Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Би амьд байна
 
 

-          Б. Түмэн-Өлзийтэй ярилцсан Шагшуурга

 

B.Tumenulzei Ulaanbaatar'dah NUB'iin ajiltan Carinya'giin hamt Ulaanbaatar hotond.

 

Ш: - Сайн байна уу? Таны талаар таагүй мэдээ дуулаад... Таны төлөө санаа болж байгаа хүмүүст зориулж хэдэн үг ярих уу?

Б.Т: “Монголд үхсэн” гээд биз дээ? Энэ чимээ “дэлхийд” түгжээ. Токиогоос ийм мэдээ авсан гэж Вашингтоноос танил маань мессенжер дээр бичиж байна. Энэ хэдэн жил Буриадад зугтсан, Монголын шоронд орсон, хүнд өвчилсөн, хятадад зодуулсан, Японд буцсан, гэрлэсэн, хоёр хүүтэй болсон ... гээд байсхийгээд нэг цуурхал гарсан. Есөн оны 10 сарын 1-ний үед гарсан цуурхал бүр нүд амтай, Улаанбаатарын гудамжинд миний цогцосыг харсан хүн ч бий юм гэнэ. Миний нэгэн анд, над шиг хүмүүсийг “хамаардаг” албан байгууллага болох өвөрмонголын улсыг аюулаас хамгаалах тэнхимийн ажилтан руу утасдаж амьд гэдэг баттай чимээ аваад хөөрхий минь санаа амарчээ. Нутгаа сахьсан ах эгч нарын минь  чихэнд ч орсон байлаа. Машины ослоор үгүй болсон гэх хамгийн шинэ хувилбар энэ жилийн цагаан сараар хот хөдөөгүй тархсан бололтой, эхнэр хүүхдийг Улаанбаатараас гэртээ харьсан шөнө (2010.02.20) намайг ойлгож дэмждэг хоёр хүн гэрт ирж манай хоёртой нүүрдэн уулзаж “амьд мэнд байна” гэдгийг амнаас нь дуулаад харьжээ. Чих урт нэгэн худал мэдээнд хашраад “Б.Түмэн-Өлзий үхлээр өөртөө сурталчилгаа хийгээд байгаа биш биз дээ” гэж сэжиглэн уцаардаад амжжээ. Үхэлтэй нэрээ холбоё гэвэл угтаа тийм ч хүчиртэй зүйл биш л дээ, даанч ийм амархан зүйлийг хийх хүн тэр болгон олдохгүй л болов уу. Миний хувиас хэлсэн ч ийм нэгэн ярилцлага өгөх шаардлага гарсан юм шиг байна. Сайтууд дээр миний талаар бичсэн зүйлийг би уншиж, дуулж байна. Уншигчид маань, ард түмэн маань намайг мартаагүй харин ч санаа тавьж, дурсаж, муу мэдээ дуулахаар зовниж байна гэж би ойлгож байгаа болохоор тэд нартаа талархаж байгаагаа хэлье! 

Би үхээгүй, амьд байна. Би үхнэ, гэхдээ миний хувьд цаг нь болоогүй, өөрөөр хэлбэл амьдарч ханаагүй. Нэг хоёр удаа цуурхал гарах хэний ч биед тохиолдож болно, харин байсхийгээд нэг гарч байгаа нь хэсэг хүмүүсийн зориудын зохион байгуулж байгаа сүрдүүлэл болох нь ойлгомжтой. Над шиг ийм замыг сонгосон, над шиг ийм насны хүнийг үхлээр сүрдүүлэх бол тийм ч бүтэмжтэй арга биш! Үхлийн тухай би арваад жилийн өмнөөс сэтгэсэн, сэтгэлийн зовлонд тамлагдсан хүнд үхэл бол хамгийн сайн, хамгийн туйлбартай амаржилт. Хар толгойт болгон адилхан нүдээ үүрд аньсан цагт л энэ хорвоогийн бүх гаслан зовлонгоос салж амрах юм. Хүн хорвоод өдөр тоолж байгаа нь амьдын зовлонгоос үүрд хагацах зорилт өөдөө сөөм төөгөөр ойртож байгаа хэрэг, хүссэн хүссэнгүй ийм л. Хэн ч байсан хамаагүй, нээрэн гүн нарийн сэтгэж үзвэл үхэл аймаар зүйл огт биш гэдгийг мэдэрч болох юм. Зөвхөн юу ч сэтгэдэггүй, сэтгэж чаддаггүй, сэтгэхээс залхуурдаг хүнд л үхэл бол аймаар зүйл. Энэ дэлхийд хүн төрөлхтний хамгийн тэгш эдэлдэг нэгэн эрх бол үхэл, хэнд ч илүүгүй дутуу ч үгүй нэг л удаа тохионо.

Ш: Өвөрмонголд таныг үгүйлдэг хүн олон бий, магадгүй өөр өөр шалтгаанаар үгүйлдэг байх. Ингэхэд та яагаад нутгаа орхих болсон бэ?

Б.Т: Зайлна гэдэг бол эсэргүүцлийн нэг хэлбэр, дорой буурай хүмүүсийн эсэргүүцэл. Колонийн засагт морь нь болж сайварлах, нохой нь болж хоргоохыг бодвол яах аргагүй эсэргүүцэл. Монголын цэцэн үгэнд сөгдөж жаргасанаас сөрж үхсэн нь дээр гэдэг. Мэдээж хэрэг, дүрвэх болсон шалтгаан нь ийм хэдхэн үгээр тайлбарлаж чадахгүй. Дараа тайлбарлах боломж олдоно.

Ш: Нүд ирмэх зуур хэдэн жил болчихов? Амьдрал тавлаг ажил үйлс өөдтэй юу? Монгол улсын эдийн засгийн хөгжилт удаан, ядуурал, ажилгүйдэл их гэж уншсан.

