Ву Шин, Хятад (The
Globe and Mail) – Цөлжилттэй тэмцэх нэрийдлээр Хятадууд мянга
мянган Өвөр Монголын малчдыг уламжлалт бэлчээр нутгаас нь түм
түжигнэсэн хот хүрээрүү хүчээр нүүлгэж байна. Өвөр Монголын
харьяат Баатар болон түүний өвөг дээдэс нь тал нутагтаа мориор
дураар давхилдан, үржил шимт өвс бүхий өргөн уудам нутагтаа адуу
малаа эргүүлэнхэн амьдарч байсныг хүн бүр л санадаг байлаа. Гэвч
2002 оны хавар түүний энэхүү эрх чөлөө нь хүчээр зогсоход хүрсэн.
Баатарын бэлчээр дээр Хятадын албаны хүн
жипээрээ тоос татуулан бууж ирээд хуудас цаас гарган засгийн
газар түүнийг болон бусад Монголчуудыг хэв маягаа өөрчлөн
амьдрахаа өөр аргагүй болгосон захирамж танилцуулсан байна.
Түүнээс хойш Баатар морин дээр мордсонгүй. Өнөөдөр тэрбээр шинэ
Хятадын тосгонд жижигхэн тоосгон байшинд бусад эрх чөлөөгөө
хасуулсан зуу зуун малчдын хамтаар шахцалданхан амьдарч байна.
Тэр засгийн газраас хүчээр худалдан авахыг шаардсан гурван үхрээ
тэжээн, сүү цагаан идээгээр нь амь зуухын зэрэгцээ төмөр замд
хар ажилд хийн, хэдэн цаас олно. Тэрбээр тал нутаг, адуун дээрээ
эргэн очих үнэн хүсэлтэй. “Би яг л торонд орсон шувуу шиг байна.
Ямар ч эрх чөлөө, нутаг орон үгүй” хэмээн Баатар өгүүлнэ.
Баатар нь Хятадын засгийн газрын шахалтаар
уламжлалт мал ахуйгаасаа хүчээр салсан мянга мянган Өвөр Монгол
малчдын нэг юм. Сүүлийн хэдэн жилийн турш тус улс нь цөлжилттэй
идэвхтэй тэмцэл явуулж байгаа бөгөөд түйрэн хэмээх экологийн
аюул нь Хятадын хойд хэсгээс эхэлж энэхүү агаарын бохирдлын хар
үүл нь Япон, Солонгос, тэр бүү хэл Бритиш Колумб хүрээд байгаа
билээ. Үүний улмаас Монголын малчид энэ дэлхийн бусад сая сая
өрөвдөлт хүмүүсийн адил байгал орчны дүрвэгсэд болоод байгаа юм.
Эдгээр дүрвэгсэдийн тоо маш хурдацтай өсч байгаа бөгөөд дэлхий
даяар 24 сая байгал орчны цагаачид байдаг гэсэн тооцоо байна.
Энэ тоо нь дайн дажин болон улс төрийн хавчлагаас дүрвэсэн
цагаачдаас хоёр дахин их байгаа юм.
НҮБ-ээс анхааруулахдаа 2010 он гэхэд дэлхийн 50
сая хүртэл хүн ам цөлжилт, ой мод сүйдсэнээс, ган гачиг,
өлсгөлөн, үер болон цаг уурын өөрчлөлтөөс болж газар нутгаасаа
дүрвэх болно гэсэн тооцоо гаргажээ. Үүнийг батлах жишээ дэлхий
даяар дүүрэн. Энэтхэг, Бангладешийн гол мөрний эргээр амьдардаг
мянга мянган тосгоны иргэд шуурга болон усны түвшин ихссэнээс
орон гэрээ орхихоос өөр аргагүй болж байна. Цөлжилтөөс болж
Африкийн олон тариачид атаршсан газраа орхин явж байна. Дарфур
зэрэг газар нутгуудад усны гачаалд орсоноос дүрвэгсэдийн наад
захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Номхон далайд орших олон
жижиг арлууд усанд автах аюултай байна. Хүчтэй давалгаа нь
заримдаа хүн ам оршин суурьшсан арлуудын нэг өнцгөөс нөгөөг нь
хүртэл хаялгаа хаях тохиолдол гарч байна.
Зүүн болон Зүүн Хойд Азийн орнуудад ган гачиг,
үерийн аюул цаг агаар өөрчлөгдөх тусам улам гаарч, сая сая
хүмүүс орон гэрээ орхих аюулд тулгарч байна. 2004 онд болсон
аймшигт цунамигийн олон хохирогч нар одоо хүртэл дүрвэгсэдийн
лагерьт байсаар байна. Хойд Америк болон Европт ч гэсэн олон
мянган хүн ойн түймэр, хэт халуун, хар шуурга, үерийн улмаас
амиа алдаж байгааг цаг агаарын өөрчлөлттэй холбон тайлбарлаж
байна.
