2009-02-04 |
sonin.mn |
Канадын nationalpost.com сайтад нэгэн ноцтой материал нийтлэгджээ. Монголын иргэн Бумууцэрэнгийн Ганхуяг нь Монгол болон АНУ дахь Өвөр Монгол гаралтай иргэдийг тагнан БНХАУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагуудад мэдээлдэг тагнуул байсан бөгөөд өдгөө Канадын протестант шашны St. James Anglican church in Etobicoke хэмээх сүмд хоргодон, тус улсаас улс төрийн орогнол хүсээд байна.
Сэтгэл зүйч мэргэжилтэй 41 настай Ганхуяг нь 8 жилийн турш Хятадын тагнуулаар ажилласан хэмээн мэдүүлж буй агаад анх Хятадаас жимс ногоо зөөн Монголд зардаг бизнес хийж байхад бүх зүйл эхэлжээ. 1992 онд БНХАУ-ын Эрээн хотноо Хишгээ, Гэрэлт гэх Өвөр Монгол иргэдтэй танилцсан агаад тэд нь Ганхуягаас Өвөр Монголын банкнаас мөнгө шамшигдуулаад Монгол руу зугтсан Мандахыг хайхад туслахыг хүссэн байна. Улмаар түүнийг Жан, Мин хэмээх БНХАУ-ын иргэдтэй танилцуулснаар тэрбээр Хятадын тагнуулын албанд зүтгэж эхэлсэн бөгөөд Монгол дахь Өвөр Монгол гаралтай иргэдийг ихэвчлэн тагнадаг аж.. Түүнийг Хятадын талд ажиллаад нэг жил гаруй болоод байх үед нь Монголын тагнуулын албаныхан баривчилсан бөгөөд Монголын сөрөг тагнуулын төлөөлөгч болж Хятадуудыг тагнах нөхцөл тулган зөвшөөрснийх нь дараа сулласан байна.
Гэвч тэрээр Хятадад очоод ажлаа үргэлжлүүлжээ. Хятадын тагнуулын алба түүнд үүрэг өгч Америк руу хэд хэдэн удаа явуулсан бөгөөд тэрвээр 1997 онд New Jersey –д төвтэй Өвөр Монголын Ардын Намыг байгуулах анхны хуралд оролцож, гишүүн нь болжээ. Улмаар Хятадын эсрэг хурц хэлбэрийн тэмцэл өрнүүлэх санал дэвшүүлэн өдөөн хатгаж байжээ.
Зураг дээр: АНУ-д төвтэй ӨвөрМонголын ардын намын удирдлагуудын хамт
Ганхуяг сүүлчийн удаа 2002 онд Бээжингийн онгоцны буудал дээрээс Хятадын тусгай албаныханд баригдан байцаагдаж зодуулах, тусгай цахилгаан кабель утсаар хөлөө оосорлуулах, халуун индүүгээр хайруулах зэрэг яргалалд өртсөн аж. Эцэст Монголын сөрөг тагнуул болж, БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн хэргээр 18 жилийн ял авсан боловч 2 жил орчим хоригдоод хамтран ажиллах болзолтойгоор суллагджээ. Тэрээр Монголд буцаж ирсэнийхээ дараа Канадын виз авах гэж хөөцөлдсөн авч бүтээгүй аж. Гэвч тэрээр Канадаар дамжин Мексикт амрахаар явж буй гэр бүл мэтээр өөрсдийгөө тайлбарлан нисч, Торонтогийн “Toronto’s Pearson airport” онгоцны буудал дээр шууд буужээ.
2005 оны 10-сарын 18-нд Торонтогийн онгоцны буудалд өөрийн эхнэр, хүүхдүүдийн хамт буумагцаа орогнол хүссэн агаад Канадын цагаачлалын алба эцсийн хариуг гартал 4 жил дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэрээр Канадад түр хугацаагаар амьдарч байсан байна. Гэвч Канадын цагаачлалын алба удаан хүлээлгэсний эцэст түүнд улс төрийн оргонол өгөх бус харин ч Монгол улс руу албадан гаргах шийдвэр гаргасан байна. Гэвч цагаачлалын албанаас уг шийдвэрийг гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө Ганхуяг гэр бүлийн хамт “St. James Anglican church in Etobicoke” сүмд амжин очиж хоргоджээ. н.Ганхуяг 2 жил шахам Хятадын шоронд байхдаа тамлуулж биедээ шарх, түлэгдэл, гэмтэл авсан байна гэж Канад эмч үзэж буй бөгөөд тэрээр Канадын засгийн газраас ажлын чадваргүй (тахир татуу) хүмүүст олгодог тэтгэмжийг авдаг гэнэ.
Канадын цагаачлалын алба нь гаднын тагнуулын албатай холбоотой асуудлуудад тийм ч сайн ханддаггүй ба цагаачлал гуйсан Ираны тагнуулч болох Mansour Ahani-г 2002 онд эх орон луу нь буцааж байсан байна. Цагачлалын албаны ажилтнууд хэлэхдээ: Хэдийгээр сүм рүү орж, хоргодож байгаа хүмүүсийг баривчлахгүй боловч энэ нь цагаачлалын алба албадан гаргах шийдвэрээ цуцаллаа гэсэн үг биш юм хэмээжээ.
Харин Монгол улсын иргэн н. Ганхуяг Канадын цагаачлалын албанд гаргасан өргөдөлдөө “ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэв би Монголд очвол шууд алуулна” хэмээн бичжээ. Монгол улсын Гадаад хэргийн яамнаас энэ тухай лавлахад ” Бид асуудлыг судлаж байна” гэсэн хариу өгсөн юм.
http://www.nationalpost.com/story.html?id=2514411 сайтаас орчуулан бэлтгэсэн Э.Ариунзаяа