Дахин хоёр
сэтгүүлч баривчлагдлаа
Хил
Хязгааргүй Сэтгүүлчид
2008
оны 5 сарын 07
www.rsf.org
Хил
Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага нь Хятадын эрх баригчид
Наранбилиг хэмээх сэтгүүлчийг Өвөр Монголд 20 хоногийн турш
хорьсоны эцэст нэг жилийн гэрийн хорионд байлгах шийдвэр
гаргасныг буруушааж байна. Түүнчлэн зохиолч Жоу Юанжиг 5 сарын
3-нд “төр засгийн удирдлагуудыг түлхэн унагаахад турхирсан”
хэмээх үндэслэлээр хорьсоныг мөн буруушааж байна. Яг л ийм
үндэслэлээр Хятадын олон эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд ял эдэлж
байгаа билээ.
“Бээжингийн Олимп эхлэхэд гурван сар гаруй хугацаа үлдээд байхад
өөрийн үзэл бодлыг чөлөөтэйгээр илэрхийлдэг болон шүүмжлэлтэй
ханддаг хүмүүсийг тус орны өнцөг булан бүрт шоронд хорьсоор
байна. Энэ нь Монгол сэтгүүлч юм уу Хубуй мужийн зохиолч байх нь
хамаагүй бүгдийг ижил үндэслэлээр чимээгүй болгосоор байна.
Тоглолт ойртох тусам хавчлага улам ширүүссээр байна” хэмээн
хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тус байгууллага мэдээлж байна.
Наранбилиг
нь Монгол гаралтай чөлөөт сэтгүүлч бөгөөд хүний эрхийн төлөө
тэмцэгч. Тэрбээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөххот
дэх өөрийн гэрээсээ 3 сарын 23-нд баривчлагдсан байна. Түүний
гэр бүлийнхэн энэхүү баривчилгааны тухай 1,850 еврогийн барьцаа
тавьж гарах хүртэл ямар ч мэдээлэл аваагүй гэнэ. Түүнийг 4 сарын
12-ноос эхлэн нэг жилийн хугацаатай гэрийн хорионд байлгахаар
шийдсэн юм. Цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийж, компьютер болон
хувийн бичиг баримтуудыг нь хураан авсан байна.
Тус улсын
цөөнх болсон Монголын тухай олон ном, өгүүллэг бичиж хэвлүүлж
байсан Наранбилиг нь “Голомт” хэмээх сар тутмын сэтгүүлийг
эрхлэн гаргаж байсан боловч тавхан дугаар гарсаны дараа 2006 онд
хаагдсан байна. Монголын соёл, зан заншлын элчин сайд болсон
тэрбээр Дэлхийн Нүүдэлчин Уугуул Иргэдийн Эвсэлд өмнөд Монголын
нүүдэлчдийг төлөөлдөг байна.
Өвөр
Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМТ)-ний мэдээлж
буйгаар Өвөр Монголын цөөнхүүдийг хойд Шинжан болон баруун
Төвдөд нухчин дарж байгаа шиг дарамт үзүүлж байгаа юм байна.
Өвөр Монголын улс төрийн хоригдол, сэтгүүлч Хадаа 1995 оноос
хойш хоригдож байгаа бөгөөд “салан тусгаарлах үзэл” болон
“тагнуул хийсэн” үндэслэлээр 15 жил хоригдох ял тулгагдаад
байгаа. Саяхан түүний гэр бүлийнхэн Хадаагийн хоригдож байгаа
газрын нөхцөл байдлын талаар болон улам дордсоор байгаа түүний
эрүүл мэндийн талаар гомдол гаргаад байгаа юм байна.
Зохиолч, сэтгүүлч Жоу
(47 настай) нь
Хубэй мужийн төв болох Жоншиан хотод 5 сарын 3-нд эхнэрийнх нь
хамт хотын Аюулгүй Байдлын Товчооныхон баривчилсан байна.
Хятадын чөлөөт зохиолчдын эвлэл болох PEN Төвийн мэдээлж буйгаар
зохиолчоос ямар нэгэн хэл сураг байхгүй байгаа юм байна. Түүний
эхнэр нь суллагдсан боловч гэрийн хорионд байна. Утсаар гэр лүү
нь холбогдох ямар ч боломжгүй байна.
Жоу нь 1992 онд Америкийн Дуу Хоолойд нийтлэлээ
хэвлүүлсэнийхээ төлөө Коммунист Намаас хөөгдөж байсан. Эрх
баригчид түүнийг нийгмийн асуудлууд болон засгийн газрын
авилгалын асуудлын талаар олон зуун нийтлэл бичсэн хэмээн үргэлж
шүүмжилдэг гэнэ. Жоншиан хотын цагдаагийн газрын мэдэгдэж
буйгаар зохиолч “төр засгийн эрх баригчдыг түлхэн унагаахад
турхирсан” хэргээр яллах хангалттай баримт байгаа хэмээн хэлж
байна. |