Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Б. Ганхуягийн хувийн өргөдөл
 
 
SMHRIC mongolchilav
2010-03-28
 

Асуулт 31

Намайг Бумууцэрэнгийн Ганхуяг гэдэг, Монгол улсын харьяат бөгөөд өөр ямар ч иргэний харьяалалгүй. Улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсны улмаас миний бие болон миний гэр бүлийн гишүүдэд аюул учирч болзошгүй хэмээн баттай итгэж буй тул Канадад орогнол хүсч байна. Би тагнуулын газарт мэдээлэгчээр ажиллаж байсан бөгөөд үнэндээ бол Монгол болон Хятадын Өвөр Монголд давхар агентаар ажиллаж байсан. Энэ учир шалтгааны улмаас Хятадын эрх баригчдад баривчлагдан, хоёр жилийг Хятадын шоронд хоригдсон. Хэдийгээр би суллагдсан ч хоёр улсын тагнуулын ажилтангуудын хараа хяналтан дор байсан бөгөөд хэзээ нэгэн цагт аль нэг улсынх нь юм уу эсвэл хоёр байгууллагын заавраар алагдах юм байна гэж мэдэж байсан. Түүнчлэн миний гэр бүлийн гишүүдийн амь насанд ч аюул занал учирч буй гэдэгт итгэлтэй байна.

Би Монгол төрөөд, Улаанбаатарын Их Сургууль болон Оросын Эрхүүгийн их сургуульд сэтгэл судлаачаар сурсан. Хэдийгээр би ажил мэргэжилдээ дуртай байсан ч маш бага цалин авдаг байсан. 1992 оны 6 сард, зуны амралтаар өөрт байсан бүх мөнгөө аваад Хятадын Эрээнд очиж жимс, хүнсний ногоо худалдан аваад нутагтаа очоод зарахаар явсан. Би зөвхөн илүү хэдэн цаас олох гэж л хүссэн. Харин энэ аялал миний амьдралыг өөрчилсөн юм.

Энэ аялалын явцад би нэг Хишгээ гэдэг хүнтэй танилцсан. Би тэр үед мандаринаар юм уу өөр хятадын аялгаар ямар ч үг мэддэггүй байсан. Хишгээ болон түүний найз Гэрэлт нар монголоор ярьдаг байсан бөгөөд би тэдэнд таалагдаж эхэлсэн. Намайг Хятадад худалдаа хийхэд тэд сайн дураараа орчуулагч болон хөтөчөөр тусалж байсан. Намайг нутаг буцахад тэд утасны дугаараа надад өгсөн бөгөөд би ч өөрийнхөө дугаарыг дуртайяа өгсөн.

1994 оны 6 сард Хишгээ Улаанбаатар хотод орчуулагчаар ирсэн. Тэрбээр Хятадын том хэмжээний бизнесмэнүүдтэй хүрэлцэн ирсэн бөгөөд тэд Монголоос Хятад руу мод, төмөр, зэс, хөнгөн цагаан зэрэг материалуудыг импортлох боломжийг судлахаар ирсэн. Тэр над руу утасдаж, бид түүний буусан Нэгдэлчин зочид буудалд уулзсан. Тэр зочид буудлын өрөөндөө хамт ирсэн хүмүүстэйгээ намайг танилцуулж, тэд надаас Монголын амьдрал, Монголын бизнес болон бизнес эрхлэгчдийн тухай, түүхий эд болон бусад бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш зэрэг маш олон зүйлийг асууж лавлаж байсан. Би тэдэнд туслахдаа баяртай байсан бөгөөд өөрийн мэддэг бүх зүйлээ хэлсэн. Аяллын төгсгөлд бизнесмэнүүдийн нэг нь гэнэт монгол гэр бүлийн хэрхэн амьдардгыг үзэх хүсэлтэйгээ хэлж, намайг нэг монгол айл олж өгч чадах уу гэхээр нь би тэднийг гэртээ авчирч, оройн хоол идүүлсэн. Зочид маш талархалтай байсан боловч Монголын эмч ямар тарчиг амьдралтай байгааг гайхсанаа хэлж байлаа.