Б.Т.:Тусгаар тогтносон Монгол улсад гурван сар амьдарч үзсэн бол оо гэж мөрөөддөг байсан. 2005 онд Монгол Улсын Их Сургуульд зочин судлаачаар жил суух эрхтэй ирсэн. Одоо бол тавдахь жил эхэлж байна. Тийм ээ, Монгол улс ядуу буурай, зөвхөн хот байгуулалтаар авч үзвэл сүүлийн арван жилд Хөххотын бүтээн байгуулалт Улаанбаатараас хамаагүй давжээ. Гэвч ерөнхийлөгчөөсөө гуйранч нь хүртэл монгол байдаг газрыг мөрөөдсөн монгол хүн надад, Хөххотод байсных шиг гудамж дүүрэн хятадуудыг хараад уцаарлан, бухимдлын дунд хоног тоолохгүй нь сайхан байна. Монгол бол залуухан ардчилсан улс, ардчилал гэдэг соёлыг сайн сурч чадаагүй байсаар ч гэлээ Өвөрмонгол хийгээд Хятадыг бодвол энэ зам дээр нэгэнт хорин жил түрүүлэн алхжээ. Магадгүй гуч, дөчин жилийн зай гарах ч юм билүү. Монголын 76 (Их хуралын нийт гишүүн) “өдөр бүр хэрэлдэж л байгаа” ч гэсэн солонгосууд шиг нэгнийгээ нам шаасангүй, тайванууд шиг хутга шөвөг эргүүлсэнгүй, монгол хүн ардчилалыг чамлахааргүй түргэн сурч байна гэж хэлэх байна. Хүн гэгч хоёр хөлтний хамгийн дуртай зүйл нь эрх чөлөө. Аз жаргал гэсэн үгийг эрх чөлөө гэсэн юмны дээр л сэтгэж болох юм. Алт өмсч эрдэнэ зооглон яваа ч хэлэх хориотой, хөдлөх уяатай бол жаргалтай гэхгүй биз дээ. Тэр тусмаа бичиг соёлтой хүнд. Өнөөгийн хүн төрөлхтний хүүхэн хараа, их тархи, унаа хүлэг, хоол хүнс нь гэж хэлж болох интернэтээр авч үзье. Хятадад хурдац нь түргэн гэхэд Монголд агуулга нь бүрэн, чөлөөтэй, хааж хавчих, хасаж засах явдалгүйгээрээ гоё. Монголд хүнс дутагдалтай байхад Хятадад илүүдэлтэй, гэвч буудай тутаргаас буурцаг сонгино, чинжүүг хүртэл химийн бордоогоор ургуулдгийг нь санахад зажлаад завьж чангарахгүй. Хоолоо хороор даруулж ходоодолдог гэсэн үг шүү дээ. Монголд бол ногоо тариа алиныг нь ч зүгээр л хавар хар хөрсөндөө үр цацаж хан тэнгэрийн хураар ундлуулаад л болоо. Зах дээр монгол төмс, хятад төмсөөс хэд дахин үнэтэй. Тогоонд орохоор шал өөр, хэрэглэгчид хараад мэднэ, амсаад мэдэрнэ. Жүннанхайн( хятадын коммунист намын төв хорооны байр)  хүнсийг хангадаг гэсэн манжийн нутгаас ирсэн хэдэн хятад монголын хөрсийг сонирхож яваатай Улаанбаатарт тааралдсан, тэдний компанийн тутарга нь кг-даа 500 юань бөгөөд эгэл жирийн хүмүүс мөнгөө барьсан ч худалдан өгдөггүй юм гэнэ. Иймэрхүү зөрөө зөндөө. Ажил үйлс гэвэл бас л ном дэвтэртэй зууралдаад өдөр хоногийг туулж байна. Хэвлүүлсэн ном үгүй ч хэвэллэсэн мэдлэг цөөнгүй гэж бодно. Хэлэхэд бас л нэг зөрөө: Энд хэвлэлийн газар цөөн бас жижигхэн боловч номын агуулга чөлөөтэй төрөл зүйл олон. Хятадад хориотой Далай лам, Гитлерийн дурсамжаас англиар дөнгөж түрүүхэн хэвлэгдсэн Барак Обамагийн дурсамж хүртэл эх монгол хэлээр орчуулагдан гарсан нь Өвөрмонголд бол сэтгэж чадахгүй зүйл. Ялгаагийн талаар ойрд гарсан нэг жишээгээр лавшруулъя. Монголын идэр насны түүхч О.Батсайханы цэвэр эрдэм шинжилгээний бүтээл “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд” (Улаанбаатар 2007 он) ном 2009 онд Өвөрмонголд хэвлэгдэхдээ “Монгол бүрэн эрхт улс болох замд” гэсэн нэртэй болжээ. Нэг л үг хассан авч агуулгын хувьд тэс өөр болов. Товчхон ярьвал үндэстний нэр улсын нэр болон хувирч, тусгаар тогтнол гэдэг үйл хэрэг нь Өвөрмонголтой холбоогүй болгон сурталчилдаг хятадын бодлогод гоё нийцжээ. Бас уг номын 121-ээс 126 дугаар хуудсан дахь “7. Нармай монголын талаархи Богдын засгийн газрын байр суурь” гэсэн нэгэн бүлэг хасагджээ. Япончууд сэдэж, өвөрмонгол, буриад идэвхийлэн оролцсон Нармай монгол улсыг байгуулах гэсэн аль тэртээ 1919 оны үйл хэрэг нь зуун оны (Бурхан минь, зуун он шүү! Энэ хооронд дэлхийн хоёр их дайн, хүйтэн дайныг тооцвол гурван их дайн дуусч, дэлхийн талыг хашиж авмаар байсан эв хамт ёсон гэдэг шорон юүрээд хэдэн хэлтэрхий тоосго л үлдэж, энэ дөрвөн түүхэн сэдвээр хүн төрөлхтөн өрвөл цагаан хэрэм шиг болохоор олон ном зохиолыг бичжээ) дараах өнөө ч хятадад цээртэй нэр томъёо, эрдэм шинжилгээний цээртэй сэдэв байсаар байгаа гэдгийг харуулжээ. Эв хамт нам, хятад хүн цээрлэхгүй ч гэсэн дээд хэмжээнд “улс төржсөн” (боолжсон гэвэл илүү оновчтой ч юм уу) монголчууд маш ухамсартайгаар цээрлэсээр байх нь харахад ил. Нэг номоос хэдэн үсэг хасах нь бага хэрэг, хассан ч гэлээ хэвлэсэн нь сайн хэрэг гэж хүмүүс ярих байх. Гэвч энэ ялихгүй ганц үг, нэг л хэсгээс бидний эрх мэдэл, нөхцөл боломж хэр зэрэг байгааг төсөөлж болно. Манай үндэстний ямархуу хатуу чанга хорио цээр, айдас хүйдсийн дунд амь гол залгаж байгаа гэснийг ч эндээс харж болно. Энд өөр нэг зүйлийг санаанд оруулж байна. Хятадууд өвөрлөгчдийн тархийг угааж толгойд нь ийм нэгэн “цоо шинэ программ” суулгажээ: 13 дугаар зуунд Чингисийн монгол, дундад зуунд Батмөнх даян хааны монгол, одоо бол Дундад улсын(хятадын) монгол. Энэ бол түүхийн хөгжилтийн жим, энэ бол ямар ч сэжиг маргаангүй, аяндааны, өөрөөр байх аргагүй, гол мөрөн дээд урсгалаас доод урсгалд урсан хүрэхтэй адил байгальлаг үр дүн! Чин Шихуаны хятад Ху Жинтаогийн хятад болсонтой адил зүйл юм гэнэ! Ийм сурталчлалаа эрчимжүүлэхийн төлөө цагаан хэрмийн дотно хөл тавьж үзээгүй Чингис хааныг найман зуун жилийн дараа иргэншлийг нь хүчээр хувиргаж Их монгол улсаас нь БНХАУ-ынх болгожээ. Одоогийн олон улсын нэр томьёогоор хэлбэл манай агуу их дээдэс маань хос иргэншилтэй ховор өтгөс болжээ. Номын нэрийг өөрчилж бүлгийг хассан нь ухамсартай ухамсаргүйгээр энэ логиктой чивхийтэл ам сээр тааруулжээ.