Хүчээр дүрвэсэн нэгэнд нь шилжүүлэн суурьшуулах
гэдэг нь ихээхэн хүнд тусч байдаг. 2001 оноос хойш 800,000 гаруй
Өвөр Монголчууд бэлчээрийн даац хэтэрсэнээс болон түйрэнгээс
сэргийлэх үүднээс нутаг орноо орхихоос аргагүйд хүрсэн байна.
Өвөр Монголын газар нутгын гуравны нэгд нь мал бэлчээрлүүлэхийг
хориглоод байгаа. “Экологийн иммиграци нь түрэмгий, хүслээс нь
гадуур хийж буй үйлдэл бөгөөд зөвхөн Өвөр Монголчуудын ч эсрэг
бус байгалийн эсрэг үйлдэл юм” хэмээн АНУ-д төвтэй Өвөр Монголын
Хүний Эрхийн Мэдээллийн Төвийнхөн мэдээлэлдээ дурджээ.
Мөн тэнд өгүүлэхдээ энэхүү нүүлгэн суурьшуулж
буй үзэгдэл нь Монголчуудыг үндэстэнээр нь оршин тогтноход аюул
занал учруулж байна гэжээ. Нүүлгэн суурьшуулахыг эсэргүүцсэн
малчидыг баривчилж, шоронд хорьж, хүч хэрэглэх буюу эд хөрөнгийг
нь устгах, хураах зэргээр дарамталж байна хэмээн дурджээ.
Харин Хятадууд иймэрхүү хатуу гараар үзэх арга
нь зайлшгүй гэж байна. 1994 онд газар нутгийн 18 хувь нь
цөлжилттэй байсан бол одоо 27 хувь болтлоо нэмэгдээд байна.
Хятадын бэлчээр нутаг 1980-аад оны эхнээс жил бүр 15,000 кв.
км-ээр хорогдож байна. Улам бүр хүрээгээ тэлсээр байгаа энэхүү
цөл нутгаас эхтэй шороон шуурга Хятадын хойд хотуудыг дайрч, сая
сая хүмүүсийг амьсгалын замын болон нүдний өвчтэй болоход хүргэж
байна. Бээжинд л гэхэд жил бүр сая тонн говийн шороо тоос унадаг
байна. Энэхүү түйрэн нь үйлдвэр, уул уурхайгаас ялгарч байгаа
бохирдолтой холилдон хорт утаа үүсгэн Солонгос, Япон, Хойд
Америк луу очин шингэнэ.
Цөлжилтийн ихэнх нь Өвөр Монголын газар нутаг
1980-аад оноос ноолуурын үйлдвэр хүчээ авах үест нүүн суурьшиж
ямаа өсгөж эхэлсэн үндэстний олонхи болох Хан хятадуудтай
холбоотой гэнэ. Өнөөдөр Өвөр Монгол дахь Хан хятадуудын тоо нь
уламжлалт бэлчээр нутагтай Монголчуудаас даруй тав дахин их
байгаа юм. 1990-ээд онд ноолуур өндөр ашигтай бизнес болж Хятад
улс Барууны улс орнуудад сая сая хямд үнэтэй ноолууран
бүтээгдэхүүн гаргаж байсан. 2004 он гэхэд Өвөр Монгол 25 сая
ямаа тоологдсон бөгөөд 1950 онтой харьцуулахад 10 дахин олширсон
байгаа юм. Ямаа нь хөлөөрөө бэлчээр нутгыг хайр найргүй
талхалахаас гадна учир зүггүй идэмхий амьтан юм. Хэдийгээр
бэлчээрийн даац хэтрэхэд шинээр нүүдэллэн ирсэн фермерүүд
ихэнхдээ буруутай боловч нүүдэллэн суурьшуулах ажиллагаанд олон
мянган монголчууд өртөөд байна. Тэдний дунд Баатар болон түүний
эхнэр Баяраа байгаа юм. 1990-ээд онуудад Баатар, Баяраа нар
цөлжилт бэлчээр нутгыг нь идсээр, айл саахалтын газар ирээд
байгааг харжээ. Өвс ногоо нүцгэн тал л болжээ. Хэдийгээр тэдний
бэлчээр нутаг нь элсэнд идэгдчихээгүй байсан ч засгийн газар
тэднийг нүүхийг шаардсан байна. “Бид нүүмээргүй байсан. Гэвч
бидэнд сонголт байгаагүй. 2002 оноос хойш хонь, ямааг
бэлчээрүүлэхийг ЗГ хориглосон” хэмээн Баатар өгүүлж байлаа.
Тэд Ву Шин хэмээх найман жилийн өмнөөс бэлчээр
нутгаа орхисон малчдыг суурьшуулахаар бүтээсэн шинэ хотод
нүүлгэн суурьшуулжээ. Нийтдээ 130 гаруй малчид тоостой хотын
хоорондоо бөөр нийлүүлэн барьсан хятад загварын навтгар тоосгон
байшинд толгой хоргодон бөгөөд ундны ус, жорлон ч байхгүй.