1994 оны 9 сарын эхээр би дахин Хятад явж, өөрийн бяцхан бизнесээ хөгжүүлэхээр явсан. Эрээнд байхдаа би Хишгээтэй дахин уулзаж, түүний тухай илүү мэдэх болсон. Хишгээ надад хэлэхдээ өөрийгөө Хятадын Хөххотын Өвөр Монголын Их Сургуулийн лектор хэмээн танилцуулсан. Тэр үедээ бидэнд адил төстэй зүйл асар их байх шиг санагдаж байсан. Бид хоёр хоёулаа ухаантай боловсролтой боловч эдийн засгийн шинэ тогтолцооноос болж хоёулаа тарчиг амьдралтай болж, бодол санаа болон мэргэжлийн ур чадвар нь материаллаг ертөнцөд багаар үнэлэгдэж, хэн ч тоохгүй болсон. Хишгээ намайг Хөххотоор аялахыг санал болгож, өөрө бүх зардлыг нь төлсөн. Биднийг Хөххотод ирэхэд Хишгээ надад Мандах хэмээх хүний талаар ярьсан. Өвөр Монгол гаралтай тэрбээр тарчиг амьдралтай сэхээтэн зэрэг олон хүмүүсээс мөнгө цуглуулж аваад Монгол руу зугтсан гэнэ. Тэрбээр өөрийн ойр орчмын хүмүүсийг хуурч мэхлэн, насаараа цуглуулсан мөнгийг нь дээрэмдэн, тэднийг хоосруулсан луйварчин болохыг хэлсэн.

Түүнчлэн Мандахын хаа байгаа талаар мэдээлэл өгсөн хүнд шагнал амлаад байгааг дурдаж, хэрэв намайг туславал шагналыг мөнгийг хувааж авч болох тухай хэлсэн. Тэр намайг түүний араас мөшгин шалгаж байгаа цагдаа найзтайгаа бас танилцуулна хэмээн амалсан. Түүнчлэн тэр хэлэхдээ мөнгийг нь салгасан бэлбэсэн эхнэрүүд, өнчин хүүхдүүдэд их л буян болно доо гэсэн.

Тэр амалсан ёсоороо найз нартайгаа намайг танилцуулсан. Тэд нь ноён Жан, ноён Жаргал нар байсан. Тэд Өвөр Монголын цагдаагийн ахмадууд. Мөн тэд Өвөр Монголын тагнуулын газрын агентууд байсан. Тэд надад Мандахын зураг болон бусад мэдээллийг өгсөний дотор түүнийг Өвөр Монголд анхны хувийн банкыг нээж, өвөр монголчуудын итгэн хадгалуулсан 23 сая юанийг авч зугтсан гэдгийг хэлсэн. Тэд надад миний зардалд нэмэр болохоор 10 000 юань өгсөн.

Миний сэтгэл ихээр хөдөлж, тэр гэмтнийг хуулийн өмнө аваачиж, өвөр монгол ахан дүүс нартай туслах хүсэлтэй болсон.
Тэр үедээ би юунд орооцолдож байгаагаа мэдээгүй. Хэрэв цаг хугацааг эргүүлж болдог байсан бол би хэзээ ч тэр саналыг хүлээн авахгүй байлаа.

Улаанбаатар жижиг хот, дээр нь хүн бүр нэгнээ анддаггүй тул тэр хүнийг олох нь тийм ч хэцүү биш байсан. Тухайн үед тэр гуравдагч орон луу цагаачлах статустай байсан. Тэр одоо Польшид ямар нэгэн аюулгүй амьдарч байгааг мэднэ. Тухайн үедээ миний өгсөн мэдээлэл нь ихэд чухал байлаа. Би Хятадуудын тааллыг олж, олон ч зорчих болсон. Би баяр ёслол, амралтын өдрүүд, өвчтэй үедээ ч очдог боллоо. Миний аяллууд сард хэд хэдэн удаагаас хэдэн сараар зорчдог болж өөрчлөгдсөн. Тэр үед би Өвөр Монгол шинэ найз нараасаа шинэ даалгавар аваад явж байлаа. Тэдний сонирхол нь Хятадын Өвөр монголоос Улаанбаатарт очоод бизнес эрхэлж буй хүмүүс байлаа. Би нууц мэдээллийг тэдний найз нартай уулзаж, фото зураг авч, боломжтой бүх сувгаар мэдээлэл цуглуулан авч байлаа. Тэгээд тэр мэдээллээ Хятадад зорчихдоо цааш нь дамжуулдаг байсан.