Ш: Таныг хилийн гаднахь салан тусгаарлах бүлэгт нийлсэн гэж дуулаад үл ойлгосон, харамссан, дургүйцсэн, таашаан дэмжсэн, бүр танаар бахархсан... янзын бодолтой хүмүүс байна л. Тан шиг үзэл бодолтой (таны ном зохиолд илэрсэн) хүмүүс эцсийн эцэст ийм л үр дүн хүрнэ гэж дүгнэх нь ч бий. Чухам юу болсон, та яагаад Өвөрмонголын ардын намд орсоноо хэлээд өгөх үү?

Б.Т.: Намайг Монголд ирээд хэн нэг хүний өдөөлгөөр, нэг цагийн халуунаар, хувийн ашиг сонирхлоос, эсхүл моод хөөцөлдөж салан тусгаарлах бүлэгт нийлсэн шиг боддог нь ч байх шиг байна. Зарим зүйлийг тодруулъя. Би Өвөрмонголын ардын намд 1981 оны 8 дугаар сард орсон (өдрөө санахгүй болжээ). 1981 оны монгол оюутны хөдөлгөөнөөс сарын өмнө байсан юм. Нэг хүн танилцуулж өөр нөг хүн гэрчлэх, гуравдахь хүнээ мэдэж болдоггүй хатуу дүрэмтэй байсан. Хэрэг явдал сэрэгдвэл хэн алин ч шоронд орох төдийгүй гэр бүл садан төрөл ч холбогдож чирэгдэх, зохион байгуулалт сүйрэх аюулт цаг байснаас тэгэх л хэрэгтэй байсан юм. Надаас 10 жилийн хойно манай мэргэжлээс төгссөн хүн оюутан байхдаа ардын намд элссэн гэхээр үзэхэд энэ намын оюутны доторхи үйл ажиллагаа ерөөс зогсоогүй юм. Адил цагт Өвөрмонголын их сургуульд өөр нэгэн нам үйл ажиллагаа явуулж байсныг би 2005 онд сонссон. 1997 онд Өвөрмонголын сөрөг хүчнүүд хилийн гадна нэгдээд Өвөрмонголын ардын нам болжээ. 1925 онд байгуулагдсан Өвөрмонголын ардын нам хийгээд өнөөгийн Өвөрмонголын ардын нам нь он цагийн хувьд тасалдсан авч өвөрлөгчдийн эрх чөлөө тусгаар тогтнолын мөрөөдөл, дуу хоолой, бэлгэ тэмдгийн хувьд ерөөсөө тасалдаагүй, тасалдах ч ёсгүй мөнхийн халуун амьсгалын нэг ахилт юм. Би энэ намд өргөсөн тангаргаасаа няцаагүй, энэ бол бахархах зүйл биш, эр хүний хувьд, сэхээтэн хүний хувьд ийм л байх ёстой. Би тангаргаасаа няцаж амьдарч чадахгүйтэй адил тангаргаасаа няцахгүй амьдарч чадахгүй хүмүүс ч бий л дээ. Тухайн жилийн хамтран зүтгэгчдийн зарим нь туршуул тагнуул болоод буцаад бидэнтэйгээ оролддог болсон. “Монгол хүн” гэдэг нэрийг шинээр ухагдхуунчлахаас өөр аргагүй болсон өдгөө цагт эдгээр үзэгдэл нь хэн ч гайхахгүй, басамжлахгүй түгээмэл зүйл болсон нь юутай гутамшиг. Өвөрмонголын ардын намынхан хийгээд өнөөгийн Өвөрмонголын улс төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй бүх хүмүүсийг ард түмэн маань зөв ойлгоосой гэж би хүсч байна. Энэ нам болон колоничлолын эсрэг аливаа дуу хоолойг Өвөрмонголд яриулахгүй мэдээлэхгүй тул хүмүүс зөвхөн өөрийнхөөрөө таамаглах төдий. Энэ нам нь зөвхөн эх орноо бусдаар биш өөрөө засч эзэмдэхийг л зорьсон улс төрийн хүчин. Энд алан хядагч, сүрдүүлэгч, танхай луйварчин, согтуу тэнэг хүмүүс үгүй. Цахилгаан ч ороогүй манхан баларт насан туршид монгол сурах бичиг сугавчилж явсан бага ангийн багш, атган дахь алган чинээ эрхээ тушаахын урьд амжуулж монголдоо ганц тустай явдал бүтээе гэж зүтгэсэн дорд тушаалтан, хүн ардаа гэгээрүүлье сэхээрүүлье гэж нойроо хасан нуруугаа бөгтийтэл сууж босоогоороо үүрийг угтдаг бичигтэн сэхээтэнтэй адилхан монгол гэсэн бор зүрх бүлээн цустай хүмүүс энд цугларчээ. Нийгмийн бусад гишүүдтэй адилхан бахархмаар сайн талнуудтай атал урам хугалмаар цөөн бус дутагдлуудтай тийм л эгэл жирийн монгол хүмүүс. Төвдийнх шиг нүүдлийн засгийн газар, их удирдагчгүй байгаа өвөрлөгчид өвөрмонголын ардын нам гэдэг он жилийн элээлт өнгөрүүлсэн тугийнхаа дор нэгдээсэй гэж би хүсч байна. Энэ туг бол өнөөгий намын дарга, идэвхитэн болж байгаа хүмүүсийнх биш, эдгээр хүмүүсээр энэ намыг таних буюу төсөөлөх аргагүй, энэ нам бол нийт өвөрлөгчдийнх юм. Энэ намд одоо хэн хэн байна гэж сонжиж, юм хийхгүй буюу дутуу хийж байна гэж уцаарлахаас илүү энэ намд өөрөө элсэж энэ нам хийгээд бүхий л үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолын үйлст өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг бодох нь зөв зүйтэй болов уу. Өвөрмонголын ардын нам хятадыг эх орноосоо хөөн зайлуулж чадсангүй, Өвөрмонголд ардчилалыг авчирч чадсангүй, ядаж Хадааг авран гаргаж чадсангүй (бидний монголчууд “хийвэл том юм хийнэ, үгүй бол юу ч хийхгүй” гэдэг хачин сэтгэцтэйг би нэг биш удаа шүүмжилсэн. Энэ сэтгэцээр Өвөрмонголын ардын намаа муулах нь ойлгомжтой) ч гэлээ боломж нөхцөлөө ашиглан хэр чадлаа шавхан ажилласан. Сүүлийн хэдэн жил Өвөрмонголын асуудлаар Америк, Европын улс төрчдийн чихийг цоолсон... гээд тэмдэглэвээс бас ч хуудас ханхайхгүй.

