөн төдийгүй зөвшил
хэлцэл, эвлэрэл нэгдэл, найрамдал хамтын ажиллагаа, аль алиныг
агуулсаар ирсэн гэдгийг хүн төрөлхтний туулсан түүx харуулж
байна. Төр улсын харилцааны хэлбэрүүд импери (их гүрэн), колони
(хараат орон), метрополи (эзэгнэгч улс), протекторат (ивээлд
багтсан орон), автономия (өөртөө засах эрхт улс), сюзеренитет (дагавар
улс), суверенитет (тусгаар улс), федерация (холбооны улс),
конфедерация (эвслийн улс), холбоо, хамтын нийгэмлэг зэрэг нь
олон зууны туршид бүрэлдэн бий болсон юм.
Өнөөгийн дэлхийн улс төрийн газрын зураг үүний нэгэн тод жишээ.
Улиран одсон мянганы дотроос дэлхийн улс гүрний хувь заяанд
хүчирхийлэл түрэмгийллийг хамгийн тод агуулсан зуун бол өнгөрсөн
XX зуун байв. Чухам энэ зуунд гарсан дэлхийн хоёр дайн хамгийн
их цус урсган байж дэлхийн улс төрийн газрын зургийг үндсээр нь
өөрчлөн хуваасан юм. Дэлхийн газрын зураг дээр шинээр хуваагдсан
тэр хэсэгт шинэ улс байгуулагдан тусгаар ард түмнүүдийг нэгтгэж
эхлэв. XX зууны дунд vesc Африк, Ази, Латин Америк дахь колонийн
систем задарч хэдэн арван шинэ улс орнууд үүслээ. Зохиомлоор
байгуулсан Югославын холбоо дотооддоо үүссэн цуст сөргөлдөөний
үр дүнд хэд хэдэн бие даасан улс болж бутрав. Үүнээс дутуугүй
бас нэгэн чухал үйл явдал бол гаднын шууд оролцоотойгоор хоёр
хэсэгт тусгаарлагдаад байсан Вьетнам дараа нь Герман эргээд
нэгдсэн явдал байв. Геополитикийн бодлого, Европ төвтэй үзэл
баримтлалын үүднээс Европын холбоо нэлээд хэдэн улс орнуудыг
эгнээндээ нэгтгэж эхлэв. Үүний хамт Орос Улс Тусгаар Улсуудын
Хамтын Нөхөрлөл (СНГ), Белорусын Холбоо гэгчийг байгуулахаар
эрмэлзэж байна. Мөн сүүлийн үед Пантуркизм, Панисламизмийн үзэл
санаа эрч хүчээ авч буй. Евро-Азийн тухай дахин яригдаж эхэллээ.
Пан-Америкийн үзэл санаа урьдын адил амь бөхтэй байсаар байна.
Пан-Азийн үзэл гүннойрноосоо сэрэхийн сацуу Азийн сэргэн
мандалтын тухай асуудал гарч ирэх болов. Эдгээрийн хамт аливаа
үндэстэн оршин тогтнох тусгаар байдлаа өөрсдөө тодорхойлох
хандлага эрчимжиж байна. Жишээ нь чех, словакийн ард түмэн
соёлтойгоор салан тусгаарлагдаж, тус тусдаа өөрийн улсаа
байгуулсан. Үндэстний өөртөө засах эрхийн төлөө хамгийн хурц
ширүүн тэмцэл өрнөж байгаа газар бол Кавказын бүc нутаг билээ.
Үүнтэй адил төстэй асуудал нэг жилээр биш Ази тивд ч гэсэн
үргэлжилж байгаа юм. Энэ бүхэн нь өнөөгийн дэлхий дахинд өмнө нь
салан тусгаарлагдсан байсан улс түмний эргэн нэгдэж өөрсдийн
хууль ёсны сонголтоо бие даан хийх эерэг үйл явц ид явагдаж
эхлээд буйг харуулж байх шиг.
