2010 оны 4 сарын 23 |
Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө |
Нью Ёорк |
Хятадын уугуул монгол иргэдийн төлөөлөл Содмонгол (Хятад паспортон дээрх нэр нь Чао Ду) нь Нью Ёорк хотноо байрлах НҮБ-ын төв байрнаа НҮБ-ын Уугуул Иргэдийн Асуудлаарх Байнгын Форум (UNPFII) –ын 9-р хуралдаанд оролцохоор уригдсан байна. Түүнийг хуралд оролцохоор 2010 оны 4 дүгээр сар 18-ны өдөр нисэхийн өмнөхөн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал дээр Хятадын эрх баригчид баривчилсан байна. Түүний хаа байгаа болон эрүүл мэндийнх нь талаар мэдээлэл алга байна. Энэ нь Хятадын эрх баригчид НҮБ-ын тус хуралд оролцох гэж байсан төлөөлөгчдийг баривчилсан хоёр дахь тохиолдол юм. Хоёр жилийн өмнө Өвөр Монгол иргэдийн удирдагчдын нэг Наранбилиг нь тус форумын 7-р хуралдаанд оролцохоор явах гэж байхдаа Хятадын эрх баригчдад баривчлагдсан бөгөөд хуралд оролцож чадаагүй байна. Тэрбээр 20 хоног хоригдсоны эцэст нэг жил гэрийн хорионд суусан юм.
Содмонгол нь Нью Ёорк хотноо байрлах НҮБ-ын төв байрнаа 2010 оны 4 сарын 19-31-ний өдрүүдэд болох байсан НҮБ-ын Уугуул Иргэдийн Асуудлаарх Байнгын Форум (UNPFII) –ын 9-р хуралдаанд уригдсан байсан юм. Тэрбээр Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ)-нөөс зохион байгуулан оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байсан юм. НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Хорооноос хэрэгжүүлдэг НҮБ-ын Уугуул иргэдийн сайн дурын сангаас түүний бүх зардлыг нь даан дээрх форумын 9-р хуралд оролцуулах байсан юм. Хятадын Шенян дахь АНУ-ын Консулын газар түүнд дээрх арга хэмжээнд оролцохыг зөвшөөрөн АНУ-ын виз олгосон байна. ӨМХЭМӨ нь Содмонголтой хамгийн сүүлд 4 сарын 18-ны Бээжингийн цагаар 14:55 цагт холбоо барихад Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал дээр нисэх буудлын болон хилийн шалган нэвтрүүлэх боомтыг амжилттай давсан тухайгаа дурдаад Бээжингээс АНУ-ын Нью Жерси мужийн Ньюаркын олон улсын нисэх онгоцны буудалд газардах Континентал Авиа компанийн СО88 дугаартай онгоцонд суухаар хүлээж буй хэмээн мэдэгдсэн байна. Гэвч Бээжин дэх Континентал Авиа компанийн салбарын мэдэгдэж буйгаар 15:45 цагт онгоц нисэхээс өмнө Содмонголын нисэх тийз нь үл мэдэгдэх шалтгаанаар цуцлагдсан бөгөөд өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй гэсэн байна.
Хэргийг нягтлахаар ӨМХЭМӨ тэр даруйд нь Бээжингийн олон улсын нисэх буудлын Нийтийн Аюулгүй байдлын товчоо болон хилийн шалган нэвтрэх боомттой холбоо барьсан. Хилийн шалган нэвтрэх боомтын үйлчилгээний албаны хүн баривчилгааг баталж, СО88 нислэгээр нисэхийг зөвшөөрөөгүй гэсэн бол өөр нэгэн нь төрийн нууц тул илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
ӨМХЭМӨ Содмонголын эхнэр Сун Хуилитэй холбогдоход Лиао Нин мужийн Чао Ян хотын цагдаагын газрын ажилтангууд тэдний гэрт 4 сарын 19-нд нэвтрэн орж, Содмонголыг баривчлагдсан болохыг мэдээлсэн байна. Цагдаа нар гэрийг нэгжиж хувийн компьютер, лаптоп, гар утаснууд, бичиг цаас, баримтууд зэргийг хураан авсан байна. Тэд Сун Хуилид нөхрийгөө суллуулахаар энд тэндээс тусламж хүсэх юм бол нөхрийнх нь шийтгэл улам хүнд болохыг анхааруулаад явжээ.
Содмонгол нь 45 настай, Өвөр Монголын Онгниуд хошуунд төрсөн уугуул монгол үндэстэн. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө Хятадын Лиао Нин мужийн Чао Ян хотын Боловсролын Институтэд ажиллаж байжээ. Уугуул монгол иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалагчдын нэг, хүний эрхийн тэмцэгч Содмонгол нь нутаг усандаа нэр хүндтэй нэгэн бөгөөд Хятадын эрх зүйн хүрээнд уугуул монгол иргэдийн наад захын хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өвөр монголчуудын үг хэлэх, хэвлэл мэдээлэл, байгууллагуудын эрх чөлөөг хамгаалах үүднээс “Монгол Гэр Холбоолол” (www.mongolger.net) хэмээх ихээхэн нэр хүндтэй Интернэт форумыг нээн, хөтлөн явуулдаг байсан боловч эрх баригчид нэр хүнд болон зарим ярилцлагын сэдвүүд нь эмзэг асуудлуудыг хөндөж байсан тул хэд хэдэн удаа хаасан.