Ш: Өвөрмонголын сэхээтний эгнээг та хэр үнэлдэг вэ?

Б.Т.: Өвөрмонголд сэхээтний “эгнээ” байх эсэхэд би эргэлзээтэй байна. Мэдээж сэхээтэн бол байна. Сэхээтэн гэдэг сурлагын намтартай хүмүүсийг хэлдэг биш үнэн ёсны төлөө тэмцдэг хүмүүсийг хэлдэг. (их сэтгэгч Саийд) Тавь жараад онд бидэнд сэхээтний эгнээ байсан, Чандмань, Муунохой, Түвшин... гээд. Яагаад гэвэл Дэ ван, Буянмандах нарын удирдлагаар, япон маягийн буюу тухайн үеийн хамгийн шинэ маягийн боловсролыг хүртсэн нэгэн үеийнхнээс эгнээ гэж хэлж болохоор сэхээтэд төрөгдсөн. Тэгээд ч Дамдинсүрэн, Тогтох, Бавуужав, Гончигсүрэн, Гаадаа мэйрэн нарын үндэстний баатрууд ой санамжаас арчигдаагүй байсан тэр цагт монгол хүн үнэн ёсыг эрмэлзэх урам сэтгэл итгэл бишрэлтэй байжээ. Эв хамт намын цаг үед өсөн бойжигчдын сурлагын намтар нь асар өссөн авч тухайн нийгмийн тогтолцооны шинж чанар, боловсролын агуулга зорилтоос болж үнэн ёсыг мөрдөх журамлахыг нь бүү хэл мөрөөдөх ч сонирхолгүй болжээ. Ялангуяа 1989 оноос хойш нэг талаасаа улааны сүрдүүлэл – баривчлах, шоронд хийх, хөдөлмөрөөр өөрчлөх, ажлаас нь хөөх, ажил шилжүүлэх, ажил дээр нь гадуурхах, нөгөө талаас нь эдийн засгийн эрчимтэй хөгжиж олонхи хүний аманд сүүл чихсэн, жинхэнэ хатуу зөөлөн аргыг зэргэд хэрэглэснээс хүмүүс дуугарах нь битгий хэл санаа алдахаа ч больжээ. Өөрөөр хэлбэл нийгэм нийтээрээ ёс суртахууны уналтад орж, аливаа давхаргын хүмүүс мөнгө жинс хоёрыг л хөөцөлдөх болжээ. Одоо бичиг соёлтой хүмүүсийг “сэхээтэн” гэж нэрлэж заншсанаар нь дуудаж хэдэн үг ярья. Сэхээтний доройтол нь хэл ам болж байгаа ноёд кадрчуудын доройтлоос давна уу гэхээс дутахгүй болсон нь нээрэн харамсалтай. Уг нь тэд бол хүн ардаа оюун санааны доройтлоос аврах ёстой хүмүүс. Гэтэл одоо бол эгэл борчуултайгаа атаархаж байгаа юм шиг доройтлын цуваанд чихэлджээ. Их сургуулийн багш хөдөөгийн танхай ноёдтой хөл нийлж байхаараа бахархана, машинд нь бөгс тавьсанаараа бахархана, архин ширээнд цаг нөгцөөснөөрөө бахархана, янханд хамт орсноороо бахархана. Ингэж чаддаггүй нь эд нартайгаа атаархана. Цөөн хүмүүс ийм бол би энд тэмдэглэхгүй байсан, олонхи нь ийм болж нийгмийн үзэгдэл болсон болохоор тэмдэглэхгүй өнгөрч чадахгүй байна.

Ш: Та яваагүй бол таны бүтээлийн талаар өрнөсөн ярилцаа, маргаан ямар болох байсан бол?

Б.Т.: Үнэн хэрэгтээ намайг гарч ирэхээс өмнө зогссон, би хувьдаа үргэлжлээсэй гэж хүсч байсан. Миний ном зохиолын тухай маргаан гэдэг нь эцсийн эцэст нутаг бэлчээр, монгол хэл соёл, хүний эрх, үндэстний асуудал дээр төвлөрөх болохоор уг маргаан цаашид үргэлжилж чадахгүй нь ойлгомжтой. Миний зарим бүтээл дэх “монголоо хараалаа” гэдэг нь ч хэрэг дээрээ колонийн тогтолцоон доорхи монгол хүний гажигдалтай дүр төрхийг зурагласан юм. Ярилцана, маргана гэдэг нь ардчилалын нэг агуулга, үнэн ёсыг эрэлхийлэх явц. Хэн яаж эхлүүлсэн нь хамаагүй, ярилцаа маргаан гүнзгийрч нэн олон хүмүүс оролцохыг дагалдаад төр засгийн ард түмнээсээ нуун дарж байгаа их олон муу муухай зүйл ил гарна. Хүний нүд нээгдэж дарангуй засгийн олон зүйлд сэжиг төрж эхлэнэ. Үүнийг ганцаарчилсан ноёрхолын дэглэмтэй улсын эрх баригчид хүсэхгүй хүлээн зөвшөөрөхгүй юм. Үнэн ёсны баримжааны тухай ярилцаан гэдгийг өрнүүлж Дэн Сяопин төрийн эрхийг авангуутаа ярилцлагыг эрс зогсоож, зогсох дургүй хүмүүсийг шоронд чихээд дуусгажээ. Золиосын нэг нь Вэй Жин Шэн. Өвөрмонголд бол нэн юуг нь хэлэх вэ, болж өгвөл тогоогоор хөмрөөд тавьчихъя гэж бодож байх байлгүй.