1995 оны 1 сарын сүүлээр Монголын Цагаан сарыг тохиолдуулан бэлэг дурсгалын зүйл цуглуулахаар Хятадад очсон. Тэр үед Хишгээ өөрийн бас нэгэн найз Бо Жэй Минтэй танилцуулсан. Тэр Өвөр Монголын Тагнуулын газрын 3-р хэлтсийн дарга байсан бөгөөд надад бэлэг болгон мянган ам. доллар өгсөн. Энэ нь татгалзахын аргагүй зүйл байлаа. Тэр үед би охиноо ганцаараа өсгөж байсан бөгөөд түүндээ зориулж бэлэг авмаар байсан. Энэ нь яг зөв цагт таарсан байсан. Би мөнгийг авсан. Ёс төрийг бодоод нэг баримт дээр гарын үсэг зурахыг хүссэн.    

Ноён Мин надаас дахин нэг зүйл хүссэн. Шинэ даалгавар нь амар хялбар бөгөөд ямар нэг хор хөнөөлгүй санагдсан. Тэрбээр Улаанбаатарт амьдарч буй Да Мөрөн, Алтанбат, Цэнгэлт, Тэмцэлт нарын Өвөр Монголын цагаачдын талаар илүү мэдэхийг хүссэн. Тэр үед ч бас надад хэлэхдээ эдгээр хүмүүс нь гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн. Тэд бүгдээрээ дараа нь аль нэгэн улсад улс төрийн орогнол авцгаасан.

Би тэрхүү уулзалтын дараагаар албан ёсны агент болсоноо бүр дараа нь мэдсэн. Надад “Даваа” гэдэг нэр өгсөн. Нөгөөх бэлэгнүүд байнгын болж, би тэр бүрд нь Хишгээтэй хуваадаг байсан. Намайг агент болсоныг хэлэхдээ үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголт байхгүй гэдгийг хэлсэн. Эс бөгөөс тэд намайг Монголын эрх баригчдад тушаан, шоронд хоригдох хүртэл аюултай байлаа. Би айж байсан. Би өөрийн шинэ боссууддаа мэдээ цуглуулах ажлаа үргэлжлүүлсээр байсан.

1995 оны 11 сарын дундуур Өвөр Монгол руу дахин аялахаар явж байсан. Гэнэт Гэрэлт, Батжаргал хэмээх хоёр урилгагүй зочинтой уулзсан. Батжаргал нь нэгэн хадгыг Хишигтэд дамжуулж өгөхийг гуйсан. Би тэр боодолтой юмыг авсан.

Түүний дараагаар бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн. Би Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр Монголын тагнуулын газрын ажилтангуудад баривчлагдсан. Тэр дороо намайг Тагнуулын төв газар дээр аваачин, бүх хувцсыг тайлан нүцгэлсэн. Тэд миний бүх эд зүйлийг, хувцсыг хүртэл хураан авсан. Би тэнд 72 цаг хоригдсон.

Би түр саатуулах газар хоол ундгүй өлсөж, дээрээс нь зодуур тамлалтын амт үзсэн. Тэд намайг ийнхүү удаан зовоосны эцэст хэрэв үнэнээ хүлээвэл суллан явуулна гэсний дагуу бүх үнэнийг хэлсэн. Тэд ч хэлсэн амандаа хүрч намайг суллан явуулсан боловч нэг болзол тулгасан. Би тэдэнд Өвөр Монголчуудын талаар мэдээлэл цуглуулахыг даалгасан. Би ийнхүү давхар агент болсон.