“Энэ бол сайн зүйл үнэхээр биш. Бид хотын хүмүүс
шиг зэрэгцэн амьдарч үзээгүй хүмүүс. Харин түүний оронд хээр
талдаа эрх чөлөөтэй амьдармаар байна” хэмээн Баатар өгүүллээ.
Нүүлгэхээс өмнө Баатар болон түүний дүү нь 200 гаруй хонь, ямаа,
20 үхэр, таван морьтой байжээ. Засгийн газар тэдний 60 га
бэлчээр нутгыг булаан авч, мал хуйгаа үгүй хийхийг шаардсан
байна. Шинэ хотод малчин өрхүүдэд тоосгон байшинг хямдралтай
үнээр өгсөн хэдий ч сүүний чиглэлээр өсгөж байгаа үнээ тутамдаа
2,100 ам. доллар төлөх хэрэгтэй болоод байгаа юм. Тэдний ихэнх
нь хэзээ ч төлж дийлшгүй их өртэй үлджээ.
Өрхийн орлого нь ч мэдэгдэхүйц буурчээ. Сүүнээс
олж байгаа ашиг нь урд нь маллаж байсан мал хуйгаас нь хамаагүй
дор бөгөөд үнээнээс авч байгаа сааль сүү нь Засгийн Газрын амалж
байснаас талд нь ч хүрэхгүй байгаа юм. Ах дүү хоёр амь зуухын
эрхэнд барилга юм уу төмөр зам дээр хагас цагаар ажиллан, тоосго,
цемент зөөнө. Тэд шинэ хувцас ч худалдан авч чадахгүй байгаа
ажээ.
“Амьдрал улам л хэцүү болж байна. Арай чүү л
амьд байна. Урд нь мөнгө хэрэгтэй бол хонь юм уу үхрээ зардаг
байлаа. Одоо харин сүү л байна” хэмээн Баяраа цөхрөнгүй өгүүлнэ.
Тэрбээр малчдад зарцуулах ёстой сангийн мөнгөнөөс авилгад
идэгдсэн албатууд хулгайлж байгаа хэмээн сэжиглэж байна.
“зурагтаар нүүлгэн суурьшуулсан малчдад их хэмжээний хөрөнгө
оруулалт хийж байгаа тухай үзсэн. Харин тэр их мөнгө орон
нутгийн захиргаанд ирэнгүүт л ор сураггүй алга болчихдог” гэж
байна.
Тэдний хувьд орлогоо алдсанаас хамаагүй үнэ
цэнэтэй зүйл болох уламжлалт мал аж ахуй, соёлоо алдана гэдэг
үнэхээр хүнд байна. Урд нь тэд ирсэн зочидоо хүндэтгэн шинэ мал
гаргаж дайлдаг байлаа. “Одоо харин ийм ямар ч арга алга. Бид
ичиж бас санаа амар байж чадахгүй байна” хэмээн Баатар өгүүлнэ.
Тэд тоосгон байшингууд бөөр бөөрөөрөө наалдах шахуу барьсан
хувийн нууц гэхээр зүйл үгүй шинэ хотод дасан зохицоход үнэхээр
хүнд байна. “Хэрэв нэг айл нь ямар нэгэн зүйл хийхэд л хов жив
тэр дор нь тархана”.
Өвөр Монголын Их Сургуулийн докторант хэсэг
оюутнууд хэд хэдэн хотын нүүн суурьшсан малчид дээр хийсэн
судалгаанд тэдгээр малчид амьдралын хэв маягаа алдсанаас ихээхэн
дарамтанд орсон болохыг өгүүлсэн байна. Ихэнх малчид 100
хүрэхгүй кв. метр хүрэхгүй газар нутагт аж төрж байгааг “тэдний
хувьд амьдрах бага газар нутаг, дарамттай амьдрал гэдэг нь
үнэхээр шаналгаа болж байна” хэмээн оюутнууд дүгнэлтдээ бичжээ.
Монголын малчдын энэхүү сэтгэл хангалуун бус
байдал нь Хятадын нүүлгэн суурьшуулах бодлогыг хүнд байдалд
оруулж байна. Ву Шин хотоос хэдхэн км-ын зайд мянга мянган хонь
ямаанууд бэлчээр нутгаас үлдсэн өчүүхэн газар нутагт бэлчинэ.
Зарим малчид газар нутгаа орхин явахыг эсэргүүцсээр байна. Зарим
нь мал хуйгаа нутаг орон луугаа буцаан явуулж, шинэ журмыг
эсэргүүцэж байна. “Бид хуучин нутагтаа очихийг үнэхээр хүсч
байна. Гэвч энэ нь хориотой. Урд нь морио унан, хонио эрх
чөлөөтэйгээр малладаг байлаа. Гэтэл одоо ямар ч газар нутаг, мал
хуй ч байхгүй. Үнэхээр харамсалтай” хэмээн Баяраа өгүүллээ. |