Ш: Та ном зохиол ярилцлагадаа Дэ вангийн талаар ярихыг нэг биш удаа оролдсон байдаг. Дэ ван гэж чухам хэн бэ?

Б.Т.: Түүхч Захчид Сэцэний “Миний мэддэг Дэ ван хийгээд тухайн үеийн Өвөрмонгол” номын эцсийн бүлэгт (хятад хэвлэл, Хятадын соёл түүхийн хэвлэлийн хороо, Бээжин, 2005 он 610 тал) ийм нэг хэсэг байдаг. Дэ вангийн найз, америкийн эрдэмтэн О.Латтимор 1972 онд Хятадад айлчлахдаа Төвийн үндэстний их сургуульд илтгэл тавьжээ. Тэрээр Дэ вангийн монгол үндэстэндээ гаргасан гавьяа зүтгэлийн талаар ярьж эхэлтэл Алшаа нутагтай нэгэн залуу босч ирээд Латтиморын яриаг няцаасан төдийгүй, та наад хүнийхээ талаар ярихыг бид зөвшөөрөхгүй гэжээ. Энэ хэсэг зураглал нь олон жилийн турших Дэ вангийн “нөхцөл байдал”-ын бодит тэмдэглэл юм. Одоо бол энэ хүний нэрийг дурдаж болно, үйл ажиллагаа, үзэл санаа, улс төрийн мөрөөдлийг нь дурдаж болохгүй, үнэлж болохгүй. Хориотой хэвээрээ л байгаа. Дэ ван бол Өвөрмонголын 20-р зууны түүхийн түлхүүр гэж би боддог, Дэ ванг зөв үнэлж чадахгүй бол 20-р зууны түүхийг зөв таньж чадахгүй. Түүхээ зөв таньж чадахгүй бол өнөөгөө зөв таньж чадахгүй,өнөөгөө зөв таньж чадахгүй бол юу ч хийж чадахгүй, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй. Би Чингис хаан, Батмөнх даян хаанаас илүү Дэ ванг шүтдэг, учир нь түрүү хоёр маань надаас дэндүү хол, домгийнх юм шиг бүрэг харагддаг. Харин Дэ ван бол нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэнэ. Би цөөнгүй улс төрчдийн намтрыг уншсан, зөвхөн Дэ вангийн намтрыг уншихаар л өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс хурдаг. Нийт монголын 20-р зууны агуу их олон ангит түүхийн жүжигт энэ хүн эмгэнэлт баатрын дүрд тогложээ. Мэргэн гэгээн дээдсийнхээ тулгуур төрийг сэргээх гэсэн мөрөөдлийн модон пайзаа тэмээнд ачиж “хил” давсан тэрээр хагас жилийнх нь дараа гурван голын нутгаасаа нанхиадын шоронд хүргэгдэж очоод, дуусашгүй урт жүжгийн нэгэн анги өндөрлөнө. Өдгөө цагийн Өвөрмонголын бичиг соёлтой хүмүүсээс би ихийг хүсэхгүй, монголынхоо төлөө зулын гол болохоос буцахгүй явсан Дэ вангаа үнэлэх ёстой хэмжээнд нь үнэлээсэй гэж хүсч байна, ядаж сэтгэлдээ. Бүр ядаж битгий хятадуудтай хоншоор нийлүүлж харааж зүхээч ээ гэж ятгах байна!

Ш: Өвөрмонголын ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?   