Яг тэр үед миний нөхцөл байдал ямар аймшигтай болж байгааг мэдэрсэн ч тэдний саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Би энэ үед зарим нэгэн хүний асар том тоглоомны өчүүхэн өгөөш болж байгаагаа мэдэрч байсан. Би амьдралынхаа хором бүрийг эрсдэлд оруулж буйгаа мэдэж байсан. Гэвч надаас хамаагүй агуу тэрхүү хүчинд автагдаж гарах гарцыг олж харахгүй байлаа. Монголын тагнуулынхан надаас Өвөр Монголын тагнуулын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байлаа. Тэд миний даалгавруудын талаар, үйл ажиллагаануудын нарийвчлал, Бо Жэй Минийн талаар, Хятад дахь өвөр монгол, төвд, казахуудын талаар мэдээлэл авахыг хүсч байсан. Тэд мөн Хятадын зэвсэгт хүчин болон тэдний үйл ажиллагаануудын талаар мэдээлэл цуглуулсан байсан.   

Монголын тагнуулын газар надад дуу хураагчтай цаг өгсөн. Аялалаас буцаж ирэх болгондоо би цаг болон цуглуулсан мэдээллээ хурандаа Баярсайханд өгдөг байсан.

Яг тэр үед ч би Өвөр Монголын тагнуулын газарт мэдээлэгчээр ажилласаар байлаа. Тэдний саналаар би АНУ-ад төвтэй Өвөр Монголын Ардын Намд элссэн. Би намд үүрэг гүйцэтгэх болж 1997-2000 онуудын хооронд намтай холбоотой хэрэг явдлаар Нью Жерсид байнга очдог болсон.

Давхар агентаар ажиллаж байсан миний амьдрал 2002 оны 9 сарын 20-нд Бээжингийн онгоцны буудал дээр Хятадын тагнуулын ажилтангуудад баривчлагдах хүртэл үргэлжилсэн юм. Тэр өдөр тагнуулынхан намайг VIP танхим уруу даган орж, хоёр тохойноос сугадан машиндаа суулгасан. Бээжингээс Хөххот руу намайг шилжүүлж, тэдний тагнуулын газрын байранд хорьсон.

Намайг баривчлах гол шалтгаан нь 1996 онд танилцаж байсан Нина хэмээх тавь орчим насны монгол эмэгтэйтэй холбоотой байв. Нина надад Хятадад байдаг бизнесмэн дүүгийнхээ утсыг өгч, төмрийн наймаа хамтран хийж болох талаар зөвлөсөн юм. Би тэр дугаараар нь Нинагийн дүү лүү залгасан боловч Нина Монголд байгаа гэж хэлсэн. Би дараа нь тэр эмэгтэйн дүү нь Хятадад байдаг Орос-Монголын тагнуулын сүлжээний нэгэн чухал агент гэдгийг мэдэж авсан бөгөөд тэр утасны дуудлагаар Хятадын тагнуулынхан түүний хаа байгааг нь илрүүлж чадсан байжээ. Би тухайн үедээ миний бүх утасны яриаг олон жилийн турш чагнаж байсныг мэдээгүй байсан.

Шүүх хурал 2004 оны 1 сард болсон. Надад 18 жил хорих ял өгсөн. Намайг давхар агент байсан гэдэг үндэслэлээр ялласан. Зөвхөн тэр ганц удаагийн утсаар ярьсан ярианаас болж намайг Орос-Монголын тагнуулын байгууллагуудтай холбоотой хэмээн сэжиглэсэн.

Хоёр жилийн турш би Хөххотын [нэмэв: хорих газрын] хоёр өөр шоронд хоригдсон. Шоронгийн нөхцөл байдал хүнд, миний эрүүл мэнд муудсаар байсан. Тэр үед манай гэрийнхэн миний тухай юу ч мэдэхгүй байсан бөгөөд алга болсон хэмээн бодож байв. Миний эцэг эх хоёр охиныг минь өсгөж байсан.