Ертөнцийн монгол үндэстнүүд чухам энэ зуунд
эргэн нэгдэх боломжтой
Монголчууд бидний хувьд энэ үйл явцын мөн чанар
хэтийн төлвийг сайтар ухааран мэдэрч, Монгол үндэстнүүдийн
нэгдэл буюу Пан-Монголизмын талаар оновчтой концепц боловсруулах
нь чухал юм. Энэ нь тухайн асуудалд орчин цагийн улс хоорондын
болон үндэстэн хоорондын харилцааны салбар дахь ололт амжилт,
XXI зууны ирээдүйн үүднээс хандахын зэрэгцээ Пан-Монголизмын
хуучин баримталж байсан үзэл санааг сэргээн баяжуулж, үндэстний
хөдөлгөөний онолын шинэ байр сууринаас үндэстний цөөнхийн
талаарх олон улсын хууль эрх зүйн конвенц болон улс төрийн шинэ
сэтгэхүйгээр хандахыг нөхцөл байдал шаардаж байна. Үүний тулд
юуны түрүүнд тухайн асуудлыг ойлгож, мэдрэх мөн чанарыг нь ухан
ойлгоход онцгой ач холбогдол нь өнөөг хүртэл хэвээр байгаа нэрт
онолчид доктор Ц.Жамцарано (Жамсраны Цэвээн) (1), профессор
Элбэгдоржи Ринчин (2), доктор Э.Хара Даван (3) зэрэг түүхт
хүмүүсийн зохиол бүтээл, үлдээсэн өвийг анхааралтай судлах
хэрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд манай зарим нэгэн гавихгүй түүхчид
Элбэгдорж Ринчиногийн нэрийг дан хараар будахын тулд янз бүрээр
бичих нь элбэг боллоо. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монгол
судлалын VII их хурал дээр японы монголч эрдэмтэн Футаки
Хирошигийн тавьсан “Элбэгдорж Ринчино гэж хэн бэ?” гэсэн
илтгэлийг уншихыг энэ нийтлэлийг зохиогчийн зүгээс санал болгож
байна. Зохиогч энэ нийтлэлдээ Ринчиног Пан-Монголизмын
хөдөлгөөний удирдагчдын нэг төдийгүй энэхү үзэл санааны гол
онолч байсан тухай үнэн түүхийг бичиж цагаатгасан байдаг.
Пан-Монголизмын онолчдын зохиол бүтээлүүд тэрслүү хортойд
тооцогдон урт удаан хугацааны турш уншигчдын хүртээл болж
чадалгүй хоригдож байсан юм. Тэр ч бүү хэл “панмонголизм” хэмээх
үг жинхэнэ утга санаагаа алдан гажиж, их гүрний дээрэнгүй
үзэлтнүүдийн айдас зэвүүцэл зүхлийг байнга хүртэж байсан
төдийгүй газар нутгийн байршил болон түүхийн оногдох хувь заяаны
эрхээр энэхүү үзэл хөдөлгөөний төв гарцаагүй болох ёстой Монгол
оронд хүртэл нэгэн үe зөвхөн айдас болгоомжлол төрүүлдэг байлаа.
Зөвхөн сүүлийн жилүүдэд Монголын хэвлэлд Панмонголизмын
хөдөлгөөний түүхийн талаар тайлбарласан хэд хэдэн нийтлэл (4)
гарсан боловч харамсалтай нь эдгээрийг зохиогчид өнөөгийн дэлхий
дахинд Пан-монголизмын үзэл оршин байх хэрэгтэй юу? гэдэг
зарчмын гол асуудалд хоёрдмол, эсрэг хөндлөнгийн байр сууринаас
хандсан байдаг. Иймд энэ асуудлын талаарх үг хэллэг ойлголтыг
зөв тодорхой болгохын тулд Сталины хэлмэгдүүлэлт, дарангүйллын
үеийн их гүрний бодлогын дагуу хийгдсэн үзэл суртлын ширүүн
тэмцлийн явцад тогтсон “хөрөнгөтний үндсэрхэг үзэл”, “үндэсний
үзэл” (национализм), “дээрэнгүй үзэл” (шовинизм), “салан
тусгаарлах үзэл” (сөпаратизма), “эх оронч үзэл” (патриотизм),
“эв хамтын үзэл”(интернационализм) болоод эцэст нь
“панмонголизм” зэргийг тойрсон илэрхий хуурамч зохиомол
ойлголтоос хүмүүсийн сэтгэхүйг чөлөөлөх хэрэгтэй юм. Тиймээ, энэ
бол үнэн. Монголчууд бид энэ зуунд үндэсний эрх чөлөөний төлөөх
тэмцэлдээ томоохон амжилтад хүрч, улс орныхоо тусгаар тогтнолыг
сэргээн тогтоож, улс төрийн гадаад бодлогодоо тодорхой амжилтад
хүрсэн билээ. Манжийн 220 жилийн дарангуйллаас 1911 онд гарч,
