Монголын
зохиолч гэрийн хорионд орлоо
Чөлөөт
Ази Радио
5 сарын 6, 2008
Washington DC. USA
Монголын
авьяаслаг зохиолч 20 хоногийн турш шоронд
хоригдсоны дараагаар суллагдсан боловч одоо гэрийн хорионд хатуу
чанд хяналтын дор хоригдож байна. Түүний гэрийг мөн нэгжсэн
байна. Гадаадад амьдрагч тус улсын иргэд хэлэхдээ Хятад нь
үндэсний цөөнхийн бүлгүүдийг Олимпийн тоглолт болохоос өмнө
шалган, тоглолтын үеэр ямар нэгэн салан тусгаарлах үзлийн
тэмцлээс болгоомжилж байна.
Хонг Конг -- Өвөр Монгол дахь Хятадын эрх
баригчид Монголын нэртэй зохиолчийг гэрийн хорионд байлгаж
байгаа бөгөөд гадаадад амьдрагч тус улсын иргэд үзэхдээ
Бээжингийн Олимпийн тоглолтоос өмнө элдэв салан тусгаарлах
тэмцлийг таслан зогсоох үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэж
байна.
Эрх баригчид сэтгүүлч, вэб сайтын эрхлэгч
Наранбилигийг хорь хоногийн турш хорьж байцаасны эцэст 4 сарын
12-нд сулласан байна. Мөн цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийн,
компьютер, тэмдэглэлийн дэвтрүүд болон паспортыг нь хураан авчээ.
Нью Ёоркод төвтэй Өвөр Монголын Хүний Эрхийн
Мэдээллийн Өртөө мэдээлсэнээр монгол хэл дээр эрхлэн гардаг
байсан сэтгүүлийн эрхлэгч Наранбилиг одоо Өвөр Монголын нийслэл
Хөххот дахь гэртээ хатуу чанга хяналтын дор хоригдож байна. Тус
байгууллагын хэлсэнээр хэрэв Наранбилиг ямар нэгэн шилжилт
хөдөлгөөн хийх хэрэгтэй бол заавал эрх баригчдад мэдээлэх ёстой
гэнэ.
АНУ-д суурьшигч Монголын тэрс үзэлтэн Ши Найман
(Монгол нэр нь Шобшуудын Тэмцэлт) хэлэхдээ 2008 оны эхээс эхлэн
Хятадын эрх баригчид хүн амынх нь дөнгөж 12 хувь нь уугуул
монголчууд болох Өвөр Монголын нутаг дэвсгэр дэх хяналт
шалгалтаа чангатгаж байгаа тухай хэллээ. “Хятадын Улс төрийн
товчооны ахмад гишүүдийн нэг Жоу Ёнкан хэлэхдээ Олимпийн
тоглолтын өмнө хатуухан цохилт өгөх кампанит ажил авч
хэрэгжүүлэх тухай мэдэгдсэн” хэмээн Наранбилигтэй хамт 1980-аад
онд Хөххотын их сургуульд хамт суралцаж байсан Ши хэлж байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “ялангуяа үндэсний цөөнхийн бүлэг
доторх салан тусгаарлагчдыг онилж байгаа. Бид магадгүй салан
тусгаарлагчид хэмээн нэрлэгдэж болох юм. Өвөр Монголын эрх
баригчид ч тэдний захирамжаар хөдлөх нь ойлгомжтой” хэмээн АНУ
руу зугтан, тэндээ 1997 онд Өвөр Монголын тусгаар тогтнолын
төлөөх Өвөр Монголын Ардын Намыг байгуулсан Ши ярьж байна.
Тэрбээр мөн 1980-аад онд нам байгуулах тухай Хөххотод оюутан
байсан Наранбилиг, Ван Манлай, Хадаа нартай ярилцаж байжээ.
Тэмцэгч цочирдсонгүй
Нью Ёорк хотод оршин суугч, тэмцэгч Лю Кин нь
Наранбилигийн баривчилгааны тухай сонсохдоо гайхаагүй бөгөөд
Олимпийн наадмын өмнө Бээжингийн эрх баригчид ямар нэгэн
тогтвортой бус зүйлсүүдийг эрхшээлдээ байлгах гэсэн санаархлыг
мэдэж байлаа. “Өвөр Монголд цөөнхийн асуудлууд байдаг боловч тэр
нь Төвд болон Шинжаан шиг ноцтой биш. Хятадын эрх баригчид Өвөр
Монголын салан тусгаарлагчдыг үргэлж цагдсаар ирсэн. Миний
бодлоор засгийн газар одоо үндэсний цөөнх зэрэг бүх л газарт
хараа хяналтаа чангатгаж байна” хэмээн тэрбээр хэлж байна.
Хятадын аюулгүй ажиллагаа нь 3 сарын 14-нд
Төвдийн нийслэл Лхаст болсон үймээн зэрэг Төвдийн хүн ам ихээр
суурьшсан газруудад төвлөрөөд байгаа боловч хэдэн сая лалын
шашинт Уйгуруудын нутаг болох баруун умард Шинжаан зэрэг засгийн
газрын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй газруудад ч
анхаарлаа хандуулж байна.
Наранбилиг нь монгол хэл дээр гардаг байсан,
монголчуудын гэр бүл, эрүүл мэндийн талаар голчлон бичдэг Голомт
сэтгүүлийг 2005-2006 онуудад эрхлэн гаргаж байсан боловч тавхан
дугаар гарсаны дараагаар эрх мэдэлтнүүд хаасан байна.
Шоронд хоригдсон тэрс үзэлтэн
Магадгүй хамгийн цуутай Өвөр Монголын тэрс
үзэлтэн нь Монгол судлалын номын дэлгүүрийн эзэн байсан Хадаа
бөгөөд Өмнөд Монголын Ардчилсан Эвсэл хэмээх сөрөг хүчинтэй
хамтран тагнуул хийх, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан
хэргээр 15 жилийн ял сонсоод байгаа. Хадаа 1992 онд Тэгшээтэй
хамтран хожим Өмнөд Монголын Ардчилсан Эвсэл (ӨМАЭ) хэмээн
нэрлэгдсэн байгууллагыг байгуулж байсан юм. ӨМАЭ нь хожмоо үйл
ажиллагааныхаа үндсэн зорилтыг “Хан үндэстний колоныг эсэргүүцэх,
Өвөр Монголд эрх чөлөө, ардчилал, өөрөө захирах ёсыг тогтоох”
хэмээн тодорхойлсон байна.
Хадаа Чифэн шоронд арванхоёр дахь жилдээ
хоригдож байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч хэлэхдээ Хадаа нь
шоронд тамлуулж, эрүүл мэнд нь доройтсон байна. “Хадаа нь байнга
дарамтлуулж, эрүүдүүлэхээс гадна сахилгын арга хэмжээ
авахуулсаар байна. Түүнд бусад хоригдлуудтай адил наад захын эрх
чөлөөг эдлүүлэхгүй байгаагаас гадна эмнэлгийн тусламж авах болон
гэр бүлтэйгээ уулзах эрхгүй байгаа юм” хэмээн Нью Ёорк хотод
төвтэй хүний эрхийн төлөө тэмцэгч өгүүлж байна.
Ши Шаны мандаринаар мэдээлсэнийг орчуулсан
www.mongolmedee.net
|