Есөн сар хоригдсоны дараагаар намайг суллан Монгол руу илгээсэн. Үлдсэн 16 жилийн турш Өвөр Монголын тагнуулын газрынханы хараа хяналтан доор байх болно гэдгийг надад бас анхааруулсан. Намайг суллах хэд хэдэн шалтгаан байв. Юу түрүүн өвөр монголчууд намайг анх тагнуул болгосон. Бас Орос-Монголын тагнуулын сүлжээнд хамаагүй гэдгийг маань тогтоосон. Эцэст нь 1996 онд утсаар ярьсан тэр ярианаас болж Бо Жэй Мин нь КГБ-ын олон жилийн өмнө Хятадад тарьсан Орос –Монголын тагнуулын мэдээлэгч нарыг илрүүлсэн. Үүнийхээ төлөө тэр тушаал дэвшиж, БНХАУ-ын баатар хэмээх өргөмжит хэргэмийг хүртсэн. Түүнчлэн миний эрүүл мэндийн байдал улам доройтсоор амь насанд аюултай болж ирсэн.

Миний бие 2004 оны 9 сарын 20-нд Эрээн Замын Үүдийн хилээр хилийн дээс алхаж Монголд хөл тавьсан. Надад мөнгө ч байхгүй, эрүүл мэнд маань ч доройтсон байлаа. Надад Хятадад гэмт хэрэгт холбогдсон гэх хуурамч баримт бүрдүүлэн өгсөн байсан. Хятадын эрх баригчид надад хэлэхдээ намайг хугацаанаас өмнө суллаж байгаа тул би тэдэнд “өртэй” үлдлээ гэж байв. Миний бодлоор тэд намайг тагнуулын хэрэгт сэжиглэсэн хэмээн Монголын талд хэлүүлэхийг хүсээгүй байх. Учир нь хэрэв ингэвэл Монголд хэрэг явдал мандах бөгөөд хятадууд намайг агентаар цааш ашиглах хүсэлтэй байлаа. Намайг 2004 оны 9 сард гэртээ ирэхэд монголчууд намайг 7 хоног хорьсон. Тэд намайг зодож, сураггүй байсан хоёр жилдээ юу хийж байсныг асууж шалгаасан. Би Хятадад хоёр жил шоронд хоригдсон гэдгээ хэлсэн боловч мэдээж ямар учир шалтгааны улмаас гэдгээ хэлээгүй. Монголчууд хятадуудын надад өгсөн тэр хуурамч бичиг баримтад итгэсэн. Учир нь намайг хоригдсон шалтгаан нь Хятад иргэдэд хуурамч виз гаргаж өгсөн (Хятадын талаас надад олгосон хорих шалтгаан) гэдэг үндэслэл байв. Монголд хоригдсон эхний зургаан өдөр намайг өдөрт нэг удаа зодож, хоол өгдөггүй байв. Долоо дахь өдөр нь надаас байцаалт авсан. Хятадын тал намайг хэзээ хэзээгүй дахин ашиглах болно гэдгийг би мэдэж байлаа. Тэд намайг Орос Монгол шиг хүссэнээрээ ашиглаж, Хятадад агентууд нь бүтэлгүйтсэний учир шалтгааныг хайсаар байлаа. Үүний улмаас бүх амьд үхдэл л болсон юм. Хэрэв Монголын тал намайг мэдэх юм бол гадаад дахь өөрийн агентуудаар дамжуулан намайг устгах байсан. Хэрэгцээ нь дууссан монгол агентуудаа устгахын тулд Монголын тагнуулынханд илчилдэг аргыг хятадууд олон жилийн турш хэрэглэсээр ирсэн юм. Үүнийг “хар хайрцагны ажиллагаа” гэж нэрлэдэг.