тусгаар тогтнол, төр улсаа тогтоолоо.1919 онд Чита хотноо болсон
Пан-Монголын их хурлаас өвөр Монгол, Барга, Буриад бүрэлдэхүүнд
нь орсон бүрэн эрхт Монгол Улсыг тунхаглав. 1921 онд Монгол
тусгаар улс гэдгээ дахин зарлалаа. 1946 онд Гоминданы Хятад
Монгол улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөв. 1962 онд БНМАУ
НҮБ-д элсэв. Өнөөдөр Moнгол Улс дэлхийн бүх бүх улс гүрнүүдээр
хүлээн зөвшөөрүүлсөн, дэлхийн 130 гаруй оронтой дипломат
харилцаатай улс болоод байна. Монгол улс болон Moнгол үндэстний
тусгаар тогтнол
бол олон зууны түүхийн үе шатыг дамжиж ирсэн юм. Монголын анхны
нэгдсэн улс үүсэн, улмаар эгнэшгүй хүчирхэг гүрэн болж төрөлх
газар нутаг дээрээ улс гүрнээ байгуулж явснаа дотоодын үймээн
самуун феодал ангийн сөргөлдөөн тэмцлийн улмаас төр улсаараа
сарнин задарч, Манж, Оросын их гүрний эзэрхийлэл, дарангуйлал,
захиргаанд орж, тусгаар тогтнолоо алдаж байснаа дахин
байгуулагдаж, Гадаад болон Дотоод Монгол, Баргын (Буриад Монгол
Оросын эзэнт гүрний харъяанд үлдсэн) нутаг дээр сэргэн бий болж
байв. Төрөлх газар нутгийг маань их гүрний эрх баригчид дур
мэдэн Гадаад Монгол, Дотоод Монгол, Буриад Монгол хэмээн гурван
тусгаар хэсэг болгосны дээр Монголын багагүй газар нутгийг бялуу
хуваахын адил зүсэн огтолж, бие биендээ найр тавин өгч байхыг
харсан гэрчүүд нь Монголчууд бид өөрсдөө билээ. Энэхүү шударга
бус үйлдлүүд нь дэлхийн олон нийтийн анхаарлаас нууц далдуур
хийгдэж тухай бүрдээ таг дарагдаж ирсэн юм. хүчээр хуваан
салгасны хохирол гамшиг, үp дагаврыг бидний Монголчууд гурван
зууны турш амсаж яваа тул эргэж нэгдэх хүсэл бидний дотор хэзээд
оршсоор байдаг юм. Эргэж нэгдэх сүүлийн оролдого буюу
панмонголизм нь өнөөг хүртэл биеллээ олж чадаагүй ч гэсэн
Монголчууд бид задран бутарч явсан төдийгүй буцаад эвсэн нэгдэж,
эргээд хүчирхэгжиж явсан үе түүхэнд бий билээ. Тиймээс ч энэхүү
үзэл бол бүх Монголчуудын үe үеийн хүсэл, Монгол үндэстний
хамгийн эрхэм хүслийн нэг юм. Тиймээс амь бөхтэй оршсоор байх
болно. Үүнд итгэл алдрах цаг болоогүй байна. Яагаад ийм өөдрөг
сэтгэлээр хандаж байгаа тухайд гэвэл нэгдүгээрт: дэлхийн түүхэнд
хамгийн зангилаа үүрэгтэй гэж тооцогддог үндэстний асуудал XXI
зуунд маш хурцаар тавигдаж байгаа, хоёрдугаарт: эрдэмтэд
судлаачдын үзэж буйгаар энэ зуунд үндэстний тусгаар тогтнолын
асуудалд шинэ эргэлтүүд гарч тусгаар улс орнууд аяндаа уусах
бодит үe ирж байгаа тухай болон, гуравдугаарт: эдгээрийн шууд үp
нөлөөгөөр нийт Монгол угсаатны нэгдэн нийлэх эрмэлзэл, тэмүүлэл
нэмэгдэх төдийгүй бодит бодлогууд урсан гарч болох тухай
таамаглан яригдаж байгаа зэрэг болно.Үүний зэрэгцээ XXI зуунд
панмонголизмын үзэл улам боловсронгуй болж, түүнийг хэрэгжүүлэх
анхны алхмууд хийгдэж эхлэх юм. Чухам энэ зуунд монголчууд
нэгдсэн нэгэн үндэстэн болох үйл явцад томоохон амжилтанд хүрч
болох талтай билээ. Монголчуудын нэгдэл гэдэг асуудлын эргэн
тойрон шийдвэрлэвэл зохих олон үe шаттай асуудлууд байна. Энэхүү
бэсрэг нийтлэлийг бичихдээ бид энэ удаад Орос дахь Монгол
угсаатай үндэстний цөөнх буюу “Оросын Монголчууд”-ын талаар авч
үзэхийг хичээв.
/Эдийн засгийн ухааны доктор Ц.Гүрбадам, улс төр
судлаач Л.Бат-Очир Орос хэлнээс хөрвүүлсэн Д.Цэрэндорж, Ш.Баатар
“Замдаан” сэтгүүл No. 19/ |