2009 оны 6 сарын 13-нд Содмонголыг хятадын эрх баригчид Монгол Гэр Холбоололын Интернэт форум дээр эмзэг сэдвүүдийг гаргаж байсан тул байцаасан байна. Өнгөрсөн онд Хятадын Үндэсний Баяраар энэ сайт албан ёсоор хаагдсан. Одоогоор энэ сайт хаалттай хэвээр байна. Содмонгол нь мөн монголчуудын бас нэгэн түгээмэл ордог байсан Монголчуудын Чат өрөөг хөтлөн явуулагч байсан бөгөөд мөн л өнгөрсөн оны Хятадын Үндэсний Баяраар хаагдсан байна. Уугуул монгол сэхээтнүүд болон оюутнуудын орох дуртай газрын нэг байсан дээрх Интернэт талбарууд нь монголчуудын өөрсдийн соёл заншил, хэл яриа, үндэсний онцлогоо хадгалан үлдэх, хамгаалах талаар хүчтэй дуу хоолойгоор өргөх газар болж байсан юм.
Содмонгол нь Монгол Гэр Холбоолол, Монголчуудын Чат өрөөны бусад гишүүдийн хамтаар Засгийн газар, тэдгээрийн агентлаг, томоохон компаниудын үргэлж уландаа гишгэж байдаг уугуул монгол иргэдэд хуулиар олгогдсон эрхийн талаар монголчуудад ухуулан таниулах журмаар хэд хэдэн уулзалт, сургалт семинар, үнэ төлбөргүй бусад арга хэмжээнүүдийг зохиож байсан байна. Тэдний нэг нь 2009 оны 5 сард тэмдэглэсэн Өвөр Монголын Өөртөө засан товхинох эрх олгосоны ойн өдрөөр Өвөр Монголын томоохон хотуудад “Өвөр Монголын Өөртөө Засах Орны монгол хэл үсүг бйчйгййн” сэдэвт монгол хэлний боловсрол болон түүнийг хэрэглэхийг сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулсан байна. Нийт нутгуудаар 20,000 орчим материал тараагдаж, Өөртөө засах эрхтэй тус бүс нутгийн өнцөг булан бүрт өдөр тутмын амьдралдаа монгол хэлийг хэрэглэх хуулийн эрхээ хамгаалж, эдлэхийг уриалсан байна.
Содмонголын тэмцлийн сүүлийн хэдэн жилийн гол ажиллагаа нь Хятадын эрх баригчдын “экологийн цагаачид”, “хотжуулах” бодлогуудын үр дүнд сургууль завсардсан монгол хүүхдүүдийг дэмжих байлаа. “Экологийн цагаачид”, “хотжуулах” бодлогуудыг хэрэгжүүлэхийн тулд Хятадын Засгийн газар хөдөөний монгол сум, хошууны хэдэн зуун хүүхдүүдийг сургуулиас гаргаснаар зарим газарт сургууль завсардалт 40 хүртэл хувь болсон байна. Содмонгол хандив цуглуулах болон бусад үйл ажиллагаагаар мөнгө босгож, зуу зуун монгол хүүхдүүдийг хошуу нутгуудад цөөхөн үлдсэн монгол сургуулиудад суралцах боломжоор хангаж өгчээ.
2006 оноос хойш Содмонгол хэд хэдэн удаа Өвөр Монголын тулгамдсан асуудлуудын талаар виртуал уулзалтууд, онлайн конференц, Интернэт хэлэлцүүлэг зохион явуулжээ. Түүний дотор жил бүрийн 4 сарын 16-нд Чингис Хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг байна. Хятадын эрх баригчид монголчуудыг Чингис Хааны төрсөн өдрийг тэмдэглэхийг хориглосон байсан юм. Жил бүрийн энэ өдөр монгол оюутнуудын үйл ажиллагааг хянаж, олноор нэг дор цугларахыг хориглодог байна. Эрх баригчдын хатуу хяналтаас мултрахын тулд Содмонгол нь Чингис Хааны төрсөн өдрийг Монголчуудын Чат өрөөгөөр тэмдэглэх санаачлага гаргаж байжээ.
Содмонгол нь чадварлаг, туршлагатай вэб администраторын хувьд монгол хэрэглэгч нарт Интернэт болон монгол хэлний софтвэйрүүдийг хэрхэн хэрэглэх талаар онлайн үнэгүй сургалт явуулж байсан байна. Тэрбээр монгол Интернэт хэрэглэгчдийг Интернэтээр харилцах, үнэн зөв мэдээлэл авахдаа монгол хэлийг ашиглахыг уриалдаг байна. Олон Интернэт хэрэглэгчид Монгол Гэр Холбоолол болон Монголчуудын Чат өрөөгөөр дамжуулан олон монголчууд гадаадад дүрвэн гарсан өвөр монголчуудын талаарх мэдээлэл болон тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэл авдаг байсан байна. Хятадын эрх баригчид мэдээлэл солилцох талбар болсон дээрх сайтуудыг өнгөрсөн оны 10 сард бүрмөсөн хаасан байна.
Содмонголын дээр дурдсан бүх үйл ажиллагаа нь Хятадын Үндсэн хууль болон Хятадын Бүс нутгийн уугуул автономит эрхэт бүс нутгийн хуулинд хамгаалагдахаар заагдсан байдаг байна. Хятад улс нь НҮБ-ын Уугуул иргэдийн эрхийн тунхаглалд нэгдсэн улс тул монгол иргэдийн эдгээр эрхүүд нь Хятадын Засгийн газраар хамгаалагдах ёстой. Содмонгол болон НҮБ-ын Уугуул Иргэдийн Асуудлаарх Байнгын Форумд оролцох байсан бусад иргэдийг барьж хорьсоноор Хятад улс нь өөрийн хууль дүрмийг зөрчөөд зогсохгүй Хятад улсын нэгдэн орсон НҮБ-ын Уугуул иргэдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүдүүлгээр зөрчиж буй явдал болж байна.