Давхар агентын хувьд аль нэг тал нь хэзээ хэзээгүй эрэн сурвалжилж эхлэнэ гэдгийг мэдэж байлаа. Энэ үед миний эрүүл мэнд ихэд доройтож, онгоцоор нисч ч чадахгүй байсан. Би сэтгэл санааны хямралд орж, амьд явах сонирхолгүй болсон. Би АНУ-д байх хоёр эгчийнхээ дэмжлэгтэйгээр амьдралаа залгуулж байсан бөгөөд миний хувьд амьдралын төгсгөл ирсэн шиг санагдаж байв. Яг энэ үед өөрийн эхнэр Мөнхцэцэгтэй танилцаж, бүх юм өөрчлөгдсөн.

Нэр хүндтэй эцэг эхээс төрсөн, тэд нь ашигтай бизнес эрхлэхээс гадна Улаанбаатар хотод оюун ухааны өвөрмөц хувийн музей ажиллуулдаг бөгөөд эхнэр маань үргэлж АНУ луу аялдаг байлаа. Нэгэн аялалынхаа үеэр миний эгчтэй танилцсан бөгөөд Улаанбаатарт эмнэлэгт хэвтэж байсан намайг эргэхийг гуйжээ. Миний эхнэр над дээр ирсэн. Тэгсэн бид Улаанбаатар болон Орост нэг сургуульд, нэг цаг үед сурч байжээ. Надтай адил тэрбээр нөхрөөсөө салж, охиноо ганцаараа өсгөж байсан. Бид анхны харцаар л бие биедээ дурласан.

Тэр над дээр ойр ойрхон ирэх болж, миний эрүүл мэнд ч сайжирсан. Эмнэлгээс гарсаны дараа бид үргэлжлүүлэн уулзалдах болсон. Гэвч би өөрийн болон түүний аюулгүй байдалд ихэд санаа зовж, олон нийтийн газар хамтдаа харагдахгүйн тулд нууцаар уулздаг байсан.

Бид хамтдаа амьдрахаар шийдсэн бөгөөд хотын захад нэгэн байр хөлсөлж суусан. Бид хамтдаа хэзээ ч гардаггүй байсан. Бид санаж сэтгэж болох бүхий л аюулгүйн арга хэмжээнүүдийг авч байлаа. Би эхнэр болон түүний гэр бүлд асуудал авчрахгүйн үүднээс бид гар утас болон үүрэн телефоны компаниудаа байнга сольж байлаа.

Энэ шинэ байранд ч гэсэн намайг тагнаж чагнаж байгаа хэмээн мэдэж байлаа. Олон удаа манай гэрийн гэрэл нь үл мэдэгдэх шалтгаанаар унтарч байв. Хэрэгцээгүй болсон агентыг цахилгааны жижиг гэмтэл зэргээр осолд орж үхсэн маягаар цааш харуулдаг шалгарсан арга байдгыг би мэддэг байв. Энэ болгонд нь би гэр бүлээ аюулгүй газар луу нууцаар зөөдөг байлаа.

2005 оны зуны эхэн сарын үед манай гэрт хэд хэдэн удаа шөнийн цагаар хүмүүс нэвтэрч орсон тохиолдол байсан. Нэг ийм тохиолдлын дараагаар Монголд цаашид байх нь аюултай юм байна гэдгийг мэдэрсэн. Би Канад руу зугтаахаар шийдсэн. Би виз авч, яг хаашаа очихоо хэлэлгүйгээр онгоцны билетээ ч авч чадсан. Ингээд би 2005 оны 6 сард Канадад хөл тавьсан. Би улс төрийн орогнол гуйх төлөвлөгөөтэй байсан. Тэр үедээ намайг явсанаар эхнэр хүүхдүүдэд маань аюул холдож байна хэмээн бид хоёул бодсон. Гэвч энэ нь буруу байжээ. Би явахаасаа өмнө эхнэр болон өөртөө шинэ дугаар бүхий СИМ карт худалдан авсан. Зөвхөн бид хоёр л тус бүрийнхээ дугаарыг мэдэж байсан.