Б.Т.: Би Өвөрмонголыг “дуусаагүй” гэж боддог, дуусах ч ёсгүй, дуусгаж ч чадахгүй! Чоно ирлээ гэж бархирахаас чоно сүргийг маань хоосолж хотыг маань хураах хүртэл бас л их цаг зай байж таараа. Бид 17-р зууны дунд үед манжийн колоничлолд орсноос бодвол 350 жилийг ардаа орхижээ. Манжаас хавьгүй илүү хүн ам, эдийн засагтай, мундаг бичгийн соёлтой үндэстний колоничлолд шилжээд бүтэн нэг зууныг туулжээ. Чингийн төр нь сүүл үедээ манж нэртэй хятад нидэртэй болсон болохоор үнэн хэрэгтээ бид хятадын саварт хумигдаад зуу гаруй жил болжээ. Аль аль нь ч ганц үмхэж хоёрхон зажлаад бүрмөсөн залгия туйлбартай шингээе гэж горьдож байсан нь үнэн. Гэтэл хараач, өнөөдөр ч монгол бага сургуулийн хүрээнээс а, э, и гэж уянгалах дуу хангинасаар. Мэдээж өнгөрөгч намар олон хүүхэд бага сургуулийн босгыг алхсан. Эдгээр хүмүүсийг дал наслана гэж төсөөлөхөд жараад жилийн дараа монгол хэл, бичиг, соёлтой хүмүүс энэ нутагт байх л болно гэсэн үг! Гэтэл далан жилд хүн төрөлхтөнд, энэ Хятад улсад ямар хувиралт, ямар хөгжилт гарахгүй вэ? Тэр үе болтол эв хамт нам хятадын төрийн толгойд сууж, тэр үе болтол хятадын нутагт ганц л намтай байх гэж үү? Үгүй байх аа! Ёлын ходоод ч шингээж чадахгүй юм гэж бий. Өнөөгийн хятад нь Төвд, Уйгур, Монгол зэрэг өөрөөс нь үндэс угсаа соёл иргэншил шашин шүтлэг ер нь хүн гэдгээс бусад юмаараа шал өөр ард түмнийг бүрмөсөн уусгаж чадна гэж байдаггүй хэрэг. Цаг үе нэгэнтээ сяньби, жүрчиний үе биш болжээ. “Умартын зэрлэгүүд” ч амьтны түүхий арьс нөмөрч алд хэрийн жад атгаад таван тарианы үр, хятад хүүхэн хоёрт шүлсээ савируулахаас өөрийг хүсдэггүй тийм баларлаг сүргүүд биш болжээ. Хятадууд 1911 онд манжийг хөөн зайлуулаад өөрийн цэвэр үндэстний улсыг байгуулж чадсангүй нь хамгийн их алдаа, одоо болтол дотроо бужигнаад байхын гол шалтгаан гэж үздэг эрдэмтэн ч бий юм. Оросууд ч олон үндэстний өнгө будгаа шингэлснээс хойш хөгжилт нь мэдэгдэм түргэсч эхэлжээ. Хятад өнөө Өвөрмонгол, Төвд, Уйгурт газрын эх баялгийг маш ихээр дээрэмдэн авч буйгаараа хонжиж байгаа нь үнэн боловч одоо цагийн жинхэнэ хөгжилт, ялангуяа ирээдүйн нийгмийн одоочлол дэвшил нь байгалийн эх баялагт суурилах биш учраас энэ бол зөвхөн түр зуурын үзэгдэл юм. Үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолын талаар нэг зүйлийн буруу ойлголт байхыг онцлон тэмдэглэе. Тусгаар тогтнол гэдэг бол хүний цусаар сольж авчирдаг юм гэсэн томьёолол өвөрлөгчдийн толгойд бат тогтжээ. Энэ бол хятадад түүхийг хэрэгцээндээ нийцүүлэн гажуудуулж бичиж тайлбарладгаас болсон юм. Мөн бас бидний уран зохиолд сэтгэлийн хийрхэл хэт их, хэт хуурмагаас нөлөөлсөн зүйл ч бий. Ази, Африк, Латин америкийн ард түмэн эзэрхэг түрэмгийтний колоничлолыг зэвсэгт тэмцэл, тэр тусмаа партизан дайнаар ялсан гэж хятадын түүхийн хичээлд заадаг. Үнэн хэрэгтээ бол “эзэрхэг түрэмгийтэд” өөрсдөө ухран гарчээ. Африк тивийн “тусгаар тогтнолын жил” гэсэн 1960 онд 17 улс тусгаар тогтносон нь уг тивийн хүн амын ¾, нутаг дэвсгэрийн 2/3 нь байжээ. Англи ч Ази дахь Энэтхэг, Пакистан, Бенгал, Палестин, Малайз, Сингапур, Бирм, Брунейг дуу чимээгүй орхиод гарчээ. Танкаас ч бат бэхлэг гэмээр харагдаж байсан орос Зөвлөлт 1991 онд зад үсэрч тэдний хорионд байсан 14 улс үндэстэн африкчуудтай төсөрхөг замаар нэг л шөнийн хооронд эрх мэдлээ олж төрийн далбаа намируулсан нь өчигдөрхөний хэрэг биш үү. Адил цаг үед Балканы хойгт хэд хэдэн шинэ улс мэндэлж амжлаа. Бөмбөрцөгийн хамгийн отгон улс болох Косово дөнгөж саяхан өрхөө татаж үүдээ нээлээ. Хоёр сая хүн амтай энэ хэсэг албаничуудын түүх бидний өвөрлөгчидтэй нэн төстэй. 1945 онд хоёрдугаар дайн дуусах завшаанд нутгийн уугал болох тэд нар тусгаар тогтнолоо тунхагласан боловч их үндэстэн тэднийг хүчээр эрхшээж “өөртөө засах орон”(муж) болгожээ. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, үнэн хэрэгтээ үндэстний тусгаар тогтнолыг заавал цуст дайнаар биш улс төрийн арга замаар шийдэх нь олонхи юм. Хамгийн ойлгомжтой ойрхон Монгол улсаар жишээлье. Сандог үлдсэн, ардын журамт цэргийг байгуулсан, Халх голын дайн гэх мэт эх оронч үйл хэргүүд байсан нь үнэн боловч энэ улсын тусгаар тогтнол эндээс мэндэлсэн биш харин орос зөвлөлтийн хэрэгцээгээр хилийн шугам анхан зурагдаж, хоёрдугаар дайны хэрэгцээгээр эцсийн баталгаа хийгджээ. Үүнийг оросын төрийн жолоог гучин жил атгасан гүрж өвгөн Сталины үгээр хэлвэл “энэ хэсэг газар түүнд хэрэгтэй” байжээ. Хятадаар жишээлсэн ч, Японыг Хятад өөрөө нутгаасаа хөөн зайлуулж тусгаар тогтнолоо сэргээсэн биш харин зүүн талаас нь Америк, хойт зүгээс нь орос зөвлөлт дайтан хөөсөөр наранчуудыг дөрвөн арал дээр нь хумин гаргажээ. Сэдвээс гадуур ярихад, япончуудын бараа тасармагц хятадууд өөр зуураа харин ч баатарлагаар алалдаж хорин сая хүнийхээ толгойг хяргаж орхижээ. Бүтэн дөрвөн жил цусан гол үерлүүлэн байж, хожмын өдөр хоногт нэн олон хүний амь насыг юүтгэсэн эв хамт нам гэдэг фашист бүлэглэлийг хятадын ард түмэн толгой дээрээ залжээ. Мэдээж хэрэг, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэх хэрэггүй, архиа ууж дуугаа дуулаад сууж байхад өөрөө хүрээд ирнэ гэж хэлж байгаа биш л дээ. Колоничлолын хийгээд эв хамт дэглэм хоёр адилхан хувь заяатай, эрт орой мөхнө гэдэгт би бат итгэдэг. Яг л боолт нийгэм, боолын арилжаа, феодал нийгэм феодал ёсон хүн төрөлхтний нийгмээс зүй ёсоор устан арилсантай адил. Нэгдсэн үндэстний байгууллага нь дэлхий дээр бас хэсэг ард түмэн колонийн ноёрхолд амьдарч байна гэж үзээд 2001-2010 оныг “колоничлолыг устгах” он жил болгон зарласан. Мэдээж иймэрхүү чимээ хятадын хилд байгаа ард түмний сонорт хүрэхгүй буюу засварлагдан хүрнэ. 2007 онд НэгдсэнҮндэстний Байгууллагаас “уугуул үндэстний эрхийн тунхаг”-ийг баталжээ. Энэ тунхагийн заалтаар бол Өвөрмонголд хэн ч болог нэг хүрз шороо уллахад монголчуудын зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ганцаарчилсан ноёрхолтой хятадын засгийн газар нь өнөө олон улсын нийгэм олон улсын хууль дүрмийг нүдэндээ хавчихгүй аашилж байвч “хавчихаас өөр аргагүй” цаг ирнэ, хятад бүхлээрээ харь гаригт нүүн одохгүй л юм бол! Ингэж хэлэхэд ойлгомжтой болов уу. Та хэрвээ хятадад эрт орой юу гэхээс ардчилал лав ирнэ гэдэгт итгэдэг хүн л бол Өвөрмонголд монгол хүн толгой өндийж өөрийнхөө хэргийг өөрөө шийдэх нэгэн өдөр лав ирнэ гэдэгт битгий эргэлз! Энэ бол угаасаа нэг л үйл хэргийн хоёр үе шат юм.

Ш: Таны хэлж байгаа тэр цаг нэг их удалгүй ирнэ, жишээ нь арван жил, хорин жилийн дараа ирнэ гэж бодъё. Тэр болтол бид юу хийх ёстой юм бэ?

Б.Т.: Хятадад ардчилал тогтносны дараа л Өвөрмонголын үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэх боломж гарч ирнэ, үүнээс өмнө ямар ч боломжгүй. Үүнийг бид иргэн улсын үеэс хүлээсэн. 1949 онд Хятадад эв хамт нам эрх барьсангүй бол энэ хүлээлт өнөө арай өөр болсон байж магадгүй юм. Сүүлийн гучин жилд хятадын эдийн засгийн хөгжилт ямар эрчтэй хөгжиж байхыг бид итгэж ядан харлаа. Энэ нь хэрэг дээрээ улс төрийн өөрчлөлтийн суурийг тавьж байгаа явц гэж ойлгож болох юм. Гэхдээ улс төрийн өөрчлөлт болох цагтаа бол үүнээс илүү хүчтэй догшин ирэх байх гэж би бодож байна. Бидний хийх ёстой хийх боломжтой тэргүүн чухал ажил бол хэл соёлоо хадгалах, боловсролын түвшинээ дээшлүүлэх явдал. Үүнд нутаг усандаа байгаа мянга мянган эгэл жирийн монголчууд гол үүргийг гүйцэтгэнэ. Бидний түүх угаасаа л ингэж урсаж ирсэн. Хилийн гадна байгаа өвөрлөгчдийн хийх ажил гаргах үйлдэл гэж байна, гэхдээ гол биш. Хилийн гадна байгаа хүмүүс хэлье гэсэн хэдэн үгээ чөлөөтэй хэлж илтгэж чадна, харин эх орондоо байх хүмүүс дуу чимээгүйгээр их олон ажлыг хийж гүйцэтгэж байдаг. Монголоороо хэлж, монголоороо амьдарч, монголоороо хүүхдээ суралцуулдаг нэр усыг нь хэн ч үл мэдэх эгэл жирийн монгол хүн болгон Өвөрмонголын ирээдүйг өргөж яваа юм. Хэсэг хүмүүс уусч байгаад бид нэг их сүрдээд байх хэрэггүй. Энэ бол болдог л зүйл. Хятадын хойт хэсэгт хятад хэлтэй, өөрийгөө Чингисийн монгол гэсэн нэгэн улс олон жилийн дараа мэндлэхийг ч үгүй гэх аргагүй юм. Мэдээж хэрэг энэ бол хамгийн адгийн хувилбар нь хүсээд байхааргүй үр дүн.

Ш: Хилийн гаднахь өвөрлөгчдийн байдал ямар байна? Олон улсын нийгэмд хэр ажиллаж чадаж байна?

Б.Т.: Хүний тоо цөөн байна, тооноос чанар гарна гэдэг шүү дээ. Өвөрмонголоо сайн ойлгохгүй, монгол хэл соёлоо сайн мэдэхгүй хүмүүс нэлээд байх шиг харагдсан. Ийм хүмүүс Өвөрмонголын төлөө зөв сэтгэж зөв юм хийнэ гэдэг юу л бол гэж бодох юм. Олон улсын нийгэм нь Өвөрмонголд үндэстний асуудал байна гэж үзэхгүй болж байгаа юм шиг байна. Биднээс хамгийн ойрхон байх ёстой уйгурын их хуралдайн тэргүүн Рабия хатагтай хүртэл “7 сарын 5”-ы хэрэг явдлын дараа Япон, Австралид айлчлахдаа “манай уйгур, төвдийн ард түмэн...” гэж ярьж явснаас биш Өвөрмонгол гэж аман завсраас нь гарсангүй. Энэ нь нэг талаасаа сүүлийн хорь шахам жил Өвөрмонголын эдийн засаг эрчтэй хөгжиж харьцангуй тайван байгаагаас шалтгааланаас гадна бидэнд төвдүүд шиг их удирдагч, дүрвэгсдийн засгийн газар үгүй, уйгурууд шиг шашин суртахуунаар нягтралцах боломжгүйгээс болж олон улсын нийгэмд томхон үйл ажиллагаануудыг зохион байгуулж Өвөрмонголоо сурталчилж чадахгүй байна. Өвөрмонголд 20-30 сая хятад иргэн суурьшсан нь ч зарим хүмүүсийн “Өвөрмонголд үндэстний асуудалгүй” гэхийн онолын үндэс болж байна. Хятадын ардчилсан холбооны дарга агсан Юй Дахай гэгч “Хайлт” номдоо төвд, уйгурын асуудлыг яриад “Өвөрмонгол бол өөр хэрэг, учир нь тэнд 20 сая хятад иргэн амьдарч байна” гэжээ. Хятад иргэд суурьшсан, хүн амын харьцалд нь харь иргэдийн харьцал их болсоноор үндэстний асуудал алга болсон гэж үзэх юм бол уйгур, төвдөд (ялангуяа уйгурт) ч удалгүй үндэстний асуудал алга болно. Учир нь эзэн үндэстний хүн ам нь харьцуулшгүй цөөн болох манжийн ноёрхогчид санамсаргүй бүтээсэн нээлт буюу “Өвөрмонголын туршлагыг” дээрхи хоёр оронд яг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үнэн хэрэгтээ бол хятад иргэд суурьшсанаар сая үндэстний асуудал гарч ирж байгаа юм. Аль үндэстнээр жишээлж хэлсэн ч хятадын үндэстний асуудал гэдэг нь хэрэг дээрээ өөртөө засуулахгүй байгаагаас үүссэн эсэргүүцэл хийгээд эсэргүүцлийн эсрэг явуулдаг дарангуйлал. Хятадын хязгаарт хятадаас бусад үндэстэнд өөртөө засна гэдэг явдал ерөөс  байгаагүй, байж чадахгүй. Хятадын уламжлалт соёлд хятад биш л бол тэдний дайсан, нэг бол чи намайг зажлана, эсвэл би чамайг залгина гэж үздэг. Хятад бус үндэстний нэрийг хүртэл хараал гутаалын ханзаар тэмдэглэж байдаг өвөрмөц (хорвоод ганц) соёл өнөө ч хэвээрээ. Хятад бол олон үндэстний улс гэж ам дүүрэн ярих ч ажиллагаа дээрээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, олон үндэстэн гэдэг нь Сун Ятсений үед улс төрийн хэрэгцээгээр зохиосон зүйл юм. Тэр үед таван үндэстэн гэж байснаа өдгөө нэмэн нэмсээр 56 болгожээ. Өвөрмонголын үндэстний асуудал төвд, уйгураас дутуу биш харин ч “илүү” байна. Учир нь тэнд хятад хүний харьцал нэн их, шат давхарга болгоны эрх нэн илүүтэй хятад хүмүүсийн гарт орсон, соёлын уусалтаар бүр эрчтэй явагдаж байна. Нуултгүй хэлэхэд Өвөрмонголд Төвд, Уйгурт болж байгаа тийм том хэмжээний эсэргүүцлийг хийх орон зай ч үгүй болсон байна. Иймд олон улсын нийгэм Өвөрмонголын асуудалд анхаарал халамжаа хандуулаач гэж өчүүхэн би уриалах байна. Энд би өөр нэг зүйлийг зориуд хэлье гэж бодож байна: Хятадад ардчилал ирсний дараа Өвөрмонголын байдал, Төвд, Уйгураас сайн байж болох юм. Яагаад гэвэл боловсрол хүртсэн харьцал өндөр, энэ нь эрүүл нийгэмд мэдээж сайн хүчин зүйл болж хувирна. Хятадын соёлын нөлөөг эрт хүртсэн, японд эзлэгдсэн ийм хоёр түүхээр бид төвд, уйгураас их ялгаатай. Колоничлогдоно гэдэг тодорхой орон зайд нэг талаараа уусч нөгөө талаараа боловсрол дээшлэн нүд нээж, колоничлолоос салахыг эрэлхийлэх явц болон хувирдаг. Хятад, Өвөрмонголд ардчилал биелсэн цагт өнөөгийн тагнуул туршуул, монголоо гишгилж явагчид буцаад эх оронч, монгол хүн болно. Магадгүй тэр үед над мэтээс ч илүү үндсэрхэг болж мэдэх юм. Учир нь тэд бол хэрэглээний үзэлтэд юм. Тэднийг амьдралд дуудан дагуулдаг гэрэлт цамхаг нь “ашиг” гэдэг ганц үг юм.

Ш: Энэ жил Хадаа гарч ирнэ, Та юу хэлэх вэ?

Б.Т.: Хадаа бол ардчиллын хошууч, үндэстний үзлийн бэлгэдэл гэж би боддог. Мөн ч монгол хүний эр зоригийн төлөөлөл! Тэрээр 15 жил харанхуй шоронгийн мухрыг сахихдаа толгой бөхийж өвдөг нугарсангүй, хятадын эзлэгчидтэй энэ мэт туйлбартай тэмцсэн хоёрдахь жишээг би санахгүй байна. Хадаагийн байгуулсан “Өмнөд монголын ардчилсан холбоо” нь “28-хан хүнтэй” боловч гэнэт үүссэн олон түмэнч хөдөлгөөн жишээ нь “1981 оны монгол оюутны хөдөлгөөн”-ийг бодвол Өвөрмонголын ирээдүйд санааширч гарах зам хайсан илүү санаачлагатай, илүү тод зорилттой, илүү оюунлаг үйл хэрэг юм. Эв хамт нам 1989 оны ТяньАньмэний хядлагаар хятадын ард түмний ардчиллын мөрөөдлийг нухчин дарсан бол колонийн засгийн газар 1995 онд Хадаа хийгээд түүний анд нөхдийг баривчлан дарангуйлснаар Өвөрмонголын үндэстний үзлийг нэг цагт цочирдуулан намшааж чаджээ. Бид баатартай үндэстэн гэж хэлэхэд нүүр улайхгүй болсон, харин баатраа хүлээн зөвшөөрөх нь хүн болгоны үүрэг болон тавигдаж байна. Хадаагийн эрүүл мэндийн төлөө би залбирч байна.

Ш: Уншигчиддаа хэлэх үг?

Б.Т.: Юунаас ч айхгүй хүн гэвэл арай л байдаггүй болов уу. Гэвч айх ёсгүй юмнаас битгий ай гэж хэлье. Хэлж болохгүй үг, хийж болохгүй ажил гэж хаана ч бий, гэвч хэлж болох үг, хийж болох ажлаа бүү осолдуул гэж хэлье. Ра.Эрдэмт, Го.Сайнбаярын хийснийг бүх монгол хүн хийж болно, хийж чадна, хийх ч ёстой. Түүнээс болж газрын дэд даргаасаа огцрогдохгүй, профессор цолоо хусуулахгүй, тагнуул цагдаад дуудагдахгүй, иргэний эрхээ булаагдахгүй. Бид Дамдинсүрэн, Гаадаа мэйрэн, Тогтох, Бавуужав, Хадаа болохоос наана Ра.Эрдэмт, Го.Сайнбаяр болох хэрэгтэй байна. Тийм орон зай нээлттэй байна. Цаг үеийн хөгжилтийг мэдэрч, дагаж явъя. Битгий мөсний илжиг шиг хойшоо суугаад л байгаарай. Миний ярьж буй цаг үеийн хөгжилт гэдгийг явцуу утгаар нь хэлбэл, хятадууд манийг уясан хүлээсээ арга бусын эрхэнд (мөн л цаг үеийн хөгжилтийн эрхэнд шахагдаж) өчүүхэн ч гэсэн сулруулахыг соргогоор сэрж, хялгасан төдий сулруулбал биеэ хялгасан төдий тэнийлгэж байгаарай гэсэн санаа.Энэ бол чухамхүү аргаа барсан, үг биш үг л дээ.

2010.02.24

Зүүлт:

1. Б.Түмэн-Өлзий гуай 2009.10.22ны өдөр УБ хотноо урилгаар НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дорнод Азийг хариуцсан мэргэжилтэн Сариняатай хийсэн ярилцлагынхаа суурь дээр энэ ярилцлагыг хийсэн юм.

 

2.  Б.Түмэн Өлзий  Өвөр монголын ардын намын монгол улсын салбарын дарга 

 

Худам үсгээс шинэ үсэгт буулгасан Цонгоол Очир хөвүүн

 

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us