Би Канадаас эхнэр лүүгээ залгасан. Намайг явсаны дараагаар түүний утас руу залган заналхийлэн сүрдүүлсэн дуудлагууд ирэх болсон тухай тэр надад уйлан хэлсэн. Утасдсан тэр эрэгтэй нэрээ хэлээгүй байсан. Тэр намайг хилийн чанад руу явсан гэдгийг мэдэж байсан. Тэр миний эхнэрт хэлэхдээ намайг “аятайхан” байхыг сануулж, хурдан эргэж ирэхгүй бол миний эхнэр болон миний бүх төрөл саданг газрын хөрснөөс арчиж хаяна хэмээн хэлүүлжээ. Тэр хүн хэлэхдээ манай хүүхдүүдийг аль сургуульд явдагийг мэднэ гэжээ. Эхнэр тэр хүний аялгаар нь монгол хүн гэж таньсан байна. Би хилээр гарахдаа паспортоо үзүүлсэнээр намайг хилээр нэвтэрсэн, дугаараа сольсон ч гэсэн эхнэрийн дугаарыг мэдэж байсан зэрэг учир шалтгаануудаас үндэслэн утсаар яригч нь Монголын тагнуулын газрын ажилтан гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Бид хоёр цагын турш утсаар ярьж, уйлсан. Эхнэр маань Монголд байхаас айж байлаа. Би явсанаар манай гэр бүлээс аюул холдоно хэмээн бодож байсан нь эсрэгээрээ болжээ. Би тийнхүү дараагийн нислэгээр аль болох түргэн нутаг буцсан.

Монголд эргэж ирээд буцаж явах аялалаа тэр дор нь төлөвлөсөн. Монголоос гэр бүлээрээ Солонгосын визэнд орсон. Тэгээд эхнэр маань Хятад руу явсан. Бид холбоогүй юм шигээр Канадын виз мэдүүлж, тусдаа виз авсан. Дараагаар нь гэр бүлээрээ Мексикийн визэнд орсон. Тэндээсээ эхнэр Монгол буцсан. Тэгээд бид Солонгос руу гэр бүлээрээ явж, Канадын элчингээс хүүхдүүддээ виз хүссэн. Тэр үед л бид хоёр гэрлэсэн эхнэр нөхөр гэдгээ хэлсэн. Канадынхан бидэнд виз өгөхөөс татгалзсан. Харин тэр үед Канадаар дамжин өнгөрч гуравдагч орон луу аялж буй тохиолдолд виз хэрэггүй юм байна гэдгийг мэдсэн. Бид Мексик рүү бал сараа тэмдэглэж байгаа мэтээр аялах замдаа Канадад үлдэж улс төрийн орогнол хүссэн.

Би Солонгост 2005 оны 5 сард байсан. Тухайн үедээ би хуучин машинууд худалдан авч Монголд зарах гэж байсан. Солонгост амьдардаг найз маань дараагийн удаа ирэхдээ өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад ирээрэй гэсэн. Тэр паспортоо гээчихээд иргэнээ батлахын тулд Монголы элчинд иргэний үнэмлэхээ үзүүлэх хэрэгтэй болсон гэсэн. Би яг энэ аялалын үедээ түүний хүргэн ахынх нь өгсөн иргэний үнэмлэх, гадаад паспортыг нь биедээ авч явсан. Харамсалтай нь би найзынхаа утасны дугаарыг Монголд орхисон бөгөөд Солонгост байхдаа холбоо барьж чадаагүй. Тиймээс би Канадад ирэхдээ түүний паспорт, иргэний үнэмлэхийг нь биедээ авч явсан бөгөөд Канадын цагаачлалын албаныхан хураан авсан.

Канадад ирэнгүүтээ бид улс төрийн орогнол хүссэн бөгөөд Монголд  бидний амь нас хутганы ирэн дээр байгаа гэдгийг мэдсэн. Тиймийн учир бид өөрсдийн амь амьдралыг Канадын цагаачлалын системд тушааж, миний урд нь үйлдэж байсан ажил мэргэжил, улс төрийн ажиллагаанаас үл хамаарч бид Канад улсад айх аюулгүй амар жимэр амьдарна гэж итгэж